Сүрнээгийн УЯНГА

 

Усны шувууд даль жигүүрээ цуцаан тэмүүлсээр хүрдэг, мичид шүргэм оргил, цавчим өндөр уулстай. Урин дулаан цагт ч дөрвөн улирлын өнгө сүлэлдэн байдаг мөнх цасны орон Цаст их Алтайг мэдэхгүй Монгол хүн үгүй биз ээ. Тэр л сүрлэг уулсын өвөр бэлд өсч өндийж, Алтайн Урианхайчуудын дундаас төрөн гарсан олон баатруудын нэг. Тэр дундаа барилгын цэргийн салбараас төрсөн Цаст Алтайн анхны баатар Б.Цээхээгийн арвин баялаг амьдралын тойрогт саатлаа.

Тэртээ XVI жарны усан хонь жилийн хаврын сүүл сарын шувтаргаар буюу 1943 онд Баян-Өлгий аймгийн Жаргалант Сагсай суманд урианхай хөвүүн мэндэлсэн нь хожмоо төрдөө үнэлэгдэж, түмэндээ хүндлэгдсэн Б.Цээхээ байв. Тиймдээ ч түүний амьдрал монгол түмний туулж өнгөрүүлсэн социалист байгуулалтын үеийн нэгэн  төлөөлөл. Ажил амьдралынх нь замнал бол эгэл жирийн малчин гаралтай, ажилчин хүн эх орныхоо төлөө хэрхэн зүтгэж, хөдөлмөрлөдөг байсан, хэрхэн аж төрж ирсэн, орчин цагийн монгол хүн хэрхэн төлөвшсөнийг харуулах тун сонирхолтой түүхийн гэрч юм.

 

“ХУВЬ ЗАЯА НАМАЙГ НОЁНЫ УДАМ БОЛГОСОН”

 

37 настай "Хөдөлмөрийн баатар" Б.Цээхээ

Сүрлэг их Алтайн өвөрт төрж өссөн даруухан бор хүү 15 наснаасаа ажил амьдралын их замд гарч эр цэргийн албанаас их барилгын бүтээн байгуулалтыг гардан босгогчдын нэг болж, тэр л салбартаа амьдралаа зориулсан. Түүний амьдралын жанжин шугам “Аливаа ажлыг санаандаа хүртэл хийх чин сэтгэл, чамбай зүтгэл” гэсэн зарчмаас ухраагүй явж иржээ. Нэг эгч, есөн хүүгийн том нь болж төрсөн Б.Цээхээ баатар хэдийгээр мал хөрөнгөтэй, мянгат малчин айлын хүү болж төрсөн ч хар багадаа хагацал үзжээ. Тэрбээр “1940-өөд онд монголчуудын хувьд олон талаар амаргүй цаг үе байсныг түүх гэрчилдэг. Дэлхийн хоёрдугаар дайн болж бараа таваар хомсдон, идэж уух, өмсөж зүүхээр гачигдаж байсан цаг.

