Б.ОД

Гадаадын иргэн, харьяатын газар (ГИХГ) дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс гадаад иргэний оршин суух үнэмлэх хэвлэх, олгох үйл ажиллагааг бие даан хэрэгжүүлэх болсноо мэдэгдэв.

Тодруулбал, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль болон Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд нийцүүлэн "Гадаадын иргэн, харьяалалгүй хүний оршин суух үнэмлэх, харьяалалгүй хүнд зорчих үнэмлэх олгох, тэдгээрийг эзэмших, хадгалах, ашиглах журам"-ыг шинэчилжээ.

"Үүнтэй холбогдуулан ГИХГ-аас хувийн хэвшлийн ААН болох "Туртелком" ХХК-аар гүйцэтгүүлж ирсэн гадаадын иргэний оршин суух үнэмлэх хэвлэх ажлын гэрээг дуусгавар болгосон.Тиймээс "Аверс секьюрити" ХХК-ийн Голомт банкны 2205140728 тоот дансыг дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс ашиглахгүй болсон" хэмээн мэдэгдлээ.

Мөн дээрх журам шинэчлэгдсэнтэй холбогдуулан оршин суух үнэмлэхэд нэмэлт өөрчлөлт, сунгалтын тэмдэглэгээ зэргийг хийхгүй бөгөөд оршин суух зөвшөөрлийн хугацаа сунгасан тохиолдолд үнэмлэхийг шинээр хэвлэж, дахин олгох юм.  

Эх сурвалж:www.polit.mn