Х.МОНГОЛХАТАН
Монголын хэвлэл мэдээллийн салбарын ууган байгууллага, үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин 32 дахь жилдээ уншигч захиалагчиддаа хүрч байна.
Бид сүүлийн гурван жил нийтлэлийн бодлогодоо өөрчлөлт оруулж олон шинэ булан санаачлан хэрэгжүүлж ирлээ. Тэр дундаа эрт дээр үеэс эдүгээ хүртэл өвлөгдөн ирсэн монгол өв соёл, ёс заншил, зөвхөн монголчуудын өвлөн уламжилж ирсэн уртын дуугаа сэргээн сануулах зорилгоор бид 2020 онд “Өв соёл” булангаа эхлүүлсэн юм.
Монгол ардын уртын дууны гарал үүсэл, нутаг нутгийн онцлог ялгааг судлаачид болон архивын баримт бичгээс баримтжуулан дэлгэж, өвлөн уламжилж ирсэн дуучидтай ярилцсан. Уртын дуу төдийгүй монголчуудын бий биелгээ, туульс, ардын аман зохиол, бүжиг наадам, тоглоом наадгай, эд эдлэл, мал аж ахуй, нүүдэл, шашин шүтлэг, ахуй амьдралын дундаршгүй өв соёлуудаас дээжлэн хүргэсээр өнгөрсөн гурван жилийн хугацаанд 150 гаруй ярилцлага, сурвалжлага, нийтлэл уншигчиддаа хүргээд байна.
Өв соёл, эх хэлтэйгээ байхад үндэстэн оршин тогтнодог. Баялаг сайхан уламжлалттай монголчууд бид өөрсдийн хэл бичгийн соёлоо ч орчин цагт орхигдуулж болохгүй юм. Тиймээс өнөөдөр дунд сургуулийн VI-IX ангийн сургалтын хөтөлбөрт монгол бичгийн хичээл ордог болсон. Төрсний гэрчилгээ, боловсролын диплом дээр кирилл, монгол бичгээр зэрэгцүүлэн бичиж хэвшсэн. Ном, сурах бичиг зохиох, хөрвүүлэх, түүх, соёлын бүтээлийг нийтийн хүртээл болгож байгаа гээд олон эерэг өөрчлөлт ажил хэрэг болж хэрэгжжээ.
Гэвч зөвхөн эерэг өөрчлөлт гарч байгаа нь хангалттай бус. Нөгөө талаасаа монгол бичгээр төрийн албан хэрэг хөтлөх хүртэлх том зорилгыг хэрэгжүүлэх хугацааг 2015 онд УИХ-аар батлагдсан Монгол хэлний тухай хуульд 2025 оны нэгдүгээр сар гэж зааж өгсөн. Тиймээс Засгийн газраас монгол бичигтэй холбоотой төрийн бодлогыг тодорхойлсон гурав дахь том бичиг баримтыг баталсан. Энэ бол Засгийн газрын 2020 оны гуравдугаар сарын 18-ны 96 дугаар тогтоолоор батлагдсан 2020-2024 он хүртэл хэрэгжих “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III” юм.
2025 оноос төрийн албан хэргийг кирилл болон монгол бичгээр хөтлөн явуулах, цаашид бүх нийтээр монгол бичигт шилжихэд монгол бичгийн сургалт, судалгаа, хэрэглээний орчныг бүрдүүлж, бэлтгэлийг бүрэн хангах зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хэрэглээний орчныг бүрдүүлэхэд хэвлэл мэдээллийн салбар чухал үүрэгтэйг заасан байна.
“Зууны мэдээ” сонин монгол бичгийн хөтөлбөрүүдийн үр дүн, 2025 оны нэгдүгээр сараас эхлэн төрийн албан хэргийг хос бичгээр явуулах бэлтгэл ажилтай холбоотой асуудал хөндсөн цуврал нийтлэлийг уншигчиддаа хүргэсэн. Гэвч асуудлыг хөндөн олон нийтэд хүргэхээс гадна хариуцлагатай хэвлэл мэдээллийн хэрэгслийн хувьд монгол бичгийн хэрэглээг бий болгох чиглэлээр санаачилга гарган 2020 оны есдүгээр сарын 1-нээс монгол бичгийн буланг өдөр бүр гаргаж эхэлснийг уншигчид маань мэдэж буй.
Эхэндээ дан ганц монгол бичгээр буулгасан Монгол Улсын Төрийн дуулал, Д.Нацагдоржийн “Монголын түүх” өгүүллийн төгсгөл шүлэг, “Миний нутаг” найраглал, ардын уран зохиолын дурсгал болох “Хос ёсны сургааль” зохиолыг уншигчиддаа толилуулсан.
Өдөр бүр сонинд гарч, уншигчдад хүрч байгаа монгол бичгийн булан нь монгол бичгээ сэргээх, шинээр сурах хүсэл эрмэлзэлтэй хүмүүсийн анхаарал, сонирхлыг татаж эхэлсэн. Улмаар сонины редакцид хандан монгол кирилл үсгээр хамтад нь бичиж өгөөч гэж хүсэлтүүд ирэх болсон юм. Тиймээс 2020 оны есдүгээр сарын 18-наас эхлэн “Зууны мэдээ” сонины монгол бичгийн буланд нийтлэгдэж байгаа шүлэг, зохиол, нийтлэлүүдийг хадмал хэлбэрээр буюу монгол бичиг болон кириллээр хамтад нь бичих болсон.
