Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

 

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Бид&Тэд” буландаа Япон болон Монголын дунд сургуулийн сурагч, оюутнуудын хэрэглээний талаар харьцууллаа.

 

Хүчирхийлэлд өртвөл чимээгүй өнгөрдөг

2021 оны байдлаар манай улсад 712 мянга 353 хүүхэд ерөнхий боловсролын сургуульд суралцжээ. Тэдний нэг Г.Лхасүрэн манай сурвалжлагын гол дүр. Тэрбээр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын сургуулийг 2021 онд төгсөж 2022 оны намар МУИС-д элсжээ.

Г.Лхасүрэн өнгөрсөн гуравдугаар сард “Jenesys” хөтөлбөрийн хүрээнд Япон улсын түүх соёлтой танилцаж, аялаад ирсэн юм. Явахаасаа өмнө тэрбээр Японы тухай интернэтээс сонирхож олон зүйлийг мэдсэн боловч бодит байдал түүний төсөөллөөс өөр байжээ. Энэ тухайгаа “Японы тухай нилээн судалж, сонирхож төсөөлөлтэй болсон. Гэхдээ тухайн орчинд нь очиход тэс өөр байсан. Ёстой л мянга сонсохоор нэг үз гэдэг шиг гайхалтай сэтгэл догдлуулсан өдөр хоногууд байсан” гэв. Тэд хөтөлбөрийн хүрээнд Токиогийн Гадаад судлалын их сургуультай танилцаж, Монгол хэл сурч буй оюутнуудтай уулзаж, багахан яриа өрнүүлсэн байна. Энэ талаар Г.Лхасүрэн “Биднийг сургуулийн сургалтын танхимд ороход

Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл

Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ.

Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч,

Сод их билэгт түмэн юүгээн бишрэн магтмуу би гэж Б.Ренчин гуайн шүлгийг Япон оюутан унших нь бидний сэтгэлийг хөдөлгөсөн. Энэ бол тус сургуулийн Монгол хэл, судлалын оюутан Ай Сайго юм. Тэрбээр Монголын уран зохиолыг уншдаг. Тэр дотроо Ч.Лодойдамбын “Тунгалаг тамир” романд дуртай гэсэн нь их сонирхолтой санагдсан. Монгол хэл сураад таван жил болж байгаа ч аялага, үг сонголт нь маш сайн байсан” гэв.

Мөн Г.Лхасүрэн “TENQ” сансарын музей үзэж байжээ. Энэ үед дунд сургуулийн охин чанга дуутай зүйлийг дуугаргажээ. Гэтэл хажуугаар нь явж байсан бүх хүн түүнд анхаарлаа хандуулж туслахыг оролдсон байна. Энэ нь түүний сонирхлыг ихээр татсан гэнэ. Тэрбээр “Дунд сургуулийн охины биед музей үзээд явж байсан нэг залуу санаандгүй хүрсэн байсан. Энэ үед охин цүнхнийхээ үүргэвч дээр байрлах түлхүүрийн оосор шиг зүйлийг татаж дуугаргасан байсан. Японы дунд сургуулийн сурагчид аюул учирсан үедээ хамгаалах дуут дохиог ашигладаг юм билээ. Үүнийг Монголд хэрэглэдэг бол ямар гоё вэ гэж энэ үед бодсон. Би 12 дугаар ангийн сурагч байхдаа хичээлээ тараад гэр лүүгээ явж байсан юм. Манайхаас гурван гудмын цаана гурван эрэгтэй хүүхэдтэй айл байдаг байсан. Тэр айлын хүүхэд дугуйтайгаа давхиж ирээд бөгсөн дээр алгадчихаад яваад өгсөн. Энэ үед ойр орчимд хүн байхгүй болохоор айсандаа ямар ч хариу үйлдэл үзүүлэлгүй үлдэж байсан удаатай.Түүнээс хойш хэсэгтээ дугуйтай хүнээс айдаг болсон. Хэрэв яг түүн шиг зүйлийг хэрэглэдэг болвол сурагчид иймэрхүү айдаст автдаггүй болох байх гэж бодсон” гэлээ.

 

