Баярмэндийн ДОЛЖИНЖАВ

 

Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуультай холбоотой эсэргүүцлийн давлагаа манай улсад нэлээд хүчтэй өрнөсөн. Тиймээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд дээр дурдсан хууль, түүнийг дагалдах дөрвөн хуульд хориг тавьсан байдаг. Тэгвэл Францад мөн адил тэтгэврийн шинэчлэлийн хуулийг эсэргүүцсэн үйл явдал болж байна. Гэхдээ Францад өрнөж буй эсэргүүцлийн давлагаа манай улсынхнаас эрс өөр. Нэгдүгээрт, францчууд бидэнтэй адил олон нийтийн сүлжээнд өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж, иргэний нийгмийн байгууллагууд хуульд хориг тавих шаардлага хүргүүлснээр хязгаарлагдсангүй.

Засгийн газраас нь тэтгэврийн тогтолцоог шинэчлэхээ зарласан цагаас буюу энэ оны нэгдүгээр сарын 19-нөөс Францын иргэд эсэргүүцлийн жагсаал хийж, ажил хаялт зарласан юм. Үүнээс хойш тэд хоёр сар гаруйн хугацаанд тууштайгаар жагсаж, хуулийн шинэчлэлийг эсэргүүцсээр байна. Үүнээс харахад жагсаалын цар хүрээ, үргэлжилсэн хугацаа, өдөр тутмын орлогоос илүү тууштай байхыг чухалчилж ажил хаялт зарласан зэргээрээ Францын жагсаал манай улсад өрнөсөн жагсаалаас хэд дахин илүү хүчтэй байна. Тиймээс Францад өрнөсөн жагсаал, ажил хаялтын шалтгаан болоод явцын талаар тоймлон уншигчдадаа хүргэж байна.

 

Францын иргэд жагсаал болоод ажил хаялтын талаар ингэж ярилаа

 

Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон өнгөрсөн онд хоёр дахь удаагаа сонгогдохдоо тэтгэврийн тогтолцоог шинэчлэхээ зарласан. Тодруулбал, Францын Засгийн газар тогтолцооны өөрчлөлт хийж тэтгэврийн насыг 62 байгааг 64 болгон нэмэгдүүлэх хуулийн төсөл өргөн бариад байгаа юм. Дээр дурдсанчлан үүнийг эсэргүүцсэн жагсаал хоёр сар гаруй хугацаанд үргэлжилж байна. Гэхдээ тус хуулийн төслийг парламентын гишүүдийн олонх нь дэмжээгүй байхад батлуулах гэж Францын Ерөнхий сайд Элизабет Борн зүтгэсэн нь олон нийтийн бухимдлыг ихээр хүргэж, жагсаал эрчээ авахад хүргэсэн юм. Иргэдийн зүгээс гүйцэтгэх эрх мэдлээ давуулан ашиглаж хуулийг хүчээр батлах гэж оролдсон нь ардчиллын суурь зарчмыг зөрчсөн хэмээн үзэж байгаа юм. Үүнтэй холбоотой гэнэтийн хүчтэй эсэргүүцлийн жагсаал өнгөрөгч пүрэв гарагт Парис хотод болсон. Тэгвэл энэ мягмар гарагаас тэтгэврийн насны нэмэгдлийг эсэргүүцсэн ажилчид  ажил хаяж эхлээд байгаа юм.

Жагсагчид болоод цагдаа нарын дунд мөргөлдөөн үүссэн нь жагсаалын цар хүрээ хэр өргөн байгааг илтгэж байна. Дотоод хэргийн яамнаас мэдээлснээр бямба гарагийн жагсаалын үеэр 169 хүнийг баривчилсан бол даваа гарагийн ажил хаялтын жагсаалын үеэр 70 хүнийг баривчилсан гэж цагдаагийн эх сурвалж “CNN”-д ярьжээ.

Ажил хаялтад “TotalEnergie” газрын тосны компанийн ажилчдын 40 хувь нь нэгджээ. Мөн хот тохижилтын газрын ажилчид хоёр долоо хоногийн турш ажил хаялт зарлаж байгаагаа илэрхийлсэн тул Парисын гудамжинд 10 мянга гаруй тонн хог хуримтлагдсан байна. Үйлдвэрчний эвлэлүүд ч ажилчдаа жагсаал, ажил хаялтад нэгдэхийг өнгөрөгч пүрэв гарагаас уриалж эхэлсэн юм. Энэ үеэр 1.2 сая хүн Францын өнцөг булан бүрт жагссан гэж тус улсын Дотоод хэргийн яам мэдээлэв.

Хог ачдаг машинаа ажил хаялт зарласан хүмүүсийн хаалтны ойролцоо байршуулсан 49 настай иргэн Ренауд “Ерөнхийлөгч Макрон бидний уур бухимдлыг тоож сонсохгүй байгаа мэт санагдаж байна. Ямар ч ардчилсан нийгэм энд алга. Өдрийн орлогоо алдахгүйн тулд ажил хаялтад оролцохгүйг хичээсэн. Гэсэн ч парламентын гишүүдийн саналыг авахгүйгээр эрх мэдлээ ашиглан тэтгэврийн насыг 64 болгох гэж байгаа нь дургүйцлийг хүргэсэн. Мөн үнийн өсөлтөөс болж бид шаналж байна. Нэмэлт орлого олохын тулд мужаан, барилгачин гээд чадах бүхнээ хийж байна” гэж “The Guardian” агентлагт ярьжээ. Тэрбээр 22 жил ачааны машин барьж байгаа юм.

Орон нутгийн Засаг захиргаанд ажилладаг 53 настай эмэгтэй Селин “Олон хүн жагсаалд нэгдэж байна. Тэр дундаа залуучууд олноороо нэгдэж байгаа нь Засгийн газрыг айлгаж байгаа нь тодорхой. Ардчиллаас ухарсан үйлдэл боллоо. Макрон тэргүүтэй эрх баригчдыг сонстол нь бид тэмцэнэ” гэж ярьжээ. Харин 48 настай Акли “Энэ бүхнийг үнэхээр тэвчихгүй нь. Бид дан ганц тэтгэврийн шинэчлэл бус улс төрийн тогтолцоогоо эсэргүүцэн жагсаж байна. Гүйцэтгэх эрх мэдэл ерөнхийлөгчид байдаг эсэх талаар дахин нэг бодож үзэх ёстой” гэв.

Селиний ярьсанчлан энэ удаагийн жагсаалд оюутан, залуус олноороо оролцжээ. Тэдний төлөөлөл Парисын их сургуулийн хуулийн ангийн оюутан, капиталистуудын эсрэг хувьсгалын холбооны гишүүн Ариане “Их сургуулиудын оюутнуудыг гаргахгүйн тулд хаалт хийснийг эсэргүүцэж байна. Тэтгэврийн шинэчлэлийн хуулийн төслийг хүчээр батлах гэж зүтгэснээс болж олон залуу хүн жагсаалд нэгдэж байна. Бидэн рүү цагдаа хүчээр халдаж байсан тохиолдол олон бий. Үүний төлөө ч тэмцэнэ” гэв.

Мөн 19 настай сурагч Амина “Хүмүүсийг хүчээр тараахаа болих хэрэгтэй. Цагдаа нарын түрэмгийллээс айж байгаа ч бүхэл өдрийн туршид жагсаалд нэгдэнэ. Би сонгуульд саналаа Макронд өгсөн ч түүний шийдвэр бүрийг дэмжихгүй. Тэтгэврийн шинэчлэл бол тэгш бус” гэж ярьсан байна. Түүнтэй чацуу Бахиа “Миний ээж ажлаасаа халагдсанаас болж хэчнээн их шаналсныг би мэднэ. Парламентын гишүүдийн саналыг авахгүйгээр гүйцэтгэх эрх мэдлээ ашиглан хэчнээн хууль баталсан бол гэдэг нь бүхэл бүтэн ардчиллын системтэй холбоотой. Энэ үйлдлийг хараад ардчиллын зарчмыг зөрчсөн мэт санагдаж байна” гэв.

“IFOP” судалгааны төвөөс явуулсан санал асуулгаар 18-24 насны залуусын 83 хувь нь, 35-аас дээш насныхны 78 хувь нь тэтгэврийн насыг нэмэгдүүлэх хуулийн төслийг буруу, утга учиргүй өөрчлөлт хэмээн хариулжээ.

 

Өөрчлөхгүй  бол тэтгэврийн сангийн алдагдал 13 тэрбум ам.долларыг давна

 

Францын тэтгэврийн одоогийн систем нь манай улстай төстэй. Одоогийн ажиллах хүчний татвараар тэтгэврийн насны хүмүүсийнхээ халамжийг өгдөг. Гэвч үүнийг Засгийн газар нь орчин үед тохирохгүй систем гэж үзэж, өөрчлөхөөр шийдвэрлэсэн юм. Энэ талаар