Баярмэндийн ДОЛЖИНЖАВ

Бүх салбар, ер нь бүх зүйлд мэдлэг, мэдээлэл чухал. “Улс орноо хөгжүүлье гэвэл иргэдээ боловсролтой болгох ёстой. Хавдраар өвчлөхгүй байхын тулд эрүүл хооллолт, урьдчилсан сэргийлэлтийн талаар мэдлэгтэй байх хэрэгтэй. Өөрийн эрх ашгийг хамгаалахын тулд батлагдсан хууль, түүнд оруулсан өөрчлөлтийг судлах ёстой” гэдэг. Хэрэв иргэн ямар нэгэн байдлаар мэдлэг, мэдээллээс хоцорч, үүнээсээ үүдэн хохирсон бол  өөрийнх нь буруу. Яг л ийм тогтолцоо манай улсад үйлчилдэг. Ингэснээр жирийн иргэд хохирч, мэдлэг, боловсрол өндөртэй хэмээн “хашгирдаг” төрийн албан тушаалтнууд, эрх баригчид хожсоор ирсэн нь хэний ч нүдэнд ил үнэн. Хэрэв уншигч та санаж буй бол Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан нэр бүхий УИХ-ын гишүүн “мэдээлэлтэй нь хождог” гэсэн утга бүхий зүйл хэвлэлд ярьж байсан удаатай. Тэгвэл мэдлэггүйгээс болж олон нийт хохирч, “дээдэс” хөлждөг бас нэгэн салбар нь нийгмийн халамжийн тогтолцоо байж болзошгүй талаарх асуудлыг бид энэ удаа хөндлөө.

Тэтгэврийн насандаа хүрсэн ч ажилласан жил нь гүйцээгүй тохиолдолд ахмад настнууд сар бүр халамжийн 288 мянган төгрөг авдаг талаарх зохицуулалт  11 жилийн өмнө батлагдсан Нийгмийн халамжийн тухай хуульд бий. Гэхдээ яг ийм хууль байдаг талаар ахмад настан мэддэггүй эсвэл ойр дотны хэн нэгэн нь хэлээгүй л бол дээрх халамжийн мөнгөө авч чаддаггүй. Уг нь харьяа сум, хорооны ажилтан нь энэ талаар мэдээлж, тэтгэврийн насандаа хүрсэн даруйд нь халамжийн  мөнгөө цаг тухайд нь авахад нь туслах үндсэн чиг үүрэгтэй. Гэтэл манай улсад эсрэгээрээ. Халамж авах ёстой гэдгээ тухайн ахмад настан мэдэхгүй л байвал сайн. Харин мэдээд хүсэлтээ өгвөл л халамжийг нь олгоно. Бодит байдал дээр мэдэхээсээ мэдэхгүй нь их тул олон мянган иргэн хохирч яваа юм. Тиймээс бид энэ талаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Б.Мандхайгаас тодруулсан юм. Тэрбээр  “Тэтгэврийн насандаа хүрсэн ч  ажилласан жил нь гүйцээгүй бол нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр олгоно. Өөр онцгой ямар нэгэн шалгуур байхгүй. Энэ шаардлагыг хангасан иргэд ehalamj.mn-ээр цахимаар хүсэлтээ гаргах боломжтой. Мөн өөрийн харьяа сум, хорооны халамжийн мэргэжилтэнд хандан хүсэлтээ гаргах боломжтой” гэсэн хариу өгөв. Яагаад энэ талаар иргэдэд хүртээмжтэй сайн мэдээлэл өгөөгүй юм бэ гэж асуувал “Дээрх хууль эрх зүйн зохицуулалтад ямар нэгэн өөрчлөлт ороогүй” гэснээс өөр тайлбар өгсөнгүй. Тодруулбал, хуулиа иргэн өөрөө судалж мэдээд хүсэлтээ гаргаж л халамжийн мөнгөө аваагүй бол өөрийнх нь л буруу болж таарах нь. Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны салбар хороо болон аймаг, нийслэлийн хорооны дүрэм батлах тухай тогтоолыг 2022 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр баталсан байдаг. Энэ тогтоолын салбар хорооны чиг үүрэг бүлгийн 3.1.1-т салбарын бодлого, хууль тогтоомжийг боловсронгуй болгох санал гаргах, хууль тогтоомжийг сурталчлах, түүнийг хэрэгжүүлэхээр зөвлөлдөх хэмээн заажээ. Эндээс хуулийг сурталчлах нь хэний үүрэг болох нь тодорхой харагдаж байгаа болов уу.

Хэдэн ахмад настан дээр дурдсан халамжийн тэтгэврийг авах ёстой, тэдгээрээс хэд нь авч байгаа талаар тоон мэдээлэл авахаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт хандсан боловч ямар нэгэн албан ёсны тайлбар өгсөнгүй. Ийн бид ахмад настнуудын байр суурийг хүргэж байна.

