Цэндийн ЭНХБАТ

 

Соёлын гавьяат зүтгэлтэн

 

Израйль улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ирит Бен Абба Витале монголын сэтгүүлчдийн төлөөлөгчидтэй чөлөөт уулзалт хийхдээ ингэж хэллээ. Энэ бол Израйль улсын гашуун туршлага дээр суурилсан бодит үнэн аж.

-Бид 1948 онд, одоогоос 75 жилийн өмнө Газар дундын тэнгисийн эрэгт, Ойрхи Дорнодод өөрийн газар нутагтай болж, тусгаар тогтнолоо тунхаглаж, бие даасан улс болсноо зарласан. Тухайн үед Израйлийн хүн ам дөнгөж 650 мянга л байсан. (1921 онд Монгол Улс тусгаар тогтнолоо олохдоо 600 мянган хүн амтай байсантай ижил аж)

Бидэнд олгосон газар нутаг нь Арабын ертөнцийн хогийн цэг,  хатаж ширгэсэн нуур,  өвс ургамалгүй цөл. Газрын дор баялаг үгүй. Бидэнд сүү, зөгийн бал хоёр л байсан.  Хил залган орших  Арабын ертөнц ч биднийг таатай хүлээн аваагүй. Хожим, палестинчууд  бидний эсрэг дайн өдөөсөн.

Жил гаруй үргэлжилсэн дайн "Мадридын  конференсе " гэж түүхэнд бичигдсэн  хэлэлцээрээр дайсагнагч талуудтай тохиролцоонд хүрч өндөрлөсөн.

Тэр цагаас хойш улс үндэстэн оршин тогтнохын суурь үндсийн нэг нь өөрийгөө хамгаалах чадвар бүхий хүчирхэг армитай байхыг гүнээ  ухамсарласан. Хоёр дахь нь эдийн засгийн хөгжил. Өндөр хөгжилд хүрч байж тусгаар тогтнолоо бэхжүүлнэ. Ийм сургамжийг Арабын дайн бидэнд мэдрүүлсэн.  Еврей иргэдийн  зовлонг туулж хатуужсан, сэтгэлийн тэнхээ, улс үндэстэнээ авран хамгаалах чин  хүсэл нь   дайнд ялагчаар гарахад тус болсон гэж боддог.

Дайн өндөрлөсөн 1991 онд бид оёдлын хөнгөн  үйлдвэр, жүржийн жимсэнд нь тулгуурласан ядуу эдийн засагтай л улс байсан.  Маш богино хугацаанд  эдийн засгаа эрчтэй хөгжүүлэх, хүн амаа тэлэх, цэрэг зэвсгээ бэхжүүлэх нь чухал гэдгийг Арабын ертөнцтэй хийсэн дайн яс маханд минь мэдрүүлсэн.  Энэ зорилгодоо хүрэхийн тулд Израйль  улс  дэлхийн өнцөг булан бүрт амьдарч буй Еврэй иргэдэд хандаж, эх орондоо ирж суурьшин, ажиллаж, амьдрахыг уриалсан. Үр дүнд нь маш олон чадварлаг инженер техникийн хүмүүс Израйльд ирж суурьшсан. Энэ хүмүүсийн оролцоотойгоор Израйль улс технологиор тэргүүлэгч улсын нэг болсон. Зөвхөн Еврейчүүдийг биш, орон орны цагаачдыг хүлээн авах нээлттэй бодлого баримталсны үр дүнд хүн амаа  9,3 сая болгож өсгөсөн. Тэдний дунд 350 орчим  монголчууд ч ажиллаж амьдардаг. Харин монголд маш цөөн Израйль иргэд амьдардаг юм билээ.  Улс орон оршин тогтнохын тулд газар нутгаас гадна, баялгийг бүтээгч чадварлаг, мэдлэгтэй хүн байх ёстой.   Газрын баялаггүй улс орны иргэд тархиа л хөгжүүлсэн. Үр дүнд нь хамгийн орчин цагийн дэвшилтэт усжуулах системийг цөлд нэвтрүүлснээр хамгийн бага эрчим хүч зарцуулж, хамгийн бага уг хэрэглэж, хамгийн өндөр ургац хураах болсон ухаалаг хөдөө аж ахуйг хөгжүүлсэн. Тэгснээр Израйль улс өндөр үржил шимтэй газар нутагтай улс орнуудтай энэ зэрэгцэн, хүнсний бүтээгдэхүүнийг дэлхийд нийлүүлэгч улсын нэг болсон. Дээр нь мэдээлэл технологийг эрчимтэй хөгжүүлж, энэ салбарт дэлхийд тэргүүлэгч болж чадсан.