Манайх эгэл жирийн малчин гэр бүл. Төрсөн эцэг Ч.Жүгнээ удам судар сайтай, их ажилч малч хүн байсан. Бөхөний хотгорын өмнөд хэсгийг Жүгнээгийн хонин сүрэг, цагаан сарлаг дүүргэдэг байсан гэж нутгийнхан ярьдаг. Харамсалтай нь балчирхан насандаа төрсөн эцгээсээ хагацсан ч төөрөг заяагаар Билэгт аавын хүү болсон. Би хоёр сайхан аавтай азтай хүн. Миний аав Билэгт бол Ховдын хязгаарын Алтайн урианхайн Мээрэнгийн буюу Зүтгэлт гүний хошууг хэдэн үеэрээ удам залган захирч ирсэн алдар цуутай ноён Самбуудоржийн Цагаанбилэгтийн ач хүн. Өвөө гурван төрд хүчин зүтгэсэн нэр алдартай, ноён, төрийн зүтгэлтэн хүн байсан. Цаг үеийн хатуу шаардлагаас хамаарч аавд минь гэр бүл, ахуй амьдралаа хамгаалах шаардлага тулгарч, нутаг сэлгэн нүүснээр би гэдэг хүн хоёрдугаар ангиасаа сургуулиа түр орхихоос аргагүй болсон юм. Угаас ч үеийн залуустай морин дэл дээр хийсч хамт давхилдахыг хүссэн хэрэг. Гэвч удалгүй аав энэ чиний явах зам биш гээд 1958 онд аймгийн арван жилийн сургуулийн галч болгосон. Хамт сурч байсан хүүхдүүдийнхээ дэргэд буцаад галч болоод очихоор эхлээд санаа зовмоор байсан ч аав, ээждээ тус дэм болохыг бүхнээс эрхэмлэж байсан учраас тоогоогүй ээ. Арван хэдхэн настай надад өөрөөсөө том овор ихтэй байшин галлана гэдэг амар ажил биш. Түлээ модоо өөрөө бэлтгэнэ, зөөнө, галлана. Шүдэнз ч олдохгүй юм юм л ховор цаг байлаа шүү дээ. Тэглээ гээд шантраагүй. Удалгүй галчаар сайн ажилласан гэж шагнуулж, аав ээжийгээ баярлуулсан даа. Өөрийн хүчээр сар бүр 170 төгрөгийн цалин авч гэр бүлдээ нэмэрлэнэ гэдэг юунаас ч илүү аз жаргал байв” гэлээ. Тийнхүү галчаар ажлаа эхэлсэн бол сургуулийнхаа гал зууханд туслах тогоочоор дэвшиж, цалин ч нэмэгджээ.

 

ЭХ ОРОН, ИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭСЭН ЗАЛУУ НАС

1974 онд ХАА-н бригадын дарга нарын байнгын курсын барилгыг 11 сарын хугацаанд ашиглалтад оруулав. Яг үүн шиг барилга Тосонцэнгэлд 11 жил, Хэнтийд есөн жил баригдаж байжээ.

Б.Цээхээгийн амьдралд эргэлт гаргасан нэгэн үйл явдал тэртээ 1960-аад оны эхээр тохиосон нь эх орны дуудлага байв. Барилгачин дайчдын гараар сүндэрлэн боссон өнөөгийн Дархан хотыг байгуулах их үйлсэд 19 настай хөвгүүн хүчин зүтгэж эхлэв. Хоёр жил барилгын цэргийн алба хаахдаа ЗХУ-ын Лениногорск хотод 1.6 жил суралцаж нарийн мэргэжлийн өрлөгчний “Онц” дүнтэй улаан диплом өвөртөлж ирсэн нь Б.Цээхээ байлаа. Зөвлөлтөд өнгөрүүлсэн он жилээ “Лениногорскт суралцсан хоёр жил шахам хугацаа бол нутаг уснаасаа холдож үзээгүй олон залуусын нүдийг нээж, сэтгэлийг баясган, урам зоригийг хөгжөөсөн дөө” гэв. Тухайн үед барилгын техник мэргэжлийн сургууль төгсөгчдийг мэргэжлийн гуравдугаар зэрэгтэй төгсгөдөг байсан бол Б.Цээхээ, Сандуй нар өрлөгчний хоёрдугаар зэрэг, 45 рублийн шагналтай нуцаг буцсан гэдэг. Ийнхүү 1966 оноос хойш түүний ажил амьдрал бүхэлдээ Барилгын цэргийн 073 дугаар ангитай салшгүй холбогдлоо. Энэ үед Монгол оронд их бүтээн байгуулалтын ажил ид өрнөж, зөвхөн барилгын цэрэг гэхэд л армийн бүрэлдэхүүний талаас илүү хувийг эзэлж байсан гэдэг. Зарим үед түүнийг офицер болохыг санал болгож, хугацаанаас өмнө дэслэгч цолоор шагнасан ч Б.Цээхээ мөрдэс зүүх биш барилга барьж бригадаа удирдах их хүсэлд хөтлөгджээ. “Энэ бол миний бахархал. Би өрлөгчнөөрөө үлдээд ер алдаагүй. Хүссэн, сонирхсон ажлаа сэтгэл хангалуун хийж зорьж тэмүүлж, зүтгэж ирснээрээ бахархдаг” гэж эрс шулуун хэлж явснаа ч хагас зуун жилийн дараа дурслаа. Зөвлөлтөд мөр зэрэгцэн суралцсан 200  залуу бүгд л эх орныхоо өнцөг булан бүрт их бүтээн байгуулалтад гар бие оролцож, олон зуун барилга сүндэрлүүлж явснаас Б.Цээхээ, С.Хэрлэн, Ж.Ишгэнхүү нарын нэг ангийнхан “Хөдөлмөрийн баатар” цол хүртжээ.  