Дунд сургуулийн бүх хүүхэд дуут дохио ашигладаг

Түүнийг Хийро Ацучи гэдэг. Тэрбээр Токиогийн гадаад хэлний их сургуулийн хоёрдугаар ангийн оюутан. Монгол хэл, Монгол судлалаар сурдаг. Түүний авга ах “Mittsubushi motors” компанийн Монгол дахь төлөөлөгчөөр ажилладаг юм. Анх ахтайгаа Монголын талаар ярилцсан бөгөөд түүнээс хойш Хийро Ацучи Монголын талаар сонирхож эхэлжээ. Энэ тухайгаа “Авга ах маань Монголд ажилладаг. Амралтаараа Японд ирсэн. Ахтайгаа уулзтал Монгол ажилтан нь утас руу нь залгасан. Үүнээс үүдэж бид Монголын тухай ярилцсан юм. Монголын тал нутаг, эрх чөлөөтэй байдал, хоол, дээл нь надад маш их таалагдсан. Энэ үед би ахлах ангийн сурагч байсан учраас мэргэжил сонгохдоо Монгол хэл, Монгол судлалаар сурахаар  шийдсэн” гэсэн юм. Өнгөрсөн наймдугаар сард Хийро Ацучи Монголд нэг сарын хугацаатай ирсэн байна. Түүний хамгийн сэтгэл хөдөлгөм дурсамж нь “Дээл өмсөж, морь унаж байгалийн сайхнаар аялсан. Японы үндэсний хувцас кимоног зөвхөн насанд хүрэгчид хурим, баярын үеэр л өмсдөг. Залуус өөрийн кимоногүй байдаг. Харин монголчууд үндэсний хувцсаа орчин үеийн амьдралын хэв маягтайгаа нийцүүлэн хэрэглэж байгаа нь сайхан байсан” гэв. 

Харин Хийро Асучи “Монголчууд сургуулийн хүүхдээ заавал өөрийн биеэр хүргэж өгч байсан.  Энэ нь надад сонин санагдсан. Япон аав ээжүүд хүүхдээ сургуульд нь хүргэж өгөх шаардлагагүй байдаг. Бүх хүүхэд сургуулийн автобусаар хичээлдээ ирж, очдог.  Мөн хүүхэд нь сургуульдаа очиход болон тарахад аав ээжийнх нь и-мэйлд хүүхэд тань сургуульдаа ирсэн, явсан гэдэг мессеж илгээдэг. Хэрвээ түүнд аюул учирвал цүнхнийх нь хажуу талд дуут дохио бий. Түүнийгээ дуугаргахад хүүхдэд аюул учирсан байна гэж гудманд яваа хүмүүс тусалдаг. Би ч гэсэн дунд сургуульд байхдаа энэхүү дуут дохиог хэрэглэдэг байсан. Гэхдээ надад аюул учирч байгаагүй. Заримдаа санаандгүй дуугаргах тохиолдол гардаг. Ингэхэд хажуугаар явж байсан хүмүүс ирж туслах гэдэг” гэв.  Хүүхдүүд автобус, метро, галт тэргэнд танихгүй хүн зөвшөөрөлгүй биед нь хүрэхэд, тэр ч бүү хэл сэжигтэй хүн харагдах, дагаж буухад өнөөх дохиогоо дуугаргадаг байна. Мөн байгалийн гамшгийн үед дугаргаж нэгнээ олоход хэрэг болдог ажээ.

 

Сонирхуулахад, Саяхан УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгээс хүүхэд хамгааллын “Шүгэл” төслийг эхлүүлж Х.Булгантуяа гишүүн хүчирхийлэлд өртсөн болон эрсдэлтэй нөхцөлд шүгэл үлээж бусдаас яаралтай тусламж гуйх нь дэлхий дахинаа ашиглагддаг үр дүнтэй аргад тооцогддог гэсэн юм. Энэ тухайгаа Х.Булгантуяа “Хүүхдийн хүчирхийллээс гадна хүүхэд осол гэмтэл, байгалийн гамшигт өртөх, үе тэнгийн дээрэлхэлт зэрэг асуудлууд захын хорооллуудад буурахгүй байгаа тоон үзүүлэлт байна.

Тиймээс хүүхэд хүчирхийлэлд өртсөний дараа очиж тусалдаг биш асуудал гарахаас нь өмнө мэдэж тусалдаг болох хэрэгтэй байна. Хүүхдүүдийн хувьд тусламж шаардлагатай үед хэрхэн яаж тусламж авахаа мэддэггүй. Хүүхдийн хүчирхийллийн 108 дуудлагын утас байгаа хэдий ч хүүхэд болгон утасгүй, сандарсан үед дуудлага өгч амжилгүй хүчирхийлэлд өртөх, нохойд хазуулах, осол гэмтэлд өртөх магадлал өндөр байна. Айсан үед заримдаа хүний дуу гарахгүй, хөдөлж чаддаггүй. Энэ үед ашиглах нэн тэргүүний хамгийн үр дүнтэй арга нь шүгэл юм. Хүүхдийн хүчирхийлэлд өртөж буйг багш, хөрш айл нь мэдээгүй жишээнүүд олон байдаг. Тиймээс хүүхдүүдийн хувьд хүчирхийлэлд өртсөн үед тусламж дуудах нь нэн түрүүний асуудал байна. Хүүхдэдээ шүгэл авч өгөх нь үнэтэй, зардал ихтэй зүйл биш. Энэ нь хүүхэд биеэ хамгаалах маш том хэрэгсэл” гэсэн. Гэвч нийгэм даяар түүний үлээсэн шүглийн талаар ярьж болохгүй зүйл мэт хэлэлцэцгээсэн. Энэ санаа зөв боловч буруугаар илэрхийлсэн. Гэвч дуут дохиог олон улсад ашигладаг юм байна.

 

Эх сурвалж “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 4. МЯГМАР ГАРАГ. № 67 (7052)