Би анх 1994 онд Монгол Улсад дэд элчин сайдын хувиар айлчилж байсан. Тухайн үеийн Монголчуудын ирээдүйдээ итгэл дүүрэн, аз жаргалтай дүр төрх одоо ч санаанаас гардаггүй.  29 жилийн дараа дахин ирэхэд Улаанбаатар хот их өөрчлөгджээ. Төрийн хүндэтгэлийн танхимд Монгол Улсын ерөнхийлөгчид бараалхаж, итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж, улсынхаа далбааг мандахыг харж, төрийнхөө сүлд дууллыг эгшиглэхийг сонсоход  сэтгэл өндөр байлаа.

Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон 1991 он бол маш онцлогтой жил. Арабын ертөнцтэй жил тойрон хийсэн дайны гал 1991 онд Мадридын хэлэлцээрийн үр дүнд унтарсан.  1991 оноос гадаад харилцаагаа эрчимтэй хөгжүүлж,  Энэтхэг, Өмнөд Солонгос,  Монгол, мөн Оросын Холбооны Улсын задралаас  шинээр үүссэн улс орнуудтай дипломат харилцаагаа тогтоосон.

Монгол Улстай 1991 онд дипломат харилцаа тогтоосноос хойш Монгол Улсын ерөнхийлөгч (2006),  хоёр ерөнхий сайд, гадаад хэргийн таван сайд айлчилж, нийтдээ зургаан  удаагийн Дээд хэмжээний уулзалт болсон байна.

Хоёр улс  Хөдөө аж ахуй, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр мэргэжилтэн сурган бэлтгэх, соёл урлагийн хамтлагийг солилцох талаар хамтран ажиллаж  ирсэн.  Монгол Улстай  Хүнсний аюулгүй байдал,  Байгаль орчин , Иргэдийн амьжиргаа гэсэн гурван үндсэн чиглэлээр илүү түлхүү хамтран  ажиллахаар болж,  айлчлалынхаа явцад холбогдох Яамдын удирдлагуудтай ажлын уулзалт хийлээ гэсэн мэдээллийг сэтгүүлчдэд хатагтай Витабе өглөө.

Энэ уулзалтаас үүдээд, яагаад Израйль огцом  хөгжиж,  Монгол хоцров гэдгийг өнгөцхөн харьцууллаа.

 

Нэг: ЦӨӨН ХҮН АМТАЙ Ч ЗӨВ БОДЛОГО БАРИМТАЛвАЛ ҮСРЭНГҮЙ ХӨГЖИЛД ХҮРДЭГ ЮМ БАЙНА

 

Израйль улс тусгаар тогтнохдоо Монгол Улстай ( 1921 он) ижил  600 мянган хүн амтай байж. Одоо Израйль 9.3 сая, Монгол 3.3 сая хүн амтай болжээ.

Гэхдээ нэг ялгаа бий. Израилийн иргэд нутагтаа тогтвортой суурьшиж, дэлхий дахинд технологийн бизнесээр ноёрхож байна. Израйль улсыг зорин тэмүүлэх,  Израйль улсын иргэн болох цагаачдын тоо өссөөр буй аж. Нийт хүн амынх нь бараг 20 орчим хувийг нь гадны цагаачид бүрдүүлдэг болжээ.

Харин Монголын толгойтой бүхэн нь эх орноосоо дүрвэж, гадагшаа цагаачлахыг зорьж  байна. Өөрөөр хэлбэл,  Монгол хүн эх орондоо тогтох боломжгүй, амьжиргаагаа залгуулах аргагүй болсноос,  Өмнөд Солонгос, Австрали зэрэг орныг мянга мянгаараа зорьж , аз жаргалыг харийн орноос хайх болсон эмгэнэлтэй золгожээ.