Б.Цээхээ би л барилгачин гээд үргэлж шавар, шохойтой зууралдсан нэгэн бас байгаагүй. Мэргэжил боловсролоо байнга дээшлүүлж, дотоод төдийгүй гадаад руу ч сурч хөгжиж ирэв. Түүний их барилгын салбарт хөдөлмөрлөж зүтгэсэн бүхий л хугацаанд барьж босгосон барилга болгоны тухай өгүүлнэ гэвэл бүхэл бүтэн ном болох байх. Энд заримаас нь дурдвал, мод боловсруулах үйлдвэр, эсгий гутлын үйлдвэр, Арьс шир боловсруулах үйлдвэр, Талхны завод, Хилийн ба дотоодын цэргийн байр, Төрийн ордны өргөтгөл, цэргийн хэвлэх үйлдвэр, сургууль, цэцэрлэг яслийн барилга гээд цааш хөвөрнө. Өөрөөр хэлбэл, өнөөгийн хүн бүхний сайн мэдэх Төрийн ордны өнөөгийн дүр төрх, хэлбэр байдлыг Б.Цээхээ баатрын удирдсан хамт олон бүтээн цогцлоосон түүхтэй. Баатар маань “Тухайн үед Т.Рагчаа дарга бидэн дээр ирээд яг үүн шиг барилга Тосонцэнгэлд 11 жил, Хэнтийд есөн жил баригдсан. Гэтэл та нар жил хүрэхгүй хугацаанд 11 сарын хугацаанд барьчихлаа. Их ч юм ойлголоо” гэж байсан. Бид тэр үед яавал аль болох зардал бага гаргаж, оногдсон үүргээ чанартай сайн биелүүлэх вэ гэж бодож зүтгэсэн. Хөдөө аж ахуйн баригадын дарга нарын байнгын курсын барилгыг бид хугацаанаас нь есөн сарын өмнө ашиглалтад оруулсан. Мөн 75 хүүхэд хүлээн авах цэцэрлэгийн цогцолборыг хагас жилд барьж хүлээлгэж өгч байлаа. Гэхдээ хамгийн гол нь чанар шүү дээ” гэв. Үүгээр зогсохгүй барилгачин баатрын удирддаг бригад Улаанхуаран дахь 16-дугаар хорооллын 600 айлын угсармал орон сууцнаас эхлээд Монгол оронд эрчимтэй өрнөсөн их бүтээн байгуулалтын магнайд нь явсан юм.

1973 онд МАХН-ын Төв хорооноос ЗХУ-ын алдарт барилгачин Н.А.Злобины туршлагыг дэлгэрүүлэх, ажил сайжруулахаар болж барилгын цэрэгт анх удаа “Барилгын нэгдсэн тооцоотой бригад” байгуулж Б.Цээхээ удирдан ажиллаж байлаа.

 

“ХӨДӨЛМӨРИЙН БААТАР”-ЫН БОЛЗЛЫГ 27 НАСАНДАА ХАНГАСАН Ч...

