154 дүгээр сургуулийн багш  Т.Шижиртуяа

 

Сургууль бүр сурагчийн чөлөөт цагийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөртэй байж түүнийгээ үр дүнтэй хэрэгжүүлснээр сурагчийн сэтгэл ханамж, сурлагын түвшин, эрүүл мэнд, хүмүүжил төлөвшилд эерэгээр нөлөөлөх боломжтой юм. Чөлөөт цагийн бодлого боловсролын байгууллагын менежментийн чухал асуудлуудын төвд байх зүй ёсны шаардлага, нийгмийн хэрэгцээ тулгараад байна.

Эцэг эх, асран хамгаалагчдын зүгээс өдөр бүр “Манай хүүхэд чөлөөт цагаа бараг 100 хувь цахим орчинд өнгөрөөж байна, тэд цахим төхөөрөмж, онлайн орчныг ашиглан хэт удаан тоглож, хэн нэгэнтэй чат бичин бүр шөнө унтаж амрахаа болилоо. Арай гэж хэрүүл маргаан хийж гар утсыг нь хурааж авахад телевизрийн өмнө суучих юм. Бас л цахим орчин...” гэж халаглах бөгөөд хэрхэх учраа үл олохоороо багшид хандах нь түгээмэл үзэгдэл болоод байна. Энэ бол зөвхөн гадаад үзэгдэл. Гэтэл чөлөөт цагаа цахим орчинд удаан өнгөрөөгч хүүхдүүд хичээл дээр ирээд анхаарлын төвлөрөл муу, хичээл тайлбарлах үед анхаарч ойлгохыг хичээх боловч төвлөрлийн хугацаа хэт богино буюу бусдыг сонсох тэвчээргүй, нойрмог төрхтэй, сэтгэл зүйн эрүүл мэндийн гэмтэлтэй, аз жаргалын мэдрэмж бага, өөртөө огт итгэлгүй, ганцаардмал, аливаа зүйлийг хэлж ярихдаа уурлаж, уцаар бухимдал их илэрхийлдэг, гутранги гэх зэргээр дотоод ертөнцөд нь асар их сөрөг өөрчлөлт явагдаж байгааг эцэг эх, асран хамгаалагчид төдийлөн анзаарч мэдрэхгүй байна. Тэр ч байтугай хүүхдээ цахимаас хэт их хамааралтай болж донтох хэмжээнд хүрснийг үл анзааран багаасаа гар утас, компьютертэй харьцах өгөгдөл сайн, хиймэл оюун ухааныг эзэмшигч болох учир өөрийн хүсэл сонирхолтой зүйлдээ хэнээр ч хэлүүлэхгүй цаг заваа зориулан зүтгэж байна хэмээн ташаа ойлгоод явж буй эцэг эхтэй цөөнгүй таарч байсан. Хүүхдээ цахим орчинд байгааг анзаардаг болохоос хэн нэгнийгээ санаатайгаар, давтамжтай гадуурхах, нэр хүндэд нь халдах, доромжилсон хараалын үгтэй мессеж илгээж буй таагүй үйлдлүүдийг та нэг бүрчлэн мэддэг үү, мэдэх боломжтой юу,  “Цахим донтолт”, ”Цахим дээрэлхэлт”, “Цахим гэмт хэрэг” гэх үгийг өдөр бүр сонссоор аль хэдийн бидэнд дасал болжээ. Бид одоо яах вэ? Ямар гарц гаргалгаа байж болох вэ. Миний бодлоор хамгийн их нөлөөлөх боломжтой, эерэг үр дүн авч ирэх газар бол сургууль, түүний зөв боловсруулсан бодлого мөн.

Амьдралын чанарт чөлөөт цаг нөлөөлдөг болохыг эрдэмтэд аль хэдийн баталсан. Чөлөөт цагийг бид аз жаргалын индекс, сайн сайхан байдлыг тодорхойлогч, хүмүүний зан төлвийн эерэг байдлыг тогтоогч, амьдралын тэнцвэрийг хадгалах арга ухаан гэж ойлгож болно. Хүн төрөлхтөнд чөлөөт цагийн ямар ямар хэлбэрүүд байдаг вэ. Канадын чөлөөт цаг судлаач А. Роберт “Өдөр тутмын чөлөөт цаг, онцгой чөлөөт цаг, төсөлд суурилсан чөлөөт цаг” гэсэн гурван төрлийг голлон өгүүлсэн байдаг бол Малайзын судлаач М.В. Мухамед “Идэвхтэй, идэвхгүй, нийгмийн, ажилтай хамаарал бүхий, мансууруулах бодис гэмт хэрэгтэй холбоо бүхий чөлөөт цаг”-ийн тухай судалсан байна. Оросын судлаач В.И. Корсунова “Идэвхтэй, идэвхгүй, энгийн, нийгмийн, зугаа цэнгэлийн, соёл урлагийн” гэх мэтээр төрөл болгон авч үзэхээс гадна чөлөөт цагийг үр бүтээлтэй болгох хүчин зүйлсийг тогтоосон байдаг. Монгол улсын ЕБС -ийн сурагчдын чөлөөт цагийн өнөөгийн байдлыг Б. Нацагдорж, П. Баасанжаргал нарын судлаачид судлан “Идэвхтэй, идэвхгүй, нийгмийн, соёл урлагийн, хичээлтэй хамаарал бүхий, сөрөг нөлөөлийн үйл ажиллагаа бүхий чөлөөт цаг” гэсэн зургаан бүлэг зүйлээр тодорхойлсон байдаг. Монгол хүүхдүүд чөлөөт цагийг амрах, зугаацах, гэр орноо цэвэрлэх, гэр бүлээрээ гадуур хооллох, тэр ч байтугай зүгээр суух боломж... гэх мэтээр ойлгодог байна.

