Баатарын НЯМСҮРЭН

Оч үсэргэж, төмөр хангинуулсан ч ажилдаа шамдах  гагнуурчин. Салсан зүйлсийг холбож төмрөөр ямар нэгэн эд зүйл урлах нь тэдний ажлын нэгээхэн хэсэг. Нарийн мэдрэмж шаардах энэ л мэргэжлийг чамбай эзэмшсэн бүсгүй бол Э.Уужимсэтгэлт юм. Түүнийг “Зууны мэдээ” сонин “Хэвшмэл ойлголтоо өөрчилье” буландаа онцолж байна.

Э.Уужимсэтгэлт 2015 оноос гагнуурчин мэргэжлээр сурч эхэлжээ. Тэрбээр есдүгээр ангиа төгсөөд Монгол-Солонгосын хамтарсан мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд элсэн орсон байна. Ингээд  2.5 жилээр төгсөж мэргэжлийн гагнуурчин болсон байна. Суралцаж байх хугацаандаа мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн дунд зохиогддог ур чадварын  тэмцээнд оролцож хоёрдугаар байрт шалгарчээ. Мөн уул уурхайн тэргүүлэгч компани Оюутолгойн тэтгэлэгт шалгарч, нэг жилийн хугацаанд дадлага хийж ур чадвараа сайжруулсан нь түүнд их зүйл сургасан гэж ярьж байв.

Мөн зуны амралтаараа зуухны үйлдвэрт гагнуурчнаар ажилладаг байж. Сурсан мэдсэндээ, ажлын туршлагадаа урамшин Э.Уужимсэтгэлт 2018 онд Хятад улсын Ухань хотод зохиогдсон ур чадварын тэмцээнд гутгаар байр эзэлсэн нь дуртай зүйлдээ цаг зарцуулж, амжилт гаргаж буй хөдөлмөрч охины үлгэрлэл юм.

Харин 2019 оны хоёрдугаар сараас төгссөн сургуульдаа мэргэжлээрээ багшилж эхэлжээ. Тэрбээр багшаар гурван жил ажилласан юм. Дараа нь Чиглэл компанид  нерж гагнах ажил хийж байгаад өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас “Эрдэнэс Тавантолгой” ХХК-д ажилд оржээ.

Э.Уужимсэтгэлт амьдралынхаа дурсамжтай жилүүдийг 2017, 2018, 2019 он гэв. Мэргэжилдээ шамдсан, сурахын төлөө хичээсэн үеүд одоо ч үргэлжилнэ. Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд сураад төгсөхөд ихэвчлэн гагнуурын дөрөвдүгээр зэрэгтэй төгсдөг байна. Ажлын байран дээр гарсан бол тодорхой хугацааны дараа шалгалт өгч ур чадвараа баталгаажуулдаг. Шалгалтаа сайн өгвөл зэрэг ахих боломжтой. Үүнийг дагаад хариуцлага нэмэгдэнэ.

Тэрбээр гагнуурын ангийн анхны эмэгтэй сурагч байв. Тиймээс мэргэжлийг нь ойлгохгүй, хүйсэнд нь тохирохгүй гэх хандлага түүнд олонтаа ирдэг байж. Гэр бүлийнхэн нь хүртэл саяхнаас л түүний мэргэжлийг хүлээн зөвшөөрсөн аж. Ах эгч нар нь гагнуурчин болно гэхэд нь “Амар ажил биш, хүнд орчинд ажилладаг, эрүүл мэндийн хувьд эмэгтэй хүнд тохиромжгүй” хэмээн багагүй ятгаж байв. Мөн дунд сургуулийн багш нь, найз нөхөд нь гайхаж хүлээж авсан гэдэг. Э.Уужимсэтгэлт арван жилд байхдаа зураг зурдаг, бүжиглэдэг авьяаслаг охин байсан ч гагнуурчин мэргэжлийг эзэмших өөрийн хүсэл мөрөөдөлдөө үнэнчээр үлджээ.  

Гагнуур нь дотроо олон төрөлтэй. Харин Э.Уужимсэтгэлт аргон гагнуур, цахилгаан гагнуур, нерж гагнуур, хөнгөн цагааны гагнуураар мэргэшсэн юм. Эдгээр нь өөр өөр техник, аппарат ашигладаг. Тухайн гагнуурчин өөрийн гагнах төрлөө сонгоно. Тэрээр “Гагнуурчин мэргэжлийг сонгох гэж байгаа бол тууштай байдал чухал. Гагнаж буй зүйлээ чанартай гагнахыг хичээдэг.  Сайн сурч чадахгүйдээ уйлж суусан өдөр бий. Учир нь  өнгөт метал гагнахдаа  урсгаж цоолоод шантарсан. Гэхдээ туршлагатай гагнуурчид болохгүй байвал түр орхичих, хэсэг хугацааны дараа хийх хэрэгтэй гэж зөвлөсөн. Үнэхээр тодорхой хугацааны дараа хүн тайвширч, ажлаа яаж хийх арга ухаанаа олчихдог юм билээ” хэмээн ярьсан юм.

