Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА

 

Театрын хаалгаар ороход баярласан, догдолсон, нэг нэгнээ халуун дотноор тэвэрч, баяр хүргэсэн дүр зураг нүдний өмнө зурайх. Өндөр өсгийтөөр өөрийгөө тунхагласан театрын бүсгүйчүүд, гоёмсог хослолоор өнгө нэмсэн танил залуус. Тэд өчигдөр баярлаж байв. Дэлхийн театрын өдрийг тэмдэглэж буй нь энэ. Гэхдээ энэ удаа хэн нэгэндээ шагнал урамшуулал өгч, хөөрч баясахыг урьтал болгосонгүй. Харин ч “Амьд театр” хэлэлцүүлгийг зохион байгуулж, салбарынхаа асуудлыг ярилцаж, санал бодлоо солилцсон юм.

Энэ цаг мөчид театрын улаан хамбан хөшиг нээгдэхэд үзэгчид бодит амьдралаас тасарч, тайзнаа тоглох жүжгийн утга агуулгад уусан шингэдэг билээ. Тэгвэл энэ удаад тэрхүү алтан тайзан дээр дугуй хэлбэрийн тайз засч, сандал эгнүүлэн тавьсан байв. Хэлэлцүүлэг эхлэх үед тэдгээр сандалд энэ өдрийн эрхэм зочид сууж, театр тойрсон асуудлаар ярилцахад бэлэн болжээ. Анх 1961 онд Франц улсын Парис хотноо алдарт Сара Бернарын театрт дэлхийн олон орны зочид төлөөлөгчид, театрын зүтгэлтнүүд цуглаж, өөр өөрсдийн жүжгээ тоглож сонордуулсан нь өвөрмөц, сайхан баяр болжээ. Наадамд оролцсон уран бүтээлчид “Эв нэгдэл харилцан ойлголцол энх тайван” уриан дор нэгдэж тэндээс жил бүр театрын баярыг хүн төрөлхтөний баяр болгохоор шийдвэрлэснээр Дэлхийн театрын өдрийг тэмдэглэдэг болсон түүхтэй. Харин Монгол Улсад 1990-ээд оноос энэ баярыг тэмдэглэдэг уламжлал тогтжээ.

Өнөөдөр яагаад амьд театрын тухай ярих болов. Тэгвэл дэлхийн театрын урлагт өөрийн онолыг бий болгосон В.Э.Мейерхольд тэртээ 1900 оны эхээр театрын тухай онолыг тодорхойлсон билээ. Тэгвэл түүний амьд, үхмэл, ядмаг хэмээн ангилсан театрын шуургыг Монголын театрт ч он цагийн урсгалд даван  туулжээ. Түүний онолын тухай “Бадрангуй урлаг” ТББ-ын эрхлэн гаргасан В.Э.Мейерхольд номонд тодорхой бий.

“Амьд театр” хэлэлцүүлэгт Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар, Ардын жүжигчин, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Мөнхдорж, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Н.Сувд, “Боролдой” студийн захирал С.Мягмар,  "Глоб интернэшнл” ТББ-ын тэргүүн Х.Наранжаргал, найруулагч Ц.Хүсэлбаатар, урлаг судлаач Ц.Батсайхан тэргүүтэй 20 гаруй уран бүтээлч оролцож санал бодлоо солилцсон юм. Хэлэлцүүлгийг нээж УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар “Театрыг би хамгийн өндөр уулын оргил дээр буй сүм гэж хардаг. Энэ сүмийн оргилд ямар хүн гарахыг хүн бүхэн хардаг ч юу хашгирахыг нь  л хүлээж байдаг. Тиймээс тэр тавцан дээр хэн гарч, бусдад юуг уриалах ёстой вэ гэдэг их  чухал. Магадгүй тэр тавцан дээр ёс бус хүн, авьяасгүй хүн ч гараад хашгирчихдаг. Тэгэхээр бидний өнөөдрийн хэлэлцүүлэг тэр тавцан дээр хэн байх ёстой, юу ярих ёстой вэ гэдэг цэгээс эхэлнэ гэж бодож байна” гэв.

 

“Театр өөрөө амьдрал юм”

Гэтэл үзэгчдийн хэсгээс цагаан хослолоор гоёж, гартаа цүнх барьсан театрын  захирал О.Гэрэлсүх “Энэ театрт хүн байна уу. Зохиолч найруулагч хоёр хаана байна” гэх дуу хадав. Түүний дуунаар зохиолч О.Амгаланбаатар, найруулагч Н.Ялалт нар тайзнаа гарч ирлээ. Тэд жүжиг бүтэхэд тулгамдаж буй асуудлын тухай ярилцах нь содон. Шинэ бүтээлийнхээ төлөө тайзан дээр зөрчилдөж харагдана. Энэ бол хэлэлцүүлгийн үеэр тайзан дээр амилсан “Фауст” жүжгийн нэгээхэн хэсэг байсан юм.

