Б.ОД

Нийслэлд 2023 онд найман удаагийн их цэвэрлэгээ хийх хуваарийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер баталсан. Хуваарийн дагуу гурав дахь их цэвэрлэгээ буюу “Хотоо угаая” аян гуравдугаар сарын 3-наас дөрөвдүгээр сарын 14-нийг хүртэл үргэлжилж байна.

Хот тохижилтын газар УБЗАА-наас зарласан “Хотоо угаая” аяны хүрээнд нийтийн эзэмшлийн зам талбай, авто замын голын хайс хашлага, хөшөө дурсгал, биет үсэг, хогийн сав, сандал, автобусны буудлуудыг үе шаттайгаар цэвэрлэж байна.

Энэ талаар Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын Ногоон байгууламжийн албаны ахлах мэргэжилтэн Г.Оюунбат “Өнөөдрийн тухайд хөшөө дурсгал, биет үсэг зэргийг угааж, цэвэрлэж байна. Тодруулбал, Монгол, Туркийн найрамдлын цэцэрлэгт хүрээлэн буюу Улаанбаатар зочид буудлын урд талын цэцэрлэг, их зохиолч Д.Нацагдоржийн хөшөө, боржин чулуу бүхий зам талбай, торхтой модны торх зэргийг угаах ажил үргэлжилж байна.Зөвхөн аяны хүрээнд гэлтгүй сардаа 2-4 удаагийн давтамжтай цэвэрлэгээ хийж байгаа. Ингэхдээ зам талбай, ногоон байгууламжийн усалгаанд дахин цэвэршүүлсэн саарал усыг ашигладаг.  Мөн зам талбайн 279 үйлчлэгч өдөр тутам цэвэрлэгээ үйлчилгээ хийж байна” гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn