П.АМГАЛАН

 

Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс “Хямралын мэдээллийн харилцаа: Оролцогч талуудын хамтын ажиллагаа”  олон улсын төслийг хоёр дахь жилдээ хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд төр, хэвлэл мэдээлэл, иргэдийн төлөөлөл бүхий гурван талт баг Чингэлтэй дүүргийн XVII хороонд хямралын үеийн мэдээлэл  харилцааны төслийг амжилттай хэрэгжүүллээ. “Баталгаатай мэдээлэл амьдралыг аварна” уриан дор хэрэгжсэн уг төсөл нь мэдээллийг нягтлах, хуурамч мэдээллийг ялгаж таних, мэдлэг ур чадварыг  зорилтот бүлэгт олгоход чиглэв. Тус хорооны Засаг дарга В.Хүрэлбаатар "Баталгаат мэдээлэл амьдралыг аварна" төслийн хүрээнд иргэд болон, хүүхдүүдэд чиглэсэн гарын авлага, контент, мэдээ мэдээлэл, сургалт бэлтгэн хүргэсэн нь үр дүнтэй байлаа. Мөн 37 сургуулийн хүүхдүүд идэвх санаачлагатай байж үзэл бодол, өөрсдийн тулгамдаж буй асуудлыг захидалдаа тусгасан нь бидний дараа дараагийн хийх ажлын суурь болж байна”гэлээ. Тус дүүргийн XVII хорооны Иргэдийн хурлын төлөөлөгч Н.Болортунгалагийн байр суурийг сонслоо.

 

-Танай хороонд “Хямралын мэдээллийн харилцаа: Оролцогч талуудын хамтын ажиллагаа”  олон улсын төсөл хэрэгжлээ. Төслийн үр дүнг хэрхэн дүгнэж байна?

-Цахим орчинд үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл их цацагддаг. Тиймээс хорооныхоо иргэдийг худал мэдээллийг ялгаж, салгаж ойлгодог болоосой гэж дуу хоолойгоо өргөхийг хүсдэг. Тиймээс олон улсын төсөл хэрэгжих гэж буйг сонсоод манай хороонд хэрэгжүүлэх санал тавьсан. Төслийн хүрээнд хорооны иргэдэд  “Цахим орчин дахь мэдээллийг нягтлах, баталгаатай мэдээллийг ялган таних” сургалт зохион байгууллаа.  Мөн 37 дугаар сургуулийн дунд ангийн сурагчдын дунд "Цахим орчин дахь худал мэдээллээс үүдэлтэй үе тэнгийн дээрэлхэлтийг таслан зогсооё" сэдэвт сургалт зохион байгуулж, захидлын уралдаан зарласан. Төсөл хэрэгжсэн 37 дугаар сургууль 1260  орчим сурагчтай. Уралдаанд 243 захидал ирүүлж, идэвхтэй хамрагдсанд баяртай байна. Мөн хүүхдүүдийн дунд зөвхөн сургалт орж, уралдаан зохион байгуулаад дуусах биш энэхүү ажлыг цаашид илүү үр дүнтэй болгох зорилгоор үе тэнгийн дээрэлхэлтийг таслан зогсоох чиглэлд идэвхтэй ажиллах сурагчдын “Wall-E” клуб байгууллаа.  Мөн хорооны иргэд болон хүүхдүүдэд “Баталгаатай мэдээлэл амьдралыг аварна” гарын авлага хэвлүүлж  ахлах, дунд ангийн 2500 сурагчид бэлэглэлээ. Мөн хорооны иргэдэд 400 гаруй гарын авлага ном хүрсэн.Энэхүү төсөл хэдий нэг сарын хугацаанд хэрэгжсэн  ч үр дүнтэй боллоо гэж дүгнэж байна.

-Нийгмийн нэг чухал өнцгийг хөндсөн төслийн суурийг танай хороонд тавилаа. Цаашид хэрхэн өргөжүүлж, түгээж ажиллахаар зорьж байна вэ?

-Цаг үеээ олсон чухал сэдэв бүхий төсөл хэрэгжсэнд баяртай байна. Би Чингэлтэй дүүргийн Хүүхдийн номын өргөөний захирлаар ажилладаг. Чингэлтэй дүүргийн 20 сургууль 30 мянга гаруй сурагчтай. Чингэлтэй дүүргийн хүүхдийн номын өргөө ЕБС-ийн бүх сургуулиудтай харилцдаг. Тиймээс дүүргийнхээ ЕБС-ийн хүүхдүүд рүү чиглэсэн олон талт үйл ажиллагааг зохион байгуулахаар зорьж  ажиллаж байна. Цаашид цахим орчин дахь үе тэнгийн дээрэлхэлтийг таслан зогсоох чиглэлд идэвхтэй ажиллах зорилгоор төслийн хүрээнд байгуулсан “Wall-E” клубээ дэмжиж, ЕБС-ийн хүүхдүүдэд сургалт орно. Байгаа цаг хугацаа орчиндоо эерэг нөлөөлөл үзүүлж хүүхдүүддээ эрүүл нийгмийг бүтээж үлдээх юмсан гэж хичээж явдаг. Тиймээс  хүүхдүүдтэйгээ хамтраад олон ажлыг зохион байгуулна. Төслийн багийнхан манай хороонд үндэс суурийг  амжилттай тавьж өглөө. Тиймээс хүрээгээ тэлж ажиллахыг зорьж байна. Манайд үе тэнгийн дээрэлхэлттэй холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл байдаг. Үүн дээр саналаа оруулна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 31. БААСАН ГАРАГ. № 65 (7050)