Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА
Оюутан залуусын хувьд хаврын улирал хамгийн чухал. Учир нь төгсөлт болон ЭЕШ хаяанд ирдэг үе. Энэ цагт хүүхдүүд хичээлдээ илүү шамдаж, номын сангаар үйлчлүүлэх нь элбэг. Юунд ч сатаарахгүй хичээлээ давтаж, номын ертөнцөөр аялах тухтай газар нь номын сан билээ. Тэгвэл оюутнууд ихэвчлэн хичээл тарсны дараа буюу оройн цагаар суух хүсэлтэй байдаг ч номын сангууд нь хамгийн оройдоо 20:00 цагт хаалгаа барьдаг. Тэгвэл БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй номын сангуудыг 24 цагаар ажиллуулна гэж мэдээлсэн. Энэ шийдвэрийн дагуу олон улсын шөнийн номын сангийн онцлог болоод төвийн номын сангуудын тухай мэдээллийг хүргэе.
Хятадын номын сангууд гурван ээлжээр ажилладаг
Их хөлийн газар болох Бээжин хотын оюутнуудын номын сангаар үйлчлүүлэх оргил цаг нь 21:00 ажээ. Учир нь ихэнх номын сан нь 24 цагаар буюу гурван ээлжээр ажилладаг юм байна. Тиймээс хүүхдүүд хичээлээ тарсны дараа гэртээ харьж, амарчихаад оройн цагаар номын сангаа зорьдог ажээ. Хятадын боловсролын салбарын мэргэжилтнүүд 2019 онд нэгэн судалгааг явуулжээ.
Энэ нь гэртээ болон номын санд хичээлээ давтдаг оюутнуудын чадамжийг зургаан сарын хугацаанд судалсан аж. Гэтэл гэрээр хичээлээ хийдэг оюутнуудын мэдлэг 38 хувь харин тогтмол номын сангаар үйлчлүүлдэг оюутнууд 62 хувийн мэдлэг өндөртэй гэсэн үр дүн гарчээ. Энэ цагаас Хятадын томоохон мужуудад номын сан огцом нэмэгдсэн бөгөөд зөвхөн оюутны үнэмлэхээр бус хувиараа буюу мөнгөө төлөөд очиж суудаг, тав тухыг эрхэмлэсэн хувийн номын сангууд ч үйл ажиллагаа явуулах болсон байна. Номын сан бол чимээгүй орчин. Тэгвэл Шанхайн үндэсний төв номын сан нэгэн туршилтыг амжилттай хийжээ. Энэ нь үйлчлүүлэгчийн дууны өндрийг хэмжих. Уншигч чанга дуугаар ярихад ширээн доорх дохиолол дуугаа намсгахыг анхууруулж, дохио өгдөг юм байна. Ингэснээр хүүхдүүд хоорондоо чанга дуугаар ярьж, хэн нэгэнд саад болох нь багассан ажээ. Үүнтэй адилхан Солонгосын номын сангууд ч цагийн уян хатан сонголттой байдаг аж. Зарим нь 24 цаг байдаг бол өдрөөр болон шөнөөр хагас ажилладаг нь ч байдаг гэнэ.
Япончууд номын сангаа төрөлжүүлдэг
Япон улсын хувьд дэлхийд боловсролын чанараараа тэргүүлж буй улсын нэг юм. Мөн хүүхдийн суурь хүмүүжлийг боловсролын түвшинтэй эн тэнцүү авч үздэг ажээ. Тиймээс ч багаас нь зөв төлөвшүүлж, сайн дадлыг суулгахыг зорьдог юм байна. Үүний нэг гол ажил нь номын сангийн соёл. Япон хүүхдүүд дунд ангиасаа номын санд сууж эхэлдэг. Харин ахлах ангид ороход сургууль нь заавал номын сангийн карт нь уншсан номын тэмдэглэлээр дүүрсэн байх ёстой гэсэн шаардлага тавьдаг аж. Ийнхүү багаасаа ном уншиж, номын сангаар соёлтой үйлчлүүлээд сурсан хүүхэд оюутан болоод л энэ төлөвшлөө гээдэггүй гэнэ. Токио хотыг тойроод дүүрэг бүр өөр өөрийн онцлогийг шингээсэн номын сантай байдаг аж. Тухайлбал, нэг дүүрэгт нь зөвхөн танин мэдэхүй, сансар огторгуйн тухай ном, мэдээллээр дүүрэн номын сан байхад нөгөө дүүрэгт нь зөвхөн бага насны хүүхдэд зориулсан байх жишээтэй. Токиод сурч буй монгол оюутан М.