 

Баянзүрх дүүргийн 29 дүгээр хорооны иргэн Содномдоржийн Тамара: Хорооноос халамжтай холбоотой мэдээлэл өгдөггүй

-Би  “Сот-2” барилгын компанид цахилгааны техникчээр ажиллаж байгаад 55 настайдаа тэтгэвэрт гараад 16 жил болж байна. Тэтгэврийн насандаа хүрсэн ч ажилласан жил нь гүйцээгүй болохоор нөхөн олговор гэж 288 мянган төгрөг авдаг хэдэн танил бий. Тэд  бүгд найз нөхөд, танилуудаасаа мэдээлэл аваад халамжийн мөнгөө авах хүсэлтээ өгч байсан. Хорооноос нь ямар ч мэдээлэл өгдөггүй юм билээ. Зарим байгууллага ажилласан жилийг нь бөглөөгүй буюу нийгмийн даатгалыг нь төлөөгүйгээс болоод хүмүүс хохирч, халамжийн мөнгөөр амь зууж байна. Тиймээс Нийгмийн даатгалын ерөнхий газар байгууллагуудад шалгалт хийж нийгмийн даатгалыг  тухай бүрт төлдөг байхад анхаарах хэрэгтэй. Ийм тогтолцоо үгүйгээс олон хүн, улс ч хохирч байна.

 

Дорнод аймгийн ахмад настан Балдангийн Ганбаатар: Ахмадуудад халамжийн тэтгэвэр өгдөг талаар мэдэхгүй

-Театрт бүжигчнээр ажилладаг нарийн мэргэжлийн урлагийн хүн байсан болохоор 36 насандаа тэтгэвэрт гарсан. Хуулинд заасны дагуу нөхөн олговор авсан.Тэтгэврийн насандаа хүрсэн ч ажилласан жил нь хүрээгүй бол халамжийн мөнгө авдаг талаар саяхан сонссон. Яаж зохицуулдаг талаар мэдээлэл авч байгаагүй. Хорооноос ямар ч мэдээлэл өгдөггүй.Ихэнх нь найз нөхөд, хэвлэлээс мэдээлэл авдаг.

 

Хан-Уул дүүргийн ахмад настан Бэх-Очирын Бавуу: Халамжийн мөнгө амьдралд хүрэлцдэггүй

-Би 77 настай.Улсад 27 ажиллаад олон хүүхэдтэй болохоор 40 гараад тэтгэвэртээ гарсан. Анх 180 мянгаар тэтгэврээ тогтоолгож байсан. Үүнээс хойш олон жил 300 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаад саяхан 500 мянга болсон. Миний үед зарим нь олон хүүхэдтэй учир 30 гараад тэтгэвэрт гарч байсан. Ажилласан жил нь гүйцээгүй ахмадуудад халамжийн мөнгө өгдөг талаар сайн мэддэггүй. Эргэн тойронд халамжийн мөнгө авдаг юу ч хүрэхгүй байна гэж ярьж байсан ахмад настан бий. Тэтгэвэр хаана ч хүрэхгүй. Улсын өр хуримтлагдсан гэхээр нь тэтгэврээ нэмүүлэх гэж шаардахаа больё нэг гэж бодно. Зарим нь олон саяар нь хувьдаа завшаад байхад яагаад тэтгэвэр нэмж болохгүй гэж хааяа бодно. Гэхдээ тэтгэвэр нэмэгдсэн ч хүнсний бүтээгдэхүүн, барааны үнэ нь дагаад өсөхөөр  үр дүнг нь бид хүртэхгүй.

 

Нийгмийн халамжийн тухай хуулийн гуравдугаар бүлгийн 12 дугаар зүйлийн нэгт  “Нийгмийн халамжийн тэтгэврийг нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасны дагуу бүрэн болон хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэвэр авах эрх үүсээгүй дараах иргэнд сар бүр олгоно” гэж заажээ. Үүнд эрэгтэй 60, эмэгтэй 55 болон түүнээс дээш настай иргэн, 16 насанд хүрсэн одой иргэн, хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан 16 насанд хүрсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэн, тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхэд, 18 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй, өрх толгойлсон 45 насанд хүрсэн эх, 50 насанд хүрсэн эцэг гэсэн нийгмийн бүлэг багтжээ.

Дан ганц ахмад настнууд  ч биш дээр дурдсан өрх толгойлсон эцэг эх, хөдөлмөрийн чадвараа алдсан иргэд хуулиа сайн мэдэхгүйгээс халамжаа авч чадахгүйд хүрч хохирч байгаа тохиолдол хэр олон бол. Мөн 288 мянган төгрөг амьдралд хэр хүрэлцээтэй мөнгөн дүн бэ гээд бодож үзвэл хагас сарын хэрэгцээг ч хангаж хүрэхгүй. Учир нь Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр өрхийн дундаж зарлага нэг сарын 1.8 сая, үүнээс хүнсний зарлага нь 360 орчим мянган төгрөг байгаа юм. Энэ талаар Монголын ахмадын холбооны дэд ерөнхийлөгч П.Бямбацэрэн “Халамжийн тэтгэврийн 288 мянгыг тогтоохдоо тухайн ахмад настны ам бүлийг нь тооцдоггүй учир хэрэгцээг нь бүрэн дүүрэн хангаж чаддаггүй. Татвар төлөгчдийн мөнгийг хэрэгтэй хүнд нь зөв хуваарилж, амьдралд хүрэлцэх тэтгэвэр, халамж тогтоох хэрэгтэй” гэв. Дээрх статистикаас харвал халамжийн мөнгө хүртээмжтэй бус, ингэхдээ амьжиргааны түвшинтэй харьцуулан тогтоогоогүй, амьдралын наад захын хэрэгцээг хангаагүй гээд өөрчлөх олон зүйл байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 5. ЛХАГВА ГАРАГ. № 68 (7053)