 

“Миний удирдлага, хамт олон гурван ч удаа “Хөдөлмөрийн баатар”-т тодорхойлсон юм. Урьд нь нэг л болж өгөхгүй тэр өндөр босгыг давж чадахгүй байсан” гэж даруухан өгүүлэх. Гэтэл үнэн хэрэгтээ нарийн учир нь сүүлд тодорчээ.  Барилгын цэргийн ерөнхий газрын хэлтсийн дарга, хурандаа Дарамбазар гэрт нь зочилж цайлж суухдаа “Манай Цээхээ ноён болох хүүхэд байсан юм билээ. Нарийн судлаагүй бол мэдэхгүй байлаа. Баатар болгох гээд нэг л болж өгдөггүй. Тэгээд Батлан хамгаалах яамнаас зориуд хүн гаргаж судлуулсан” гэж хэлжээ. Өөрөөр хэлбэл, “Хөдөлмөрийн баатар”-т тодорхойлохоор л таг болчихоод байсных нь зангилаа нь Б.Цээхээг “эсэргүүний хүүхэд баатар болох гэж байна” гэсэн матаас очсоных байжээ. Энэ талаар дурсахдаа “Аавын аав Цагаанбилэг ноён гурван удаа баригдаж, хөрөнгөө хураалгаж, үр хүүхдийг нь цаазалж хороогоод өөрийг нь жинхэнэ эх оронч хүн байсан хэмээн цагаатгасныг судалж тогтоосон юм билээ. Ховдын архивт хадгалагдаж байгаа Цагаанбилэг ноёны баримт сэлтийг харахад эсэргүүн биш үндэсний эрх чөлөөний тэмцлийг дэмжин, Ховд хотыг Манж-Хятадаас чөлөөлөх үйл хэрэгт Алтайн Урианхайн 50 цэрэг удирдан оролцож явсан гавьяатай гэдгийг олж мэдсэн.Тэр үед манай дарга нар миний төлөө тэгж л санаа тавьж, хичээж зүтгэж байсанд баярламаар, бахархмаар. Ингэж л олон дахин тодорхойлогдож саатан буцаж байж БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн 1981 оны  гуравдугаар сарын 13-ны 66 дугаар зарлигаар Хөдөлмөрийн баатар хэмээх эрхэм алдарыг хүртсэн дээ. Би 37 настай байсан. Надад “Хөдөлмөрийн баатар” цол олгох асуудал яригдахад Т.Рагчаа дарга “Энэ залуу 10 жилийн өмнө л баатар болох байсан хүн. Одоо болтол яагаад аваагүй юм” гэж хурал дээр хэлж бүгд санал нийлсэн юм билээ. Тэр үед “Энэ хүн яагаад олон жил шагналаас мултраад яваад байдаг юм бэ” гэж тусгай комисс гаргаж Өлгий, Ховд руу хүн томилж судлуулж замыг минь засаж цайруулж өгсөн дөө” гэж өвгөн баатар хүндэтгэн дурсаж сууна. 

 

ХҮМҮҮНЛЭГИЙН ҮЙЛСТЭЙ БААТАР БАРИЛГАЧИН

2023 он. Б.Цээхээ, Л.Хүүхэнээ нар зээнцэрийн хамт.