Саранзаяа “Би Токиод багшийн мэргэжлээр сурахаар ирээд хоёр жил болж байна. Монголдоо МУБИС төгссөн. Хэдийгээр эх орондоо байхдаа номын сангаар үйлчлүүлдэг байсан ч давтамж нь цөөхөн байсан. Энд бол номын сангаар долоо хоногт гурван удаа тогтмол үйлчлүүлж байна. Зарим номын сангууд нь зөвхөн шөнийн цагаар ажиллах нь бий. Миний суудаг нь орой 20:30-д онгойж, өглөө 09:00 цагт хаалгаа барьдаг. Энэхүү цагийн хуваарь нь надад их тохиромжтой байгаа. Учир нь би өглөө хичээлдээ яваад өдөр тараад тогтмол хоёр цаг цагийн ажил хийдэг. Тэгэхээр хичээлээ тараад хэсэг хугацаанд гэртээ амарч байгаад номын сан руугаа явахад яг онгойж таардаг” гэсэн юм. Үүнээс харахад 24 цагийн буюу шөнийн номын сан олон улсад хүлээн зөвшөөрөгдөж, содон зүйл байхаа больжээ. Харин ч оюутнууд шөнийн цагаар хичээлдээ төвлөрөх нь илүү байдаг гэсэн олон улсын судалгаа ч байдаг юм байна.
Жишиг номын сантай МУИС
Манай улсын хувьд ч шөнийн номын сантай. МУИС-ийн номын сан 24 цагаар үйлчилдэг билээ. Тус номын сангийн хувьд хонож хичээлээ давтах оюутнуудыг 21:00 цагаас өмнө ирэх шаардлага тавьдаг ажээ. Харин хонохгүй оюутнууд энэ цагаас өмнө ширээгээ суллаж өгөх журамтай гэнэ. Ийнхүү хаалгаа барьсны дараа оюутнууд номын сангаас гарч, орох боломжгүй гэнэ. Номын сангийн үйл ажиллагааны тухай ахлах мэргэжилтэн Ж.Эрдэнэням “Бид анх шөнө ажиллах тогтоомж гараагүй байхад 20:30 минутад номын сангаа хаадаг байсан. Энэ хугацаанд оюутан бүхэн үйлчлүүлэх боломжгүй. Харин шөнийн номын сан ажилладаг болсноор хүүхэд бүрт хүрч үйлчлэхэд дөхөм болсон. Өдөр номын сандаа сууж чадаагүй оюутан орой нь ирээд мэдлэгээ дээшлүүлэх боломж нээгдсэн. Одоогоор 70 оюутан хонож үйлчлүүлэх боломжтой ширээ сандал бий. Мэдээж үүнээс их хүн үйлчлүүлбэл дахиад нэмдэг.
Шөнийн номын сангийн үйл ажиллагаа эхлээд удаагүй байна. Хэрэв энэ хэвээр олон оюутан үйлчлүүлбэл 2-3 давхрын уншлагын танхимуудыг мөн 24 цагаар ажиллуулах боломжтой. Манай номын сан анх 1942 онд байгуулагдсан. Түүнээс хойш өнөөг хүртэл 400 мянга гаруй хэвлэмэл болон цахим ном, 52 ажилтантай болж өргөжсөн байна” гэсэн юм. МУИС-ийн I дамжааны оюутан Б.Нармандах “Би Бизнесийн чиглэлээр суралцаж байна. Дөнгөж нэгдүгээр дамжаа учир хичээлээ сайн хийж, илүү мэдлэг хуримтлуулахын тулд номын сангаараа тогтмол үйлчлүүлдэг. Хичээлийнхээ бусад цагаар зөвхөн багшийн заасныг бус бизнесийн менежменттэй холбоотой олон номыг уншиж, судлах шаардлага гардаг. Тиймээс хоёр ч удаа шөнө хонож, хичээлээ хийсэн. Энэ үед гэртээ хичээл давтсанаас илүү төвлөрч, уншиж буй сэдвээ ойлгосон шүү” гэв. Эдгээр оюутан болон олон улсын номын сангийн жишгийг харахад шөнийн номын сан олон талаар өгөөжтэй ажээ. Зөвхөн МУИС-ийн бус хотын төвийн бусад номын сангууд ч шөнө ажиллаж эхэлбэл оюутан залуус хичээлээ тухтай хийж, мэдлэгээ тэлэх сайхан боломж харагдаж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 5. ЛХАГВА ГАРАГ. № 68 (7053)