З.БАТЦЭЦЭГ

Microsoft технологийн корпорацийг үүсгэн байгуулагчдын нэг Билл Гейтс  Open AI стартапаас гаргасан GPT хиймэл оюун ухааны загвар нь сүүлийн 50 жилд технологийн салбарт гарсан хамгийн хувьсгалт ололт гэж хэлжээ. Тэрбээр энэ тухай хувийн блогтоо “Бүх туршлага үнэхээр гайхалтай байсан. График хэрэглэгчийн интерфэйсээс хойш технологийн хамгийн чухал ахиц дэвшлийг олж харснаа би сая л мэдлээ” гэж тэмдэглэсэн байна.
Б.Гейтсийн хэлснээр чатбот программ хангамжийн орчноор дамжуулан хиймэл оюун ухаантай харилцах туршлага нь 1980 онд орчин үеийн график орчинг (GUI) анх харсан тэр мөчтэй харьцуулж болохуйц байсан.
Тэр болтол хүмүүс командын мөрөөр компьютерээ ашигладаг байсан бөгөөд График дизайнтай Windows нь энэ форматыг өөрчилж чадсан гэж тэр тайлбарлав.
“Хиймэл оюун ухааныг хөгжүүлэх нь микропроцессор, хувийн компьютер, интернет, гар утсыг бий болгохтой адил суурь юм. Энэ нь хүмүүсийн ажиллах, суралцах, аялах, эмнэлгийн тусламж авах, бие биетэйгээ харилцах арга барилыг өөрчилнө” гэж Б.Гейтс итгэлтэй байна.
Бизнесмэний хэлснээр, бүхэл бүтэн салбарууд хиймэл оюун ухаанд чиглэх бөгөөд компаниуд үүнийг хэр сайн ашиглаж байгаагаараа ялгаатай байх болно гэв. Өмнө нь Билл Гейтс ChatGPT хиймэл оюун ухаантай чатын бот гарч ирснийг эерэгээр үнэлсэн. Ийм технологи нь "Манай ертөнцийг илүү сайнаар өөрчлөх болно" гэж тэр батлав.

Эх сурвалж: www.polit.mn