 

ХОЁР: ЯДУУ ИЗРАЙЛЬ ХӨГЖИЖ, БАЯН МОНГОЛ ХООСОРЧ БАЙНА

 

Израйль улсад оногдсон газар нутаг нь цөл. Хуурайшлаас үүдээд цорын ганц нуур нь хатаж ширгэсэн, цэвэр усны хомсдолтой, газрын хөрсөн дороо баялаггүй байжээ. Тэгвэл тэд шинэ технологи нэвтрүүлж, ширгэсэн  нуураа сэргээж, цөлд  орчин цагийн дэвшил бүхий усалгааны  систем суулгаж, ухаалаг хөдөө аж ахуйг хөгжүүлж,  хамгийн үржил шимтэй хөрснөөс илүү ургац хурааж,  хүнс нийлүүлэгч гол тоглогч орны нэг болжээ. 20 жилийн өмнөөс л байгалийн хийг олборлож эхэлсэн байна. Тэгвэл Монгол Улс хөвч хангай, тал, говь хосолсон. Цэнгэг нуур, гол мөрөн, горхи, рашаан элбэгтэй. 60 сая малтай. Газар нутгийн хувьд Израйлаас  80 дахин том.  Газрын хөрсөн дор Менделеевийн үелэх системийн бүх элементтэй.  Түүнийгээ л гадагш нь зөөж, эдийн засгаа" угжих" чадуу аргаар " амь" торгоож байна.

Иргэдийн 50 хувь нь нэн ядуу. Эх орондоо амьдрах арга нь мухардсан учраас залуучуудын дийлэнх нь гадагшаа гарч, хөдөлмөр эрхлэх сонирхолд автсан. Өөрөөр хэлбэл итгэл нь алдарсан ард түмэн болжээ.

Монгол Улсын үе үеийн  эрх баригчид " Урмыг нь хугалахаар , ууцыг нь хугал" гэдгийн эсрэгээр ажиллажээ.

 

ГУРАВ: ИНЖЕНЕРТЭЙ ИЗРАЙЛЬ ДЭВЖИЖ, ИНЖЕНЕРЭЭ ГЭЭСЭН МОНГОЛ ДОРОЙТЖЭЭ

 

Инженергүй улс хөгждөггүй юм байна. Израйль улс бодлогоор инженер,   технологич нарыг дэмжжээ. Израйль улсын урилгаар  гадаадад ажиллаж амьдарч байсан олон зуун инженер очиж суурьшсан нь өнөөгийн Израйль улсын хөгжлийн гол үндэс суурь болсон гэж үздэг. Арван мянган хүн ам тутамд 140 инженер оногдох тоогоороо Израйль улс АНУ( 80) -ыг ч ардаа орхижээ.

Харин Монгол Улс бүх аймаг, суман дахь ерөнхий инженерийн орон тоогоо цомхотгож,  инженерийн тогтолцоогоо гээсэн. Харин 10000 хүн ам тутамд ногдох улстөрчдийн тоогоор дэлхийд дээгүүр орох болсон гажиг тогтолцоог үүсгэсэн.

 

ДӨРӨВ: ШИНЖЛЭХ УХААНЫГ ДЭЭДЭЛСЭН ИЗРАЙЛЬ, ЭРДЭМТДЭЭ ОРХИСОН МОНГОЛ

 

Төр, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллагын уялдаа холбоог Израйль улс дээд зэргээр  хангасан. Ялангуяа Шинжлэх ухаандаа хөрөнгө оруулалт хийж, үр шимийг нь хүртэж ирсэн. Зөвхөн сүүлийн 20 жилд Израилийн  есөн эрдэмтэн Нобелийн шагнал хүртсэн бөгөөд, тэдгээр эрдэмтдийн нээлт нь амьдралд өргөнөөр хэрэгжиж, үр дүнгээ өгч байна. Харин Монгол Улсад энэ гурван талын уялдаа холбоо огт байдаггүй.

Дээр нь, Шинжлэх ухааныг үнэлж,  тоодоггүй. Монголын эрдэмтдээс Палеонтологийн эрдэмтдийг эс тооцвол бусад нь дэлхийн тавцанд сураггүй. Монголын шинжлэх ухаан бол хамгийн хоцрогдсон салбар.

