Монгол Улсын Засгийн газар, Жэй Си Ай Монгол ТББ болон Отгонтэнгэр Их Сургууль нар хамтран “ЭЕРЭГ МОНГОЛ ЧУУЛГАН - 2023”-г “Дээд боловсролын тогтолцоонд ажлын байранд суурилсан сургалтыг нэвтрүүлэх асуудалд” сэдвээр 2023 оны 03 дугаар сарын 21-нд зохион байгууллаа.

Чуулганд Монгол Улсын Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Дэд сайд С.Зулпхар, Боловсрол, Шинжлэх Ухааны Яамны Дээд болон Мэргэжлийн Боловсролын Бодлогын Удирдлага Зохицуулалтын Газрын Дарга Х.Тамир, Отгонтэнгэр Их Сургуулийн Доктор, ERASMUS-MONGWBL Төслийн Зохицуулагч А.Буянжаргал, МҮХАҮТ-ын Гүйцэтгэх Захирал Т.Дүүрэн нар илтгэл тавьж, Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбооны Гүйцэтгэх Захирал Х.Ганбаатар илтгэгч нарын хамт хэлэлцүүлгийн панелистаар оролцлоо. 

Энэ чуулганд Монгол Улсын Засгийн Газар, Төрийн байгууллагууд, Mонголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын гишүүн байгууллагууд, хувь хэвшлийн бизнес эрхлэгчид, Дээд боловсролын байгууллагуудын төлөөлөл, Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбооны төлөөлөл, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны төлөөлөл,  Жэй Си Ай Монгол ТББ-ын гишүүд, оюутан залуусын төлөөллөөс бүрдсэн 400 гаруй  хүн оролцож сэдвийн хүрээнд тавигдсан илтгэлүүдийг сонсож, хэлэлцүүлгийн үеэр саналаа хуваалцан, асуултуудаа тавьсан.

Чуулганаас гарсан зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлын хэсгийг зохион байгуулагчдын төлөөллөөс бүрдүүлэн төлөвлөгөө гарган ажиллах бөгөөд 2023 оны 09 сард ажлын хэрэгжилтийг дүгнэж, олон нийтэд танилцуулна.