Ийнхүү жүжигчилсэн тоглолтын дараа “Монголын театр дэлхийд тэргүүлэх боломжтой юу, Бид дэлхийгээс хоцорч явна уу, Бид дэлхийтэй хөл нийлүүлж явна уу” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг эхэлсэн юм. Төрийн соёрхолт, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Н.Сувд “Хэрэв дэлхийн театрын урлагийн газрын зураг гэж байдаг бол түүн дээр Монголын театр гэдэг зураг хэрхэн тод зурагдсан нь чухал. Манай театр 1930-аад оны үед Монголд ийм театр бий гээд онцлогийг нь  олон улсад таниулчихсан. Тэр үеэс түвшин дордолгүй, өнөөдрийг хүртэл уран бүтээлээ туурвисаар байна. Хамгийн гол нь Монголын театр музей болоогүй. Өнөөдөр энэ ариун сүмд ахмад, дунд, залуу үеийн уран бүтээлчид хамтарч ажиллаж чадаж байна. Хуучин туршлага, уламжлал нь, залуу үеийн шинэ сэтгэлээ нь ч байна. Үүнийг би найруулагчдын ур чадвар, жүжигчдийн ур чадварын түвшингөөр нь харьцуулахад дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж чадаж байна гэж дүгнэнэ” гэв. Түүний дараагаар "Глоб интернэшнл” ТББ-ын тэргүүн Х.Наранжаргал “Дэлхийн театрууд техник технологийг уран бүтээлдээ ашиглах нь элбэг болжээ. Жишээлбэл, онлайн, бүр зүүм театр ч гэж байна. Мөн цар тахлын хэцүү үед театр ингээд мөхөх үү гэсэн асуулт дэлхийн театрын уран бүтээлчдийн дунд байсан. Харин гаргалгаа нь театр мөхөхгүй. Учир нь театр өөрөө амьдрал юм гэсэн шийдэлд хүрчээ. Театр өөрөө мөнх болохоор мөнхийн сэдвийг л хөнддөг. Жишээлбэл, Шекспирийн бүтээлүүд. Түүний хайр сэтгэл, өс хонзонгийн сэдэв хэзээ ч хуучрахгүй. Харин миний хувьд Монголын театр дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж байгаа гэдэгтэй санал нэг байгаагаа бахархалтайгаар хэлмээр байна. Мөн Монголын театрын хөгжилд өрсөлдөөн чухал. Гэхдээ энэ нь уралдаан биш шүү. Үүний тулд өөрийн онцлогтой, хувийн театруудыг байгуулах хэрэгтэй. Үүнээс гадна театрын шүүмж бичдэг судлаачдыг бодлогоор бэлтгэх ёстой” гэсэн юм. Дэлхийн театрын олон онолчид театрыг тодорхойлсон байдаг. Түүнээс Б.Брехтийн туульсын онол, .Э.Мейерхольдын нөхцөлт илэрхийллийн театрын арга барил,  онцолж болох ажээ. Тэд өөр өөрийн арга барилаар театрт шинэчлэл хийж чадсан юм. Энэ удаагийн хэлэлцүүлэгт оролцогчид ч тэдний тухай онцлон дурьдаж байсан юм. 

Харин “Боролдой” студийн захирал С.Мягмар энэ сэдвийн хүрээнд “1990-ээд он бол Монголын театрын үхмэл үе юм. Үүнээс өмнөх үе бол театрын хөгжил зөв замаар явж байсан юм. Бид дэлхийн театртай хөл нийлүүлэн алхах болоогүй байна. Хаа ч байсан юм. Одоо л театр үхмэл байдлаасаа гарч, гар хөлөө хөдөлгөх хэмжээний болж байна. Амьдрах гэсэн эхний оролдлогоо ирж байгаа нь энэ. Өмнө нь намын дарга театрыг удирддаг байлаа шүү дээ” гэв.