 

ТАВ: ЧАДВАРЛАГ БОЛОВСОН ХҮЧИН БЭЛТГЭДЭГ ИЗРАЙЛЬ БА ОЮУТНУУДЫГ МӨЛЖИЖ АМЬ ЗУУДАГ МОНГОЛЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬ

 

Израйль улсад Их, дээд сургууль төгсөгчид нь эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн байгууллагын баазыг түшиглэн суралцдаг. Тиймээс төгсөгчид нь бүгд ажлын байртай, өсөн дэвжсэн мэргэжилтэн болж, улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулж байна. Харин Монгол хоосон диплом өвөртлөгч нараар дүүрсэн нь Монголын боловсролын тогтолцоотой холбоотой.  Инженер, технологич  бэлддэг цөөн сургуулиас  бусад нь  оюутан залуусын сургалтын төлбөрөөр  амь амьжиргаагаа залгуулдаг. Оюутнуудыг улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах чадвартай мэргэжилтэн болгож төгсгөдөггүй, харин өөрсдийнхөө   сургуулийг л оршин тогтнох санхүүгийн эх үүсвэр  болгосон явуургүй менежменттэй.       Тиймээс "дипломын гол" болсон төгсөгчдийн дийлэнх нь ажлын байргүй үлддэг. Өөрөөр хэлбэл,  сургалтанд зарцуулсан цаг хугацаа, хөрөнгө оруулалт нь үр ашиггүй өнгөрдөг гэж хэлж болно. Бас л үргүй зардал, үр дүнгүй сургалт.

 

ЗУРГАА: 9,3 САЯ ХҮН АМТАЙ ИЗРАЙЛЬ УЛС дөрвөн ТЕЛЕВИЗ, таван СОНИНТОЙ, ХАРИН МОНГОЛ УЛС ТОЙМОО АЛДСАН

 

Израйль улс Олон нийтийн нэг телевиз, арилжааны гурван телевиз, үндэсний хэмжээний таван сонинтой, тэдгээр сонин  онлайн хэлбэрээр давхар түгээгддэг тогтолцоотой юм байна.

Олон нийтийн телевиз нэг, өдөр тутмын таван сонинтой гэдгээр ижил төстэй боловч, гурван сая хүн амтай Монголын хувьд хувийн телевиз, радио, сайтын хувьд тоогоо алдсан.

Дүгнэлт:

Тоочоод байвал,  Израйль- Монгол өнгөрсөн 30 жилд хоёр туйл руугаа явжээ. Израйль өгсөж, Монгол  урууджээ.  Улс орных нь нөхцөл байдлыг харьцуулбал  яг эсрэгээрээ.  Израйлийн хөгжиж Монголын хоцорч буйн гол шалтгааныг  засаглалтай холбоотой гэж дүгнэж  болох . Израйль зөв  засаглалтай бол Монголд  муу засаглал ноёрхжээ.

Өнгөрсөн 30 жилд Монголын төрийн алтан жолоог атгасан удирдагчид улс орны хөгжлийг самарсан бол  Израйль улс хүнээ хөгжүүлж, зөв бодлого барьж, улс орноо цэцэглүүлжээ. Төр нь зөв бодлого хэрэгжүүлж, ард иргэд нь нэгдмэл зорилготой байж чадвал хөгжлийн оргилд хүрдэг жишээг Израйль болон  Өмнөд Солонгосын жишээнээс суралцаж болох нь. Ард түмнээ хөдөлгөх, зөв залж чиглүүлэх ухаан Монголын төрд дутжээ. Элчин сайд Виталегийн сэтгүүлчидтэй уулзах хэлсэн хөгжлийн оношоор хэмжвэл Монгол Улсыг тусгаар улс гэж хэлэхэд  туйлын бэрх санагдана.

Нэгдүгээрт, эдийн засаг нь дэндүү  сул дорой.

Хоёрдугаарт, өөрийгөө хамгаалах батлан хамгаалах хүчин, орчин цагийн зэр зэвсэг  байхгүй.

Улс маань ийм л байна. Ард иргэдээ харийн халдлагаас л хамгаалах чадваргүй гэдэг бол тоглоом биш. Нийгмийн хөгжлөөс  хоцрогдсон гэж хэлэгддэг Хойд Солонгос хүртэл өөрийгөө хамгаалах чадвартай.

30 жил гэдэг бол үсрэнгүй хөгжилд хүрэхэд хангалттай хугацаа гэдгийг буурай хөгжилтэй Израйль  улс үлгэрлэлээ.

Бүх зүйл хүнтэй холбоотой. Зөв  засаглал тогтоох манлайланчид олдвол  хөгжих боломжоо хараахан бүгдийг нь шавхчихаагүй. Монголыг минь дээдсийн их буян  заяа хаячихаагүй гэж найдна.

Эх сурвалж “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 4. МЯГМАР ГАРАГ. № 67 (7052)