Идэвхгүй хэлбэрийн чөлөөт цагийн үйл ажиллагааг идэвхтэй болгон хувиргахад сургалтын байгууллага хэрхэн нөлөөлөх вэ? Юуны өмнө идэвхтэй хэлбэрийн чөлөөт цагт бид юуг хамруулан ойлгож болох вэ?

1. Сурагчийн Хобби сонирхлын дагуу үйл ажиллагаа зохион байгуулах

2. Багийн спортоор хичээллэх (гар бөмбөг, хөл бөмбөг, хоккей, сагс)

3. Ганцаарчилсан спортоор хичээллэх (усанд сэлэх, буудлага, уран гимнастик,теннис, бокс,  бөх, дартс) Сургалт дугуйланд хамруулах

4. Худалдаа үйлчилгээний газруудаар үйлчлүүлэх (спортын уралдаан тэмцээн үзэх, музей үзэх, дугуй унах, дугуйт тэшүүрээр гулгах, энтертаймент төвүүдээр үйлчлүүлэх, цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалах)

5. Номын санд суух, номын санд нь багийн ажиллагааны танхим бий болгох

6. Амьтан тэжээх

7. Ууланд алхах

8. Иога, бясалгалд явах

9. Бүжгийн клубт хичээллэх

10. Сэтгэл зүйчтэй уулзах

11. Урлагийн наадам зохион байгуулах...гм ойлгож болно.

Чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхийн тулд ямар ямар бодлого барьж ажиллаж болох талаар өчүүхэн багш би бээр саналаа хэлбээс ийм болой. Үүнд:

• Сургуулиуд урт хугацааны бодлого, үр өгөөжтэй ажил төлөвлөж байгууллагын менежментийн нэг хэсэг болгох.

• Төсөлд суурилсан чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх ажил төлөвлөж,  хэрэгжүүлэх. Төсөлт болон нэрэмжит ажлуудын чансаа, үр дүнг ямагт тооцож ажиллах.

• Сурагчийн хоббиг хөгжүүлэх замаар чөлөөт цагийг өнгөрүүлэх бодлого боловсруулах. Хамгийн гол нь чөлөөт цагийн үйл ажиллагаа сурагчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн байх нь чухал юм.

• Чөлөөт цагт зориулж Бямба, Ням гарагт тасралтгүй ажил төлөвлөн багш нар, эцэг эхчүүд, зочдыг ээлж дараагаар татан оролцуулах. Эцэг эх асран хамгаалагчид хүүхдийнхээ чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөж буйд хяналт тавих, сургуулийн захиргаатай эргэх холбоотой зөвлөлдөн ажиллах

• Сүүлийн жилүүдэд залуусын чөлөөт цагаа өнгөрөөх газрууд нэмэгдэж байна. (Үндэсний соёл амралтын хүрээлэн, кино театрууд, боулинг клуб, теннис, сургуулиудын спорт заал, усан бассейн, фитнес клуб, интернэт тоглоомын төв, цанын бааз ). Чөлөөт цаг өнгөрүүлэх газруудын талаар дэлгэрэнгүй судалгаа хийж, хамтарч ажиллах гэрээ хийх

• Сурагчдын чөлөөт цагийн өгөөжийг хувь хүн, байгууллага, нийгмийн түвшинд зөв үнэлэх үнэлгээний шалгуур боловсруулж хэрэгжүүлэх, үр дүнг тооцож хувь хүний хөгжилд чиглэсэн үйл ажиллагаа явуулах.

• Сурагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх ажил төлөвлөн хэрэгжүүлснээр мансууруулах эм бэлдмэл хэрэглэх, тамхи татах, элдэв хэрэг зөрчилд орооцолдох эрсдэлийг бууруулах боломж байдгийг тооцоолон эрүүл мэндийг хамгаалахад чиглэгдсэн оновчтой ажлуудыг төлөвлөх, хийх

Хиймэл оюун ухааны хөгжил, дижитал шилжилтийн нөлөөлөл, аж үйлдвэрийн IY хувьсгал, “Ковид-19” цар тахлын нөлөөгөөр өнөөгийн дэлхий ертөнцийн амьдрал маш хурдтай өөрчлөгдөж, хувьсаж байна. Үүнийг дагаад чөлөөт цаг, түүнийг зөв боловсон өнгөрүүлэх үйл ажиллагаа хувь хүний хөгжлийн нэгээхэн хэсэг болж, бие хүнийг эрин зуунтайгаа хөл нийлүүлэн алхах эсэхийг шийдвэрлэх болоод байгаа энэ цаг дор боловсролын салбарт олон жил зүтгэж, энэ биеэ зориулж яваа хүний хувьд өчүүхэн саналаа оруулахад ийм байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 5. ЛХАГВА ГАРАГ. № 68 (7053)