Б.ОД

Шаравжамцын Энхийн-Од АНУ-ын сагсан бөмбөгийн мэргэжлийн лигт тоглохоор драфт буюу сонгон шалгаруулалтад нэрээ өгсөн талаар "ESPN" сувгийн спортын сэтгүүлч Жонатан Живони мэдээллээ.

Ийнхүү Дэйтон их сургуулийн сагсан бөмбөгийн багт тоглож байсан Ш.Энхийн-Од нь мэргэжлийн тоглогчийн замналаа эхлүүлэхээр болов. 

Сонгон шалгаруулалтад орохын тулд тоглож буй багаасаа гарах шаардлагатай бөгөөд одоогоор чөлөөт тоглогч гэсэн статустай байна.

Энэ жилийн драфт зургаадугаар сарын 22-ноос эхэлнэ. Дээрх хугацаа хүртэл мэргэжлийн багуудын бэлтгэлд хамрагдаж өөрийнхөө ур чадварыг харуулах боломжтой. 

"Райз менежмент" компанийн Скотт Вонг Николс түүний албан ёсны менежер болсон бөгөөд Кливленд Кавальерс багийн Ламар Стивенс, Даллас Маверикс багийн Грант Риллер нарын албан ёсны төлөөлөгчөөр ажилладаг. 

Ш.Энхийн-Од 2026 он хүртэл АНУ-ын мэргэжлийн лигийн сонгон шалгаруулалтад нэрээ өгөх боломжтой. Тэрбээр сагсан бөмбөгийн мэргэжлийн лигийн сонгон шалгаруулалтад нэрээ өгсөн Монголын анхны тоглогч боллоо.

 Эх сурвалж:www.polit.mn