Б.ДОЛЖИНЖАВ

Монголын залуучуудын холбоо санаачлан Монгол, Хятадын залуучуудын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран “SIS 2023“ буюу “Монгол-Хятадын бизнес эрхлэгчдийн форум”-ыг Улаанбаатар хотноо энэ сарын 16-18-нд зохион байгууллаа.

БНХАУ-ын хувийн хэвшлийн 200 орчим бизнес эрхлэгчид оролцож, уул уурхай, байгаль орчин ба сэргээгдэх эрчим хүч, банк санхүү, барилга, хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулж буй Монголын бизнес эрхлэгчтэй холбоо тогтоож, төслүүдтэй нь танилцаж, багадаа нэг сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн юм. Ийн энэ форумын үр дүнгийн талаар МЗХ-ноос өнөөдөр “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ.

Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч Б.Сэргэлэнбаатар “Олон улсад үүссэн нөхцөл байдал, цар тахлын дараах анхны том чуулга уулзалт амжилттай болж дууслаа. Хятадын хөрөнгө оруулагчид бидний хүлээж байсан дэмжлэгүүдийг үзүүллээ. Нийт нэг тэрбум 280 сая ам.долларын хөрөнгө оруулалт татах санамж бичгийг 36 ААН амжилттай баталгаажууллаа. Зарим хөрөнгө оруулагч Хятад руу буцаагүй зарим салбарт хийж байгаа бүтээн байгуулалттай танилцаж, салбарынхантай уулзаж байгаа учир дээр дурдсан тоо нэмэгдэнэ гэж бодож байна. Нийт хөрөнгө оруулалтын 54 хувь буюу 700 сая ам.долларыг уул уурхайн салбарт татсан байна. Хүнс, хөдөө аж ахуйн салбарт 230 сая ам.доллар, банк, санхүүгийн салбарт 100 сая ам.доллар, байгаль орчин, сэргээгдэх эрчим хүчний салбарт 50 сая ам.долларын санамж бичгийг амжилттай байгуулжээ. Хятадын талаас Шанхайд үүнтэй ижил бизнес эрхлэгчдийн форумыг зохион байгуулах санал тавьсан. Тодруулбал, Монголд хөрөнгө оруулах сонирхолтой хамгийн багадаа 1000 хөрөнгө оруулагчийг цуглуулсан форум хийе гэсэн санал хүлээн аваад байна. Сингапур улс ирэх жилийн “SIS 2024”-ийг санаачлан зохион байгуулъя гэсэн хүсэлт тавьсан. Ийм хэд хэдэн таатай мэдээ байна. Одоо санамж бичгүүдийг эцсийн гэрээ болтол нь тууштай ажиллах шаардлагатай.Дээрх төслүүд хэрэгжиж ажлын байр бий болж,  Монгол залуус эх орондоо өндөр цалинтай сайхан амьдраасай гэж хүсч байна. Олон хөрөнгө оруулагч залилуулж байсан тохиолдол гарсан. Тиймээс энэ эрсдэлээс сэргийлэх тал дээр хуулийн талаас анхаарч, хоёр талын талаарх харилцан мэдээллийг өгч ажиллалаа.  Хууль зүй, дотоод хэргийн сайд ирж, “Шинэ сэргэлтийн бодлого”-оо танилцуулсан. Энэ нь хөрөнгө оруулагчдийн итгэлийг нэмэгдүүлсэн. Хотын захирагч ирж Улаанбаатар хотод шаардлагатай хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл өгсөн. Энэ үеэрээ нийслэлд царцсан барилгуудыг сэргээн босгохоор төлөвлөж байгаагаа мэдэгдсэн. ХХААХҮ-ийн дэд сайд, Боомт хариуцсан газрын дарга нь ирж мэдээлэл өгсөн. Хөдөө орон нутгаас барилгын салбарынхан, аж үйлдвэрийн паркын төлөөлөл, хөдөө, аж ахуйн газрын залуучууд ирж оролцсон” гэж ярилаа.

Хүнс, хөдөө аж ахуйн салбараас мах, хүнсний үйлдвэрлэлийн чиглэлийн компаниудад хөрөнгө оруулах санамж бичгийг байгуулжээ. Монголд  нарийн ногоо тарьж ургуулах туршлагаа хуваалцах, энэ чиглэлд хамтран ажиллах саналыг манай улс руу нарийн ногоо экспортолдог Хятадын компани тавьсан байна.

 Эх сурвалж:www.polit.mn