Б.ОД

Монголын Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо (МБШУҮЭХ)-ны тэргүүн З.Цогтгэрэл Д.Сүхбаатарын талбайд өнөөдрөөс эхлэн суулт зарлалаа. 

Тэрбээр ажилтнуудын нийгмийн баталгаа, цалин хөлсний асуудлаар Боловсрол, шинжлэх ухааны яам, Засгийн газар зэрэг холбогдох шат шатны байгууллагад хандсан ч дорвитой арга хэмжээ авахгүй байгааг дурдаад, тэмцлийн дараагийн алхам болгож жагсаал зохион байгуулах гэж байгаагаа мэдэгдэв.

Энэ талаар МБШУҮЭХ-ны тэргүүн З.Цогтгэрэл "Би иргэнийхээ хувьд боловсролын салбарын 87 мянга гаруй ажилтныг төлөөлж, төр засаг яаманд үгээ хүргэж байгаа. Цалин хөлсийг нэмэгдүүлэх нь хамгийн чухал байна. Ажил хийж байгаа ч ядуурсаар, цөхөрсөөр боловсролын салбарт ажиллах хүнгүй болох нь. Засгийн газар энэ талаар бодлого боловсруулж, дорвитой арга хэмжээ авах хэрэгтэй байна. Боловсролын салбарын ажилтнуудын цалин нэг сая гаруй боллоо, багшийн цалин хоёр сая хүрлээ гэж сайд яриад байгаа ч үүнд хүрээгүй. Мөн боловсролын салбарт ажиллаж байгаа ТҮ-ийн хүмүүсийн цалин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс 15 мянган төгрөгөөр л илүү байна. Багшийн цалин улсын дунджаас цалингаас 2-3 дахин их баймаар байна. Суурь цалинг ингэж тогтоож байж, энэ салбар оршин тогтоно" гэсэн юм.

 Эх сурвалж:www.polit.mn