С.УЯНГА

 

Уур амьсгалын өөрчлөлт дэлхий нийтийн тулгамдсан асуудал болж, сөрөг нөлөөлөл салбар бүрт “нэвчсээр” байна. Уур амьсгалын өөрчлөлтөөс хамаарч цаг агаар эрс дулаарч, мөнх цас, мөсөн голууд хайлж, далай тэнгисийн усны түвшин нэмэгдэн, байгалийн гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдсээр байна. Тэр дундаа хүний буруутай үйл ажиллагаанаас агаар дахь хүлэмжийн хийн агууламж эрс нэмэгдэж, дэлхийн гадаргын агаарын температур сүүлийн 200 жил буюу 1850-иад оны дундажтай харьцуулахад 1.1 хэмээр нэмэгджээ.Манай орны жилийн дундаж агаарын температур ойролцоогоор сүүлийн 80 жилд 2.25°C-ээр дулаарав. Сүүлийн 30 жилд агаарын дундаж температурын өсөлт эрчимжсээр хамгийн дулаан жил 2007 онд тохиожээ. Харин 2019 оны агаарын дундаж температур 1.2°C байсан нь 1940 оноос хойш ажиглагдсан тав дахь дулаан жил байна гэсэн баримтыг судлаачид танилцууллаа. Монгол Улс нь газарзүйн байршил, уур амьсгалын нөхцөл, эдийн засгийн салбаруудын бүтэц, хүн амын амьдралын хэв маяг зэргээс шалтгаалж уур амьсгалын өөрчлөлтөд нэн эмзэг орнуудын нэгд зүй ёсоор ордог. Тэгвэл уур амьсгалын өөрчлөлт эрүүл мэндийн салбарт хэрхэн нөлөөлж байгаа, энэ хямралтай тэмцэхэд дасан зохицох асуудлыг салбарын мэргэжилтнүүд ярилцлаа.

Уур амьсгалын өөрчлөлтийн үр дагавар нь хүний эрүүл мэндэд шууд болон шууд бусаар нөлөөлдөг. Шууд нөлөөлөлд цаг уурын гэнэтийн үзэгдлүүд буюу шуурга, үер, ган гачиг, хар салхи ихэссэнээс хүний амь нас хохирох, шууд бус нөлөөлөлд хүнсний хангамж хүрэлцээ багасах, хүнсний аюулгүй байдал алдагдсанаас хоол тэжээлийн дутагдалд өртөх, шавьжаар дамждаг халдварт өвчнүүд нэмэгдэх, үер усны аюулын улмаас ундны усны эх үүсвэр нян, вирус, шимэгчээр бохирдож урвах тахал,  халдварт шар, суулгалт халдвар хүн амын дунд тархах зэргээр иргэдийн эрүүл мэнд, эдийн засагт нөлөөлж байна гэсэн судалгааны тайланг танилцуулав. Үүнтэй холбоотойгоор уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан эрүүл мэндэд учирч буй шууд хохирлын зардал 2030 он гэхэд жилд 2-4 тэрбум ам.доллар байх төлөвтэй байгааг экспертүүд хөндөж Монгол Улсад төдийгүй дэлхий нийтэд уур амьсгалын өөрчлөлт, түүнтэй холбоотой тулгарч буй асуудалд анхаарал хандуулж, харилцан туршлага солилцох, цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар нэгдсэн ойлголттой болох нь чухал ач холбогдолтойг онцоллоо.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 5. ЛХАГВА ГАРАГ. № 68 (7053)