Б.ДОЛЖИНЖАВ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн "Хүнсний хувьсгал" хөдөлгөөний хүрээнд энэ жилийн хаврын тариалалтыг угтаж ХХААХҮЯ-наас "Тариалангийн сэргэлт-2023" үндэсний чуулгыг даваа гарагт зохион байгууллаа. Энэ жилийг “Тариалангийн сэргэлтийн жил” болгон зарлажээ. Энэ хүрээнд "Тариалангийн салбарын эрх зүйн орчны сэргэлт", "Тариалангийн салбарын санхүү, хөрөнгө оруулалтын сэргэлт", "Хүний нөөц, залуу тариаланчдын сэргэлт" гэсэн зорилтуудыг дэвшүүлсэн байна. Чуулганы үеэр салбарын сайд Х.Болорчулууны танилцуулсан газар тариалангийн салбарын бодлого, зорилтоос онцлон хүргэе.
Хүний нөөц, залуу тариаланчдын тухайд салбарын тэргүүлэх мэргэжлээр их дээд сургуульд суралцахад сургалтын төлбөрийг үе шаттайгаар төрөөс хариуцахаар болжээ. Тухайлбал, ЭЕШ-ын 650-аас дээш оноо авсан элсэгчид сургалтын эхний жилд тэтгэлэг олгох, сургалтын дараагийн жилүүдэд оюутны сурлагын голч дүнгээс хамааран тэтгэлгийг үргэлжлүүлэн олгох юм байна.
Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдын тэтгэлгийг салбарын тэргүүлэх чиглэлээр элсэгч суралцагчдад тусгайлан олгох, үүний дотор хөдөө аж ахуйн чиглэлээр суралцаж буй оюутнуудад нийт квотын 50 хүртэлх хувийг олгохоор болжээ. Мөн мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагчийг салбарын тэргүүлэх мэргэжлийн чиглэлээр гадаадад тэтгэлэгтэй суралцуулах, салбарт ажиллаж буй мэргэжлийн бус ажилтныг чадавхжуулах богино хугацааны эрчимжүүлсэн сургалтыг их дээд сургууль, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагыг түшиглэн тогтмол явуулахаар төлөвлөсөн байна. Үүнээс гадна залуучууд агро гарааны бизнес эрхлэхийг дэмжсэн дэмжлэг үзүүлэх аян зохион байгуулах, залуучуудыг туршлагатай газар тариаланч, фермерийг дагалдан суралцангаа ажиллах сургалтын хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх, зохих гэрчилгээ, үнэмлэхийг олгох, төгсөгч цаашид бие даан аж ахуй эрхлэх бололцоог нээх, сургалтын хөтөлбөрт аж ахуй эрхлэхтэй холбоотой мэдлэг, ур чадвар, хандлагыг олгох агуулгыг нэмэх гэсэн олон зорилтыг дэвшүүлжээ.
Үрийн шинэчлэлийг эрчимжүүлэх, чанар сайтай элит болон сортын үрээр тариалалт хийх боломжийг бүрдүүлэх зорилгоор ОХУ-ын Алтайн хязгаараас 5.6 мянган тонн элит үр импортоор авч үнийг 30 хувиар хөнгөлж, дотоодын нөөцтэйгөө нийлээд нийтдээ 16.5 мянган тонн улаанбуудайн үрийг 30 хувийн урьдчилгаатай зээл олгохоор шийдвэрлэжээ. Хүнсний ногооны үйлдвэрлэлийн механикжуулалтын түвшинг сайжруулах, техник, технологийн шинэчлэл хийх зорилгоор тухайн жилд худалдан авсан зориулалтын техникийн үнийн 50 хувийг ногоочдод буцаан олгоход зориулан дөрвөн тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгохоор төлөвлөсөн байна.
Тариалангийн салбарт бордооны зохистой хэрэглээг төлөвшүүлэх, хөрсний үржил шимийг хамгаалах, шим тэжээлийн бодисын алдагдлыг нөхөх, ургацын хэмжээг нэмэгдүүлж, чанарыг сайжруулах зорилгоор бордоо худалдан авсан иргэн, аж ахуйн нэгжид үнийн 30 хүртэл хувийг татаас хэлбэрээр буцаан олгохоор төлөвлөж, шаардагдах 3.9 тэрбум төгрөгийн санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэжээ.
Хүнсний нарийн ногоо тариалах 20 га өвлийн хүлэмжийн цогцолбор аж ахуй, 200-2500 тонн багтаамжтай механикжсан агуулахын нэг маягийн зураг төслийг үндэслэн орон нутагт барих газар тариалангийн зориулалттай барилга байгууламжийн хүчин чадлыг нэмэгдүүлэхээр болжээ. Мөн усалгаатай газар тариаланг энэ онд 100 мянга га-д хүргэх зорилт тавьсан байна. Энэ хүрээнд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй” төслийн хүрээнд 40 сая.ам долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд, Завхан, Хэнтий, Сэлэнгэ, Төв аймагт 6.0 мянган га талбайд услалтын систем байгуулах ажлыг хэрэгжүүлж эхэлжээ.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ойн зурвас байгуулах дотоодын суулгац үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор улсын төсвийн 1.3 тэрбум төгрөгийн санхүүжилтээр жимс жимсгэнийн суулгац үржүүлгийн төвийг Баянхонгор, Говь-Алтай, Дорнод, Дундговь, Дорноговь зэрэг таван аймагт байгуулж байна. Харин тариалангийн салбарын эрх зүйн орчны сэргэлтийн хүрээнд “Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай”, “Тариалангийн даатгалын тухай”, “Ургамлын шинэ сортыг хамгаалах олон улсын холбооны конвенцыг соёрхон батлах тухай” хуулийн төслийг тус тус боловсруулж, Засгийн газар, УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон байна. Эдгээр эрх зүйн орчны шинэчлэлийг хийснээр манай орны тариалангийн бүс нутгийн онцлогт тохирсон дэвшилтэт шинэ сортыг бүтээх үйл ажиллагаа идэвхжин, үр үйлдвэрлэлийг шинэ шатанд гаргаж, хүн амын хүнсний хангамжид бодитоор нөлөөлж, улмаар Монгол Улсын тариалангийн салбарын тогтвортой хөгжил, цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулна гэж үзэж байгаа аж. Тус чуулганд 800 гаруй зочид төлөөлөгч оролцлоо.
Эх сурвалж “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 4. МЯГМАР ГАРАГ. № 67 (7052)