С.САРУУЛ

НИТХ-ын ээлжит бус X хуралдаан үргэлжилж байна. Энэ удаагийн хуралдаанаар эзэнгүй нохой, муур устгах ажлын нэгж тарифыг шинэчлэх асуудлыг хэлэлцэж, олонхын саналаар баталсан юм. Эзэнгүй нохой, муурын тоо толгойг цөөлөх хүрээнд галт зэвсгээр устгах ажлыг тусгай зөвшөөрөл бүхий компаниар гүйцэтгүүлдэг. Гэвч сүүлийн жилүүдэд шатахуун, сумны үнэ эрс өссөн, мөн нэг цагийн хөдөлмөрийн хөлсний хэмжээ, нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдсэн зэрэг хүчин зүйлээс шалтгаалан өмнөх тарифаар гүйцэтгэх боломжгүй болсныг Улаанбаатар Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа тэмдэглэв. Тиймээс эдгээр нөхцөл байдалтай уялдуулан нохой, муур устгах ажлын нэгж тарифыг шинэчлэн батлах шаардлага үүсээд буйг тэрбээр онцолсон. Эзэнгүй нохой, муурын тоог цөөлөх өөр шийдэл олох, үржил хязгаарлах аргуудыг нэвтрүүлэх, иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдалтай холбоотой энэ асуудлыг яаралтай шийдвэрлэх зэрэг саналыг төлөөлөгчдийн зүгээс дэвшүүлж байв.

Эх сурвалж: www.polit.mn