С.УЯНГА

 

Хууль сахиулах байгууллага цахим залилангаас сэргийлэхийг уриалж цөхрөнгөө барж байгаа. Нөгөө талд хохирсон иргэд “хад” мөргөхөөс өөрөөр тусыг эс олов.  Дэлхий даяар секунд тутам 26 хүн, харин Монголд өдөрт 58 хүн хувийн мэдээллээ хакердуулж хэдэн тэрбум төгрөгийн эд хөрөнгө, үнэлж баршгүй сэтгэл санааны хохирол амсч байна. Тэгвэл үндэсний хэмжээний аюул болоод байгаа кибер халдлагын цаана ердөө л хэдхэн цифрийн асуудал яригддаг. Өөрөөр хэлбэл, регистрийн дугаарын найман оронтой тооны ард хүний амьдрал тэр чигээрээ багтдаг болсон нь цахим үндэстэн болох амбицийн хамгийн том эрсдэл. Тиймээс манай улс 30 жилийн дараа иргэнийхээ хувийн мэдээллийг хамгаалах хуулийг баталсан нь хүний эрхийн том дэвшил болов. Гэвч бодлого эрх зүйн орчноо гоё сайхан болгосон ч хэрэгжүүлж чадахгүй бол үр дүн ярих нь битгий хэл үдээстэй цаас болж үлдэнэ. Тэр тусмаа үлгэрлэн харуулах учиртай төр нь өөрөө хуулиа хэрэгжүүлэхгүй бүр иргэнийхээ эрхийг ноцтой зөрчиж байгааг юу гэж ойлгох вэ.

Засгийн газар Боловсролын зээлийн сангаар суралцсан хүмүүсийн мэдээллийг ил болгосон нь сайн хэрэг. Олон нийт хоёр гараа өргөөд дэмжиж байна. Хэн ч бай зээлээ төлсөн эсэхийг нь нягталж шалгаж, шахаж шаардахад төр, иргэний хяналт хүчтэй байх ёстой. Цаашид ч зөв жишиг болж үргэлжлүүлэх хэрэгтэй. Гэхдээ Монголын төр хэн нэгний мэдээллийг ил болгохдоо хүний эрхийг зөрчиж болохгүй гэдгийг мартах учиргүй юм. Тэр нь Төрийн тэргүүний хүүхэд эсвэл түмний нэг байхаас үл хамаараад төр хуулиа биелүүлж, иргэнийхээ эрхийг хамгаалах үүрэгтэй. Гэтэл Боловсрол, соёл шинжлэх ухааны яам Боловсролын зээлийн сангаас сургалтын төлбөрийн дэмжлэг авсан хүмүүсийн мэдээллийг ил болгохдоо олон нийтэд таалагдахаа л бодсоноос биш үүнийх нь цаана иргэн ямар эрсдэлд орж байгааг анзаарсангүй. Мэдээлэл задарч нийгмийн шүүлтүүрэнд ороод бүхэл бүтэн долоо хоног өнгөрч байхад иргэдийн регистрийн дугаар бүхий хувийн мэдээлэл цахим сүлжээнд дэлгээстэй “хэвтэж” байх жишээтэй. Эрэн сурвалжилж байгаа гэмт хэрэгтний хувийн мэдээллийг ил болгохдоо хүртэл шүүхийн захирамж хүлээдэг байтал төрийн мөнгийг зээлж боловсрол эзэмшсэн 1900 гаруй хүний талаас илүүгийнх нь хувийн нууц мэдээлэл бүтнээрээ талаар нэг тарчихлаа. Ингэхдээ зүгээр ч нэг санамсаргүй тохиолдол биш төрийн яамны албан ёсны сайтад гарсан байх юм.

Тухайн иргэний регистрийн дугаарыг хальт анзаарахад л  хаана төрсөн, хэдэн настайгаас нь эхлээд бүгд ил тод харагдаж байна. Цаашлаад аль нэг ухаалаг системд регистрийнх нь дугаарыг оруулаад хэн бэ гэдгийг нь төвөггүй мэднэ. Гэрийн хаяг, утасны дугаар, боловсрол, машин тэрэг, эд хөрөнгө, ам бүлээс эхлээд эрүүл мэндийнх нь нөхцөл байдлыг ч олж үзэх боломжтой. Уг нь хүний эрүүл мэндийн асуудал бол эмзэг, маш нууц хэсэгт хамаардаг. Магадгүй энэ бүхнийг буруу замаар ашиглаж мэдэх юм. Хамгийн ноцтой нь төрийн хамгаалалтад байх учиртай хувийн нууц мэдээлэл хакеруудад бэлэн өгөөш болохыг үгүйсгэх аргагүй. Хэрэв өөрийнх зөвшөөрөлгүй мэдээллийг нь тарааснаас болж тухайн иргэн ямар нэг байдлаар кибер халдлагад өртөж эд мөнгө, сэтгэл санаа, нэр төрөөрөө хохирвол төр хариуцлага хүлээх үү. Эрсдлийг хэн даах вэ. Тиймээс цагдаа нар цахим залилангаас иргэдийг сэрэмжлүүлэхээс гадна өөрөө ч мэдээгүй байхад нь ийм том эрсдэлд оруулж байгаа төрдөө ч гэсэн хуулийг нь сахиулах шаардлага гарлаа.

Хуульд “хүний хувийн мэдээлэл” гэж эмзэг мэдээлэл болон хүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, төрсөн он, сар, өдөр, төрсөн газар, оршин суугаа газрын хаяг, байршил, иргэний бүртгэлийн дугаар, хөрөнгө, боловсрол, гишүүнчлэл, цахим тодорхойлогч, хүнийг шууд болон шууд бусаар тодорхойлох, эсхүл тодорхойлох боломжтой бусад мэдээллийг хэлнэ” гэж заасан. Мөн эдгээр мэдээллийг авч ашиглахдаа өгөгдлийн эзнээс зөвшөөрөл авна. Ямар нэг эрсдэл учрахаас сэргийлнэ гэдгийг тов тодорхой хуульчилсан. Гэтэл эзнээс нь зөвшөөрөл авах нь битгий хэл иргэнийхээ эрхийг ноцтой зөрчиж эрсдлийн өмнө өгөөш болгож орхилоо.

Хүний хувийн мэдээлэл хамгаалах болон Зөрчлийн хуульд зааснаар эзнээс нь зөвшөөрөл аваагүй, хууль зөрчиж мэдээллийг нь ашигласан бол хариуцлага хүлээлгэхээр заасан. Өөрөөр хэлбэл, анх сургалтын төлбөрийн зээл өгнө гэж хэлж нууц мэдээллийг нь авчихаад сүүлдээ гэмт хэрэгтэн мэтээр олон нийтэд ойлгуулж тарааж байгаа нь хэр зохистой вэ. Ингэж харвал олон зууны иргэнийхээ хувийн мэдээллийг зөвшөөрөлгүй тараасан төр, төрийн албан тушаалтан ямар хариуцлага хүлээх вэ. Хууль сахиулагчдын  иргэдэд тавьдаг шаардлага, тооцдог хариуцлага төрд ч гэсэн тэр дундаа төрийн эрх бүхий өндөр тушаалтанд ч адилхан үйлчлэх учиртай.Тэр нь дарга уу, цэрэг байна уу гэдгээс үл хамаарна.  Тиймээс Боловсролын зээлийн сантай холбоотойгоор хувийн нууцад хамаарах мэдээллээ “алдаж” эрсдэлд орсон иргэд хүний эрхийн байгууллага, хууль шүүхэд гомдол гаргах бүрэн эрхтэй юм. Ингэж л иргэн бүр регистрийн дугаараа хамгаалахаар тэмцэхгүй бол өнөөдөр зээл авсан хүмүүс, маргааш над дээр, тань дээр ямар нэг байдлаар давтагдаж мэднэ шүү. Иргэд мэдлэг, мэдээлэлтэй л байхгүй л бол хохироод үлддэг нийгэм болох нь. Энэ асуудалтай холбоотойгоор хуульч, өмгөөлөгчид ямар байр суурьтай байгааг хүргэе.

 

ЭКСПЕРТИЙН ҮГ

 

Хуульч Л.Галбаатар: Хувийн мэдээллийг яам ил гаргасан бол хариуцлага сайд, ТНБД-ын түвшинд яригдана

 

-Регистрийн дугаараар хүнийг хэн бэ гэдгийг бүрэн тодорхойлох боломжтой. Төр хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ иргэний хувийн мэдээллийг зарлах зайлшгүй шаардлага гарлаа гэхэд регистрийн дугаарыг бүтнээр нь тавьж болохгүй. Аль нэг хэсгийг нь заавал нууцлах ёстой. Адилхан нэртэй хүмүүсийг ялгахын тулд регистрийн дугаар тавих шаардлага үүсвэл үсэг юм уу эхний дөрвөн орон юм уу сүүлийн 3-4 оронг нь нууцалж болно. Хувийн мэдээлэл ашиглах бол аль болох бага мэдээлэл ашиглах, задруулах зарчимтай. Хувийн мэдээллээ олон нийтэд хууль бусаар цацлаа гэж үзэж ХЭҮК-т хандвал мэдээллийг нь ил болгосон байгууллагад хууль зөрчсөн үйлдлээ зогсоох агуулгатай шаардлага юм уу зөвлөмж хүргүүлнэ. Хувийн мэдээллийг задруулсан бол зөрчлийн хариуцлага яригдана. Анх зөвшөөрөл авснаас өөр зорилгоор хувийн мэдээллийг нь ашигласан бол хуулийн этгээдийг таван сая, хувь хүнийг 500 мянган төгрөгөөр торгох хуулийн зохицуулалттай. Хувийн мэдээллийг яам ил гаргасан бол сайд юм уу Төрийн нарийн бичгийн даргын түвшинд яригдана.

 

 

Хуульч, өмгөөлөгч Б.Наранцэцэг: Регистрийн дугаарыг ашиглахдаа хувиргаж, нээлттэй өгөгдөл болгох ёстой

 

-Хүний регистрийн дугаар бүхий хувийн мэдээллийг төрийн байгууллага нийтэд зориулж тодорхой зорилгоор ашиглахдаа тухайн иргэнийг тодорхойлох боломжгүй болгож хувиргаж, нээлттэй өгөгдөл болгох ёстой. Үүнийг Хүний хувийн мэдээлэл хамгаалах болон Нийтийн мэдээллийн ил тод байдлыг хамгаалах хуулиар зааж өгсөн. Тухайлбал, регистрийн дугаарын зарим хэсгийг нууцална. Төр иргэний регистрийн дугаарыг нууцлахгүй бүтнээр нь ил болговол кибер аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэгдэх эрсдэлтэй. Регистрийн дугаар хүнийг бүрэн тодорхойлдог учраас энэ мэдээллийг ашиглаж бүртгэлтэй банк болоод бусад нууцлалыг олж авах, эрсдэлд оруулж бүрэн боломжтой. Тиймээс төр иргэнийхээ хувийн мэдээлэлд анхааралтай хандах шаардлагатай.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 29. ЛХАГВА ГАРАГ. № 63 (7048)