Нерж нь зөв техникээр гагнахаар гоё өнгөтэй болдог аж. Э.Уужимсэтгэлт интернэтээс бичлэг үзээд ингэж л гагнадаг болно хэмээн бодож байжээ. Тэрээр “Өдөр бүр шинэ зүйл сурч, түвшингээ ахиулахыг хичээнэ. Нэг дор том зүйл бодож мөрөөдөхгүйгээр бага багаар ахиад явах хэрэгтэй. Тодорхой хугацааны дараа их зүйлийг чаддаг болдог. Мэргэжлээрээ ажиллаж буй хүнд өдөр тутамд туршлага суудаг. Мөн ажилласан газар бүрийнхээ туршлагатай хүмүүсээс суралцах хэрэгтэй” гэдгийг онцолж байлаа.

Сууриа сайн тавьсан байхад хаана ч ажиллах боломжтой хэмээн ярьсан юм. Ажиллаж байгаа газартаа зохицож ажиллах нь түүний ажлын онцлог гэж ойлгож болно. Гадаа дотор, хүйтэн халуунд ажиллах учраас тэр. Аюулгүй байдал их чухал. Хамгийн анх тэрбээр цахилгаан гагнуурыг сурч байжээ. Дараа нь хагас автомат гагнуурыг сурсан гэдэг.

Гэхдээ мэргэжлээрээ сурч эхэлсэн эхний хоёр жил эргэлзэх үе байсан гэдгээ нуусангүй. Тэр үе бол сурч байгаа зорилгоо ойлгохгүй явсан цаг хугацаа гэж тэр тодотгоно лээ. Харин үйлдвэрийн дадлагаа IV цахилгаан станцад хийсэн байна. Сургалтын хэсэгт нь дадлагад гарахад ур чадвартай мэргэжилтнүүдтэй таарсан байна. Тэдгээр хүмүүсийн нөлөөлөл түүнийг мэргэжилдээ дурлах шалтгаан болсон гэнэ. Гагнуурчин болохоор төлөвлөж буй охид эмэгтэйчүүдэд хандаж хэлэхдээ “Мэргэжилд хүйс хамаарахгүй, хамгийн гол нь өөрөө тухайн мэргэжилдээ дуртай байх хэрэгтэй. Хүн дургүй зүйлээ хэзээ ч сурахгүй. Сурахын төлөө сэтгэл шулуудсан бол зорилгодоо үнэнч байгаарай.  Хэд ч шантарч болно. Хамгийн гол нь чадахгүй байгаа зүйлээ сурах гэж байгаагаа ойлгох хэрэгтэй гэв. Түүн рүү мэргэжлээ сонгох гэж буй охид холбогдож зөвөлгөө авдаг гэнэ. Тэд “Аль сургууль сайн бэ, гагнуурчин болоход юуг анхаарах хэрэгтэй вэ” гэж их асуудаг. Тэрээр “Аль ч сургуульд сурсан чамаас л шалтгаална” хэмээн охидын асуултанд чадахаараа зөвлөдөг байна.

Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс шагнал авсан тухайгаа дурсахдаа “Өмнөх өдөр  нь нэг дугаараас залгаад Ерөнхийлөгчийн тамгын газарт ирээрэй, шагнал гардуулна гэж хэлсэн. Тухайн үед гайхсан. Шагнал авахаасаа хэдхэн минутын өмнө л “Оны шилдэг залуу ажилтан” болж байгаа мэдсэн” гэв. Тэрбээр мэргэжилдээ хайртай. Тиймээс хэзээ ч өөр мэргэжил эзэмших тухай бодож байгаагүй гэсэн юм.

Ажлаа хийхдээ хамгийн түрүүнд нүдээ хайрлах хэрэгтэй. Нүүрний арьс эмзэгшиж, улайдаг учир амны маск хэрэглэж өөрийгөө хамгаалах нь чухал. Мөн халуун төмрөнд түлэгдэх эрсдэлтэй. Түүнээс сэргийлж, сонор сэрэмжтэй ажиллах шаардлагатай гэдгийг онцлов.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 7. БААСАН ГАРАГ. № 70 (7055)