С.САРУУЛ

Монголын Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгээс санаачлан Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан “Бяцхан эмч” хөтөлбөрийн нээлтийг Баянгол дүүргийн 11-р хорооны 57 дугаар цэцэрлэгт зохион байгууллаа.

Тус хөтөлбөрийн хүрээнд ахлах, дунд, бэлтгэл бүлгийн хүүхдүүд клубын эмчээр бэлтгэгдэж, бусад үе тэнгийн хүүхдүүддээ эрүүл мэндийн мэдлэг, мэдээллийг хүүхдийн насны онцлогт тохирсон тоглоомын аргаар түгээх юм. Хүүхдүүд гар угаах, шүд угаах болон миний биед үл хүрэх дүрэм, миний биеийн аюулгүйн дүрэм, сэтгэлзүйн карт зэрэг олон сонирхолтой сэдвийн хүрээнд бэлтгэгдэнэ.

Мөн Бяцхан эмч хөтөлбөрийн хүрээнд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран зөв зохистой хооллолт, хоолны эрүүл ахуй болон орчны эрүүл мэндийн үнэлгээ зөвлөмж, сургалтыг багш, ажилчид болон эцэг эхчүүдийн дунд хийхээр төлөвлөж байна.

Цэцэрлэгийн насны хүүхдүүд аливаа зүйлийг маш амархан сурч чаддаг. Хүүхдийг энэ үед нь зөв мэдээ мэдээллээр хангаж өгвөл ирээдүйд чадварлаг, мэдлэг боловсролтой болох тэрхүү суурь нь тавигддаг. Тус хөтөлбөрт эцэг эхчүүд, багш, цэцэрлэгийн хамт олон маш талархалтай хандаж байгаа бөгөөд гэртээ ч гэсэн ээж аав, ах эгчдээ хүүхдүүд шаардлага тавьж, эрүүл мэндийн зөв дадалд уриалж байгаа нь бидний хөтөлбөрийн гол үр дүн юм. 

МГБССН-ийн хувьд Бяцхан эмч төслийг 2017 оноос эхлэн хэрэгжүүлсэн бөгөөд одоогоор Төв аймаг, Орхон аймаг, Өмнөговь аймаг, Дорноговь аймаг, Архангай Хашаат сумын цэцэрлэгт тус тус амжилттай хэрэгжиж байна.

Цэцэрлэгийн насны хүүхдүүдийн дунд зохилон тохиолдож буй хоол боловсруулах, амьсгал, арьс, осол гэмтлийн шалтгаант өвчлөл, нас баралтыг бууруулахын тулд хүүхдэд эрүүл зан үйлийг төлөвшүүлэх сургалт, сурталчилгааг тогтмол явуулж, багаас нь зөв дадлыг эзэмшүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

Эх сурвалж: www.polit.mn