Энэ булан нь өнөөдрийг хүртэл уншигчдад хүрсээр байгаа бөгөөд монгол бичгийн хэрэглээний орчинг өдөр тутмын сонинд бий болгосон нэгэн жишээ туршлага болж чадлаа. Хос бичгээр явж байгаа зохиол бүтээлийг харьцуулан уншиж, өөрийгөө шалгаж сорьж, дууриан бичиж байгаа зарим уншигч монгол бичгийн хичээл явуулж өгөөч гэсэн хүсэлт хүртэл гаргаж байгаа билээ.
Өнгөрсөн гурван жилийн хугацаанд “Зууны мэдээ” сонины монгол бичгийн булангаар дамжин ардын уран зохиолын охь болсон бүтээлүүд-ардын дуу, сургаальт зохиолоос эхлээд Монголын уран зохиолын үе үеийн төлөөлөл болсон зохиолчдын шилдэг бүтээлүүд болон цагийн шалгуурыг давж үнэ цэнээ хадгалж үлдсэн нийтлэлүүд болон Монголын нууц товчоог уншигчдадаа хүргэжээ.
Ингэснээрээ “Зууны мэдээ” сонины тухайд “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III” дахь хэвлэл мэдээллийн салбартай холбоотой “монгол бичгээр уламжлан ирсэн түүх соёлын үнэт дурсгалуудыг хамгаалах, хэвлэн нийтлэх, олшруулах”, “утга зохиолын бүтээлийг монгол бичгээр хэвлэхийг дэмжих”, “Тогтмол хэвлэл мэдээллийн байгууллага сонин, нийтлэл, мэдээллийн агуулгын 30-аас доошгүй хувийг кирилл, монгол бичгээр зэрэгцүүлэн гаргах” гэсэн заалтыг хэрэгжүүлж ажилласан гэсэн үг.
Түүнчлэн зохиолчдын зохиол бүтээлийг монгол бичгээр буулган хэвлэн нийтлэх зөвшөөрлийг албан ёсоор авч байгаагаас гадна нэрт зохиолчдын өвийг хадгалах, хамгаалах, судлах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг сангуудтай ч энэ чиглэлээр хамтран ажиллалаа. “Зохиогчийн зөвшөөрлөөр буулгав” гэх буюу “Өд” сангийн эсвэл “Явуухулан” сангийн зөвшөөрлөөр буулгав гэдгээ байнга тодорхой бичиж байгаа нь “Оюуны өмчийг хамгаалах, энэ талаарх хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ёстой гэдгийг олон нийтэд ойлгуулахад бодит жишээ, сурталчилгаа болж байна” гэдгийг Хэл бичгийн ухааны доктор /PhD/ Д.Ганболд онцлон үнэлж байсан.
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт сэтгүүлч Х.Цэвлээгийн “Ээж бидэн хоёр” нийтлэл гадаадын хэд хэдэн хэлээр орчуулагдан гарч байгаагийн дотор хятад хэл багтаж байгаа. Энэ ажлыг хариуцаж байгаа сэтгүүлч Б.Өвгөнхүү “Өвөрмонгол орчуулагч энэ бүтээлийг хятад хэлээр орчуулахдаа “Зууны мэдээ” сонинд нийтлэгдсэн монгол бичгээр буулгасан эхийг гол болгон баримталж байгаа” гэж тэмдэглэсэн.
Монголын яруу найраг, уран зохиол, шилдэг нийтлэлийг монгол бичгээр буулгах нь зөвхөн үндэсний бичгээ сэргээн хэрэглэх, сурахтай холбоотой гэж явцуурч болохгүй гэдгийн нэг жишээ энэ. Өөрөөр хэлбэл, монгол бичгээр буулгасан бүтээлүүд нь хятад хэлээр орчуулагдан гарах эх сурвалж, материал болж байна. Яг үүнтэй адил буриад-монголоор буулгасан бүтээлүүд ОХУ-ын Буриадаар дамжин орос хэл рүү хөрвөн гарах боломж ч байж болох юм.
“Зууны мэдээ” сонин монгол бичгийн буланг гурван жилийн хугацаанд гаргахдаа хөрвүүлэх программ ашиглаагүй. Тодруулбал, монгол бичгээр буулгах ажлыг хариуцсан хоёр сэтгүүлч-редактор маань өөрсдөө буулган бичсэн гар бичмэлээ ашигладаг юм. Ингэснээр монгол бичгээр хэвлэн нийтлэхэд редактор хийх эхний ээлжийн боловсон хүчнээ бэлтгэхэд нэг алхам урагшилсан гэж хэлж болно.
Одоо мэдээний титрээ босоо монгол болон кирилл бичгээр хослуулан гаргадаг телевизүүд нэмэгдэж, өв соёл, уламжлалаараа нийтлэл нэвтрүүлэг хийж яваа хэвлэлүүд олширч байгаад баяртай байна. Бид хэвлэл мэдээллийн салбартаа босоо монгол бичиг, өв соёлоо дэлгэрүүлэхэд түүчээлэгч болж чадсанаа уншигч та бүхэндээ дуулгахад таатай байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 10. ДАВАА ГАРАГ. № 71 (7056)