Б.ОД

 “Монголд зочлох жил” арга хэмжээ болон хөрсний бохирдлоос сэргийлэх хүрээнд “Жорлон” үндэсний чуулган өнөөдөр болж байна.

Чуулганд салбар байгууллагын болон шийдвэр гаргах түвшний төлөөлөл оролцон хэлэлцүүлэг өрнүүлж, шинэлэг шийдэл саналыг дэвшүүлсэн технологийн үзэсгэлэн гарч, сайн туршлага хуваалцахаар 300 гаруй зочид оролцож байгаа юм. 

Энэ үеэр яамнаас энэ ажлын хүрээнд авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын албаны дарга Б.Буянэмэх болон Хөрсний бохирдол ба ариун цэврийн байгууламжийн талаар Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын албаны дарга Х.Энхбат нарын тавьсан илтгэлүүдийн онцлох хэсгүүдээс хүргэж байна.

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос автобусны буудлуудыг түшиглэсэн нийтийн ариун цэврийн байгууламжийг байгуулах төслийг боловсруулж байгаа бөгөөд автобусны буудлуудыг дулаан хүлээлгийн өрөөтэй, хажуудаа нийтийн ариун цэврийн байгууламжтай, үйлчилгээ авах боломжтой зэргээр байгуулахаар төлөвлөжээ.

Тэд энэхүү төслөө Улаанбаатар хотын захиргаатай хамтраад эхний ээлжид хоёроос гурван байршилд туршиж үзэхээр ажиллаж байгаа юм байна. 

Гол мөрний эх, усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүс, аялал жуулчлалын бүсэд байрлаж байгаа нүхэн жорлонг буулгах ажлыг зохион байгуулж, стандартын шаардлага хангаагүй 2523 нүхэн жорлон байгаагаас одоогийн байдлаар 999 жорлонг буулгажээ.

БОАЖЯ, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороотой хамтран Улаанбаатар хотын гэр хорооллын 9000 гаруй айлыг эко жорлонтой болгосон байна.

Мөн 2019 оноос хойш олгож эхэлсэн ногоон зээлийн бүтээгдэхүүний жагсаалтад иргэнд олгох гэр хорооллын нүхэн жорлон болон аялал жуучлалын байгууллагад олгох бага, дунд оврын ариун цэврийн байгууламж багтжээ.Тус зээлийг иргэнд хоёр хувийн хүүтэй, ААН-үүдэд найман хувийн хүүтэйгээр олгодог байна.

2023 онд аялал жуучлалын гол чиглэл дагуу 30 байршилд үйлчилгээний цогцолбор байгуулах бөгөөд мөн аялал жуучлалын зам дагуу 200-250 км тутамд үйлчилгээний 50-60 цэгт эко технологи бүхий жорлон барих юм.

Эх сурвалж:www.polit.mn