Барилгын салбарт уйгагүй зүтгэсний эцэст 1987 оноос баатарын бие чилээрхэж хамт олон нь ч одоо гадаа биш дотор ажилла гэснээр БХЯ-ны Барилгын цэргийн ерөнхий газарт хөдөлмөр цалин хөлсний хэлтсийн орлогч гэдэг албан тушаал хаших болжээ. Гэтэл 1989 оны намар яаман дээр дуудаж газар хөдлөлтөд нэрвэгдсэн Армян улс руу Монгол Улс барилгачдаа явуулж туслуулахаар болсон тухай дуулгажээ. Улс орныг төлөөлөхөд чадвартай, хариуцлагатай хүн хэрэгтэйг  ярилцаж Батлан хамгаалах яамны барилгын цэргийн ерөнхий газраас Б.Цээхээг дууджээ. Тухайн үед чилээрхүү байсан ч “Бие минь дийлдэг болов уу гэдгээс эхлээд олон л юм бодогдож байлаа. Гэвч эх орноо төлөөлж хариуцлагатай үүрэг даалгавар гүйцэтгэх учраас хойш суух эрх байгаагүй. Би чинь цэрэг хүн шүү дээ. Ингээд 65 хүнтэй бригадаа ахлаад явсан. Бид Армяны нийслэл Ереван хотоос 60 км зайтай орших Таллинд очиж Монголын ард түмний бэлэглэсэн хөрөнгөөр жил хагасын дотор 440 хүүхдийн сургууль, 140 хүүхдийн цэцэрлэг, усан бассейн барьж үүргээ давуулан биелүүлээд ирсэн” гэлээ. Тэднийг буцах үед Б.Цээхээг Армян улсын хүндэт тэмдгээр шагнасан бол Армяны “Ерекоян Ереван” сонины 1989 оны арваннэгдүгээр сарын 13-ны дугаарын тэргүүн нүүрт Б.Цээхээ дарга Монголын барилгачдын ажил үйлсийн тухай дэлгэрэнгүй нийтлэл хэвлэгджээ. Ингэж л улс дамнан барилга барьж эх орныхоо нэрийг өндөрт өргөж явсан хүмүүнлэгийн үйлстэй баатар барилгачин бол манай нийтлэлийн баатар юм. Энэ мэтээр хэдэн цаг хөөрөлдсөнөө сийрүүлбэл нэг байтугай нэлээн хэдэн ном болохоор арвин түүх намтартай. Сургуулийн галчаас баатар барилгачин болж алдрын оргилд хүрсэн бүхий л цаг хугацаанд түших сайн хань, тулах сайхан үрс нь хамт байж ирэв. Тиймдээ ч Б.Цээхээ насны хань Л.Хүүхнээтэйгээ анх танилцсанаас хойш нэгэн жарныг хамтдаа элээж, ач, гуч, зээнцэрээ тойруулан жаргаж сууна. Гэргий нь нийтийн хоолны газарт ажилласан. Хоёул гавьяаны амралтдаа гараад ч зүгээр сууж түвдэхгүй Партизан руу нүүж мал маллаж, арьс шир элдэж, чөдөр, ногт зангидан хот, хөдөөг хослуулан амьдарч байна. Өдгөө 80 насыг шүргэж яваа баатар маань “Би зүгээр сууж тэвчдэггүй зантай. Зав л гарвал ямар нэг юм барьж аваад хийнэ. Хүн хөдөлж л байвал эрүүл саруул байдаг даа. Ер нь амжилттай, сайхан амьдрах их энгийн. Хийсэн ажилдаа л эзэн болж, хариуцлагатай, зүтгэлтэй байж чадах юм бол бүх зүйл сайхан болно доо” гэлээ. Цээхээгийнх хэмээх айлыг босгож 60 жилийг туулахдаа долоон сайхан хүү, охин төрүүлж өсгөсөн. Одоо хүргэн, бэр, ач, зээнцэр гээд өнөр олуулаа болсон. Ямар нэг ажил сэдвэл заавал ард нь гарч байж санаа амардаг. Айл гэрийнхээ ачааны хүндийг үүрч бидний төлөө цөхрөлтгүй зүтгэж, амьдралынхаа ноён нурууг ганхуулахгүй явж ирсэн дээ хэмээн гэргий нь яриа дэлгэлээ. Харин Баатарын охин Ц.Адьяахишиг аавынхаа тухай “Аав ямар ч ажилд нягт нямбай ханддаг. Хэр баргийн зүйлийг санаанд нь нийцүүлэхэд бэрх. Тиймдээ ч бидэнд аяга угаахаас эхлээд бүх л зүйлийг нарийн нямбай зааж сургасан. Манай ах, дүүс дунд аливааг дутуу дулимаг, хүний нүд хуурч хийдэг хүн байхгүй. Энэ бол аав, ээжийн минь үнэт өв, олгосон хүмүүжил.  Одоо ч гэсэн бидэнд зааж сургасан шигээ ач, зээ нартаа үлгэрлэсээр байгаа. Аавд хийж чадахгүй ажил үгүй. Дээр нь гоо зүйн өндөр мэдрэмжтэй” гэсэн юм. Монгол орны баруун хязгаараас өөрийн хичээл зүтгэл, хүч хөдөлмөрөөр Алтайн өврөөс Алдрын оргилд хүрсэн түүх ийм буюу. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 27. ДАВАА ГАРАГ. № 61 (7046)