 

Театрын хууль гэж байх ёстой

 

Хэлэлцүүлгийн үеэр найруулагч н.Батсайхан Монголын театрын урлаг дэлхийтэй хөл нийлүүлэн алхахаас гадна өөрийн ялгарлыг бий болгох ёстойг онцолж байсан юм. Тэрбээр “Бид өнөөдөр театрын олон төрлийг хөгжүүлэх ёстой. Гэхдээ энэ нь бусдаас ялгарах, монгол гэдгийг илэрхийлэх нь чухал. Жишээлбэл PRO театр нэг иймэрхүү уран бүтээл хийдэг дээ, Э.Ёндоншарав л энэ жүжгийг найруулсан байна гэдэг ч юм уу” гэв. 

Ийнхүү ирсэн зочид сэдвийнхээ хүрээнд чөлөөтэй ярилцаж дууссаны дараа тайз харанхуйлав. Аажмаар гэрэл өгөхөд тайзны голд Гамлет. Жүжигчин С.Болд-Эрдэнэ “Орших уу эс орших уу” монолог. Түүнийг тайзан дээр гарахад тайз дээшээ хөөрч, тавцан эргэлдэж эхлэв. Энэ нь мөн л театрын жүжигчдийн уран бүтээлчдийн барьсан бэлэг байсан юм. Ингээд хэлэлцүүлгийн дараагийн сэдэв эхэллээ. Энэ удаад уран бүтээлчид “Театрын хөгжлийн хүчин зүйлс” сэдвээр хэлэлцсэн юм. Энэхүү хэсэгт илүү Монголын театрын урлагийн бодлого, хөгжлийн төлөө бид юуг хийх ёстой вэ гэсэн том агуулгын дор ярилцах байв. Найруулагч Н.Болд. Тэрбээр Соёл урлагийн бодлогын газрын даргаар ажиллаж, шийдвэр гаргах түвшинд удирдах албан тушаал хашиж байсан билээ. “Манай киноны уран бүтээлчид хуультай болчихлоо. Гэтэл театрын хууль гэж хаана байна вэ. Өнөөдөр бид тусгаар тогтносон оронд амьдарч байгаа бол хуулинд л захирагдах ёстой. Тиймээс театрын хуулийг яаралтай боловсруулмаар байна. Хэрэв хуультай болчихвол театр дагасан олон асуудал цэгцэрнэ. Бид нэгэн үе хамгийн сайн уран бүтээлчид төв театрт ажиллах ёстой гэсэн бодлого баримталдаг байлаа. Харин жаахан сахилга батгүй нэгнийг нь орон нутаг руу явуулчих жишээний. Харин энэ тогтолцоо одоо өөр болсон. Хот болоод орон нутгийн театрууд ижилхэн хөгжиж байна” гэсэн юм. Өнөөдөр манай уран бүтээлчид 2021 онд шинэчлэгдсэн Соёлын тухай  хуулийг баримталж байгаа билээ. Харин Н.Болд найруулагчийн яриаг тасалж найруулагч С.Мягмар “Театрын хууль гэж хэрэггүй. Уран бүтээлд төр хутгалдах ёсгүй. Хэрэв хуулинд баригдаад эхэлбэл ямар ч утгагүй болно. Дарангуйлагч нар хуулиар далимдуулдаг, хуулиар далимдуулж үзэл суртлаа тулгадаг” гэсэн юм. Энэ удаагийн хэлэлцүүлэгт театрын уран бүтээлчдээс гадна кино салбараас төлөөлөл оролцсон юм. Найруулагч Ц.Хүсэлбаатарыг уншигчид хамгийн сүүлд “Хиртээгүй сарнай” киногоор нь мэднэ. Тэрбээр энэ сэдвийн хүрээнд үзэл бодлоо илэрхийлэхдээ мэргэжлийн урлагийн сургуулиудын боловсон хүчинг бэлтгэж буй багш нарын цалингийн тухай сэдвийг онцолсон юм. Урлагийн сургуулийн багш нар 700.000 төгрөгийн цалингаар амьдрахад хэцүү тухай тэрбээр ярьсан. Тиймээс аливаа урлаг жамаараа хөгжихөд сайн багшийн үүрэг их гэдгийг ч хэлж байв. Ийнхүү энэ удаагийн “Амьд театр” хэлэлцүүлэг театрын урлагийн хөгжлийн талаарх олон санаа, гарц гаргалгааг ярилцсан, үр өгөөжөө өгсөн, сонирхолтой боллоо. Сурвалжлагаа Төрийн соёрхолт, Хөдөлмөрийн баатар,  Ардын жүжигчин Н.Сувдын хэлсэн “Монголын театр музей болоогүй” гэсэн үгээр өндөрлөе.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 28. МЯГМАР ГАРАГ. № 62 (7047)