Д.ЦЭРЭННАДМИД
Монголын их түүхийн нэгээхэн хэсэг нь нүүдэл. Тиймээс нүүдэлчин монголчууд гэдгээрээ дэлхийд нэршсэн билээ. За тиймээ. Монголчууд үеийн үед нүүдэллэн аж төрснөөрөө нутаг гэдэг олон талын агуулгатай ойлголтыг улам баяжуулахын зэрэгцээ дэлхийн өөр хаа ч байхгүй нүүдлийн баялаг өв соёлоо өдий хүртэл хадгалсаар ирсэн юм. Энэ тухай түүхийн ном сударт олонтаа дурдагдсан байдаг.
Тэгвэл монголчуудын нүүдлийн өв соёлын өнөө цагийн үнэн дүр төрхийг бүрнээ илэрхийлсэн нэг зурагт ном уншигчдын гар дээр очлоо.
Энэ бол фотосэтгүүлч Пүрэвийн Баттулга, эрдэмтэн, судлаач Б.Батхишиг нарын хамтын бүтээл “Нутаг” хэмээх монголын нүүдэлчин соёл иргэншил, монгол ахуй гэдэг ойлголтын хэв маягыг дэлхийд таниулахуйц ном юм.
Энэ номыг Лондон хотноо зөвхөн англи хэлээр хэвлүүлсэн явдал монгол нүүдэл бол орон зай, цаг хугацаанаас үл хамаардаггүй гэсэн ойлголтыг батжуулсан хэрэг юм.
Номын нээлтийн ёслол дээр доктор Б.Батхишиг ярихдаа:
-Нүүдэл гэдэг бие даасан өв уламжлал нь бэлчээрийг хамгаалах зөв зүйтэй ашиглах шилдэг арга бөгөөд товчоор хэлэхэд нутаг гэдэг ухааны нэг сэжүүр нь гээд энэ үгийг гадаад ертөнцөд яг чигээр нь нутагшуулж байж монголчууд бид дэлхий дахинд нүүдэлчин соёл иргэншлийн давтагдашгүй онцлог, давуу талыг ойлгуулж чадна. Тэгж гэмээнэ бид байгаль дэлхийгээ хайрлан хамгаалахын төлөө хүн төрөлхтний хүсэл зорилгод том хувь нэмэр оруулах юм гэлээ.
Тэгвэл фотосэтгүүлч П.Баттулга Монгол нүүдлийн өв соёлыг гэрэл зургийн хэлээр баримтжуулан үлдээх зорилгоор “ЭГЭЛ” хэмээх төслийг санаачлан ажиллаж таван жилийн хугацаанд эх орноороо 100 мянган км аялаж олон зуун зургийн сан бий болгоод байгаа юм.
Уг сангаасаа дээжлэн энэхүү Нутаг хэмээх номдоо 200 гаруй зургийг багтаасан байна. Энэ зургуудаас авах нэг багц ойлголтыг хэлэх юм бол монголчууд жилийн дөрвөн улиралд малынхаа аясыг даган нүүдэллэх өв уламжлалын олон хэв маягыг тольдон үзэж болох бөгөөд цаг улиралдаа зохицон бэлчээр сонгож чадсанаар мал нь тавтай өсч үржиж улмаар эзэн малчид нь юугаар ч дутахгүй амьдарч байгаа болон тэдний байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах сэтгэлгээ зэрэг нь мөнхийн эргэлтэд оршин буй гэж болно.
МЭӨ Х зуунаас эхлэлтэй гэж үздэг монголчуудын тэмээнд нуруу ачихаас эхлээд үхэр, тэмээн тэргээр нүүдэллэх хэлбэр одоо ч уламжлагдаж байгааг П.Баттулгын зургийн бүтээлээс тод томруун харагдаж байна.
Хөвсгөлийн их уулсын дунд орших Улаан-Уул, Цагааннуур, Ринченлхүмбэ сумын дархад түмний үхэрт нуруу ачаад туудаг, мөн цаатнуудын цаа бугаа хөлөглөн нүүдэллэж яваа зэрэг бүх дүр зураг энд бий. Эдгээр нүүдлийн хэлбэр нь өндөр уул даваатай, гол ус элбэг, мал дөнгөж цувж явахаас өөрцгүй хавцал, гуу жалга олонтой нутагт үнэнхүү зохицсоныг гэрэл зургууд “хэлж” байна.
Завхан, Говь-Алтай аймгийн нутгийг дамнан сунайх 300 км үргэлжлэх Их монгол элсийг даван нүүдэллэж яваа нүүдэлчдийн дүр зураг үнэхээр сүрдмээр.
Алив газрын хүн ардын нүүдлийн онцлогийг харуулахын тулд фотосэтгүүлч П.Баттулга урт зам туулахдаа ган зуд гээд байгалийн хатуу ширүүн үзэгдэлтэй олонтаа таарч байсан нь бүтээлийг улам баяжуулжээ.
Тэр хэлэхдээ:
-Нүүдлийн өв уламжлалыг Монголд хадгалж байгаа газрууд, хот айлд олон дахин очиж зураг авсан. Нэг нутагт 20 гаруй удаа очсон ч бий. Тэгж байж нүүдлийг зургаар бүрэн гаргах юм санагддаг гэж ярьсан.
“Нутаг” хэмээх энэхүү зурагт номыг үзэхүйд олон бүлэгтэй бүрэн хэмжээний кинотой тэнцэхээр онцгой бүтээл болжээ гэж санагдав.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 29. ЛХАГВА ГАРАГ. № 63 (7048)