Баатарын НЯМСҮРЭН

 

Бидний амьдралын өдөр тутмын хэрэглээ болсон талх болоод бусад гурилан бүтээгдэхүүн нь хүн төрөлхтний түүхэнд бүртгэгдсэн хамгийн эртний хоол хүнсний нэг гэдэг. Гэвч цаг хугацааны уртад орц найрлага нь баялаг болж хөгжсөн түүхтэй. Өдөр бүр хэрэглэгчдэд хийсэн бүтээгдэхүүнээ хүргэдэг, буянтай мэргэжлийн нэг бол  нарийн боовчин. Цагаан өнгийн малгай өмсөж, хүмүүсийг амтлаг, тэжээллэг бүтээгдэхүүнээр дайлдаг учраас энэ мэргэжил үнэ цэнтэй. Тэгвэл энэ салбарт гурван үеэрээ ажиллаж буй нарийн боовчин Г.Эрдэнэчимэгийг “Зууны мэдээ” сонин “Удмын бахархал” буландаа урилаа. Түүний ээж нь нарийн боовчин С.Найдансүрэн бол өвөө А.Самгарьд  нь мөн л энэ салбарт ажиллаж байсан гавьяатай нэгэн юм. Ингээд гурван үеийн нарийн боовчин тэдний амьдралын түүхээр хамтдаа аялъя. 

 

АМЬДРАЛЫН МӨРИЙГ НЬ ЗААСАН АЧЛАЛТ ӨВӨӨ

 

Г.Эрдэнэчимэгийн хувьд гурван үеэрээ хүнсний салбарт ажиллаж буйгаараа үргэлж бахархдаг ажээ. Өвөөгийнхөө үйл хэргийг үргэлжлүүлж, ажил мэргэжлийг нь өвлөж яваа учир нэрийг нь өндөрт өргөж, энэ л мэргэжилдээ эзэн болж явахыг хүсдэг гэж байв. Тэрбээр өвөөгийнхөө тухай ийнхүү дурссан юм.

Түүний өвөө А.Самгарьд нь Хөвсгөл аймгийн уугуул ажээ. 1945 онд “Амт” тосны цехэд ажилд орсноор хүнсний салбартай холбогдсон гэнэ. Анх аж ахуйн албанд томилогдлсон ч өөрийн хүсэл, сонирхлын дагуу талхчин болж, ард иргэдэд тасралтгүй 39 жил амтлаг, халуун талхаар үйлчилсээр гавьяаныхаа амралтад гарсан түүхтэй. Тухайн үед түүний ажиллаж байсан үйлдвэрт 250-300 хүн ажилладаг байжээ.  Бүтээгдэхүүн бүхэн нь яамнаас баталсан тусгай стандартын жорын дагуу үйлдвэрлэгдэнэ. Үйлдвэрийн нэг талхчин өдөрт 45 кг бүтээгдэхүүн гаргах нормтой. Хэрэв үүнээс давуулан биелүүлбэл сайн ажилтны тоонд багтаж, урамшуулал авдаг байжээ. А.Самгарьд ч ажилдаа эзэн болсон, тэргүүний талхчдын нэг байсан гэнэ. Түүний энэхүү хөдөлмөрийг төр үнэлж, “Алтан гадас”, “Хөдөлмөрийн хүндэт медаль”,-аар шагнаж байжээ. Харин нутагтаа “Аймгийн аварга”, “Үйлдвэрийн аварга” болж, олон түмэнд хайрлагдан, хүндлэгдэж явсан баялаг намтартай хүн юм.

Аав нь охин С.Найдансүрэнгээ өөрийн ажилладаг үйлдвэртээ нарийн боовны цехийн нооромчны ажилд оруулжээ. Тэрбээр охиндоо үргэлж “Ажил хийвэл ам тосдоно. Тиймээс хөдөлмөрт шамдах хэрэгтэй” хэмээн захидаг  байсан аж.

 

ДОЛДУГААР АНГИА ТӨГСӨӨД АЖИЛЧИН БОЛСОН С.НАЙДАНСҮРЭН

Г.Эрдэнэчимэгийн нөхөр Б.Дарханбаяр нь мөн л нарийн боовчин мэргэжилтэй.

Ааваараа хөтлүүлж, ажил хөдөлмөрийн амтанд шамдсан энэ удмын дараагийн талхчин, нарийн боовчин бол Г.Эрдэнчимэгийн ээж С.Найдансүрэн юм. Бага байхдаа аавынхаа ажил дээр очсоор хэдийнэ танил болсон энэ үйлдвэртээ тэрбээр долдугаар ангиа төгсөөд ажилчин болж иржээ. Хэдийгээр техниккумд явах хүсэлтэй байсан ч бүтээгүй учир ийнхүү ажилчдын эгнээнд элссэн гэнэ. Тухайн үед Хөвсгөл аймгийн Мөрөн хотод нэг том үйлдвэрийн байшинд талх, нарийн боов, архи, чихрийн цехэд хамт  ажилладаг байжээ. Нарийн боовны цех нь талхнаас гадна олон төрлийн нарийн боов үйлдвэрлэдэг байв. 17 төрлийн бүтээгдэхүүн хийж сумдуудад тараах үүрэгтэй. Цехийн ажилчид гурван ээлжээр ажиллана. Ажилчид шинэхэн бүтээгдэхүүнээ мастертаа шалгуулж, няравтаа хүлээлгэн өгнө. Харин нярав нь бусад сумдаас ирсэн нярвуудад өгснөөр шинэхэн бүтээгдэхүүнүүд Хөвсгөл даяар тараагддаг байв. С.Найдансүрэн  500-600 төгрөгийн цалин авдаг байсан гэнэ. Мөн сургуулиа төгсөөд үйлдвэрт нь ажиллахаар ирсэн залууст мэдэхгүй, чадахгүй зүйл гархад нь тусална. Тухайн үед өнөөдрийнх шиг техник технологи хөгжөөгүй байсан учир бүтээгдэхүүн хийхэд гар ажиллагаа их шаардана. С.Найдансүрэнгийн хийдэг гол ажил нь  гурил зуурч, хэвлэх.  Тэрбээр молоко, сахар, үзэм, өндөг, сода зэргийг ашиглаж амттай боов, боорцог үйлдвэрлэх аж. Нарийн боовны  цех нь  төлөвлөгөөний дагуу  жилдээ 20 гаруй тонн бүтээгдэхүүн хийдэг байжээ.

С.Найдансүрэн энэхүү үйлдвэртээ 28 жил ажиллаад, 1992 онд гавьяаныхаа амралтад гарсан аж. Ажиллах хугацаандаа тав, зургаа, долдугаар, таван жилийн гавшгайч болж байжээ. Мөн аавтайгаа адил Аймгийн аварга” ажилтан ч  болсон байна. Хэдийгээр үйлдвэрээс нь түүнд үргэлжлүүлэн ажиллах санал тавьсан ч татгалзсан гэдэг. Учир нь түүний дүү нь зах зээл эхлэх үед Хөвсгөл аймагт анхны хувийн үйлдвэрийг нээсэн гэнэ. Тэрбээр дүүгийнхээ “Баялаг”  үйлдвэрт  хэсэг хугацаанд ажилласан юм. Тухай үед хоёр үетэй том хэмжээний талх хийж зарна. Энэ талх нь гурван төгрөг 40 мөнгө байжээ. Өглөө бүр тус үйлдвэрийн гадаа хүмүүс бүтээгдэхүүнээс нь авахаар дугаарладаг байсан тухай дурсан ярьсан юм. “Баялаг” үйлдвэрийн үйл ажиллагаа  1997 он хүртэл үргэлжилжсэн ажээ. С.Найдансүрэнгийн амьдралын аз жаргалтай дурсамжийнн нэг нь үеийн залуустай мөр зэрэгцэн ажиллаж байсан энэ л залуу нас нь ажээ.

Тэрбээр 2006 онд Дархан-Уул аймаг руу хүүхдүүдтэйгээ ойр байхаар нүүж иржээ. Дарханд ирээд удаагүй байхдаа хувиараа ааваасаа өвлөсөн тусгай жороор нарийн боов  хийж амжиргаагаа залгуулна. Өнгөт мөөхий, пичень, боорцогоо “Буянт” зах дээр худалдаалдаг байж. Тэрбээр нарийн боовоо масло ашиглаж хийдэг бол гэрийн боорцгоо ихэвчлэн өөх, ургамлын тосонд чанадаг гэнэ.

 

ГУРАВ ДАХЬ ҮЕИЙН НАРИЙН БООВЧИН

Нүүр дүүрэн инээж, холыг харсан тэмүүлэлтэй бүсгүй бол Г.Эрдэнэчимэг. Тэрбээр бага байхаасаа л ээжийнхээ ажил дээр очиж, тэр л хамт олны дунд хүн болжээ. Бяцхан охины гэгээхэн хүсэл нь ээж шигээ нарийн боовчин болох байв.  Тиймээс ч хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөж, энэ мэргэжлийг сонгосон байна. 1997 оноос өөрөө бие даан гэрээрээ үйлдвэрлэл эрхлэх болжээ. Эхлээд зөвхөн гэрийнхээ хэрэглээг л хангадаг байсан бол туршлагажихын хэрээр  бусдад зарж, орлогын их үүсвэртэй болсон гэнэ. Мэдээж түүний жор нь ээжийнх нь заасан орц.  Хүний амьдрал баялаг хойно Г.Эрдэнчимэгийн хувьд давхар тогоочоор хүртэл ажилласан гэдэг. Ийнхүү удмын мэргэжлээ эзэмшиж, хөдөлмөрлөж явахдаа амьдралын ханьтайгаа учирсан гэгээлэг түүх түүнийх юм.

“Итгэл фүүд” нарийн боовны үйлдвэрийг үүсгэн байгуулагч Г.Эрдэнэчимэгтэй ярилцлаа.

 

-Таны гэр бүлийн хүн мөн тантай хамт хүнсний салбарт ажилладаг гэсэн үү?

-Миний хань энэ салбарт тасралтгүй 30 жил ажиллаж байгаа туршлагатай. Мэргэжил нэгтэй учир бидэнд бусдаас давуу тал олон бий. Хүсэл сонирхол минь нэгдэж, бид амьдралаа холбосон. Тиймээс бие биенээсээ суралцсаар өдийг хүрлээ.

-“Итгэл фүүд” нарийн боовны үйлдвэр хэзээнээс эхлэлтэй вэ?

-Нарийн боовны цехийн үйл ажиллагаагаа  2020  оноос эхэлсэн. Одоогоор  найман төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Үүнд гэрийн боорцог, талх, маюур, мөөхий, пичень, хөөмөл боовнууд орно. Манай маюур, гэрийн боорцгийг хэрэглэсэн худалдан авагчид ам сайтай байдаг. Мөн бүтээгдэхүүндээ үргэлж сайн чанарын тос хэрэглэхийг зорьдог. 

-Нарийн боов хийхэд жор чухал нөлөөтэй байх даа?

-Ээжээсээ анх жорыг нь өвлөн авч байсан. Харин шинэ бүтээгдэхүүн гаргахдаа орц найрлагыг нь өөрөө тохируулж байна. Эхлээд олон удаа туршиж үзнэ. Аль болох амт чанартай бүтээгдэхүүн хийхийг боддог. Хамгийн гол нь ямар нэгэн химийн найрлагагүй, эрүүл эко бүтээгдэхүүн хүргэхийг хүсдэг. Манай цех өдөртөө 200 гаруй кг бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай.  Анх шуудай гурил 5000 төгрөг байхад бүтээгдэхүүн хийж эхэлсэн. Харин одоо зах зээлээ дагаад гурил, бусад орц найрлагын үнэ нэмэгдсэн. Гэхдээ л хүмүүст  аль болох хямд үнээр бүтээгдэхүүн авах боломж олгох нь миний нэг зорилго юм.

-Бүтээгдэхүүнээ хийж байхдаа таны баримталдаг гол зарчим юу вэ? 

-Эрүүл ахуйн шаардлага, хөдөлмөрийн аюулгүй байдлыг баримталдаг. Үүнд ажлын байрны эрүүл ахуй гээд олон зүйл хамаарна. Бүтээгдэхүүн маань бүгд шинжилгээнд хамрагдсан. Миний ажил өглөө их эрт эхэлдэг. Хийж буй ажлаа дурлаж хийдэг болохоор ядарсанаа ч анзааралгүй өдийг хүрсэн байна. Хүн мөрөөдөлтэй, өмнөө тавьсан зорилготой байж амжилтад хүрнэ гэж өөрийгөө зоригжуулаад цаг мөч бүрт хичээж байна. Манай цех нь Дарханы бүх дэлгүүр захуудад бүтээгдэхүүнээ нийлүүлдэг. Цех маань таван ажилтантай. Бид цаг үетэйгээ уялдуулж бүтээгдэхүүн гаргахыг чухалчилдаг. Мөн талх, нарийн боов нь ямар ч цаг үед нэг амтаараа байх нь чанарын баталгаа шүү дээ.

-Ээж тань танд юу гэж зөвлөдөг вэ?

-Би гурван үеийн нарийн боовчин гэдгээрээ үргэлж бахархаж явдаг. Өвөө болон ээжийнхээ эхлүүлсэн энэ үйлсийг үргэлжлүүлж яваа өөртөө баярладаг. Ээж минь надад найрлагынхаа дагуу бүтээгдэхүүнээ хийж, ариун цэврийг сахиж, үзэмжтэй, амт сайтай бүтээгдэхүүн гаргаарай гэж их захина. Мөн хийж байгаа бүхэндээ сэтгэлээ шингээгээрэй гэж хэлдэг. Талх нарийн боовчин хүний хамгийн жаргалтай үе нь хийсэн бүтээгдэхүүнээ харах. Сурсан зүйл гэдэг насан туршийн өв байдаг юм байна. Би хэзээ ч өөр мэргэжил сонгодог байж гэж бодож байгаагүй. Хийж буй ажлаа дурлаж хийдэг хүн  дээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 3. ДАВАА ГАРАГ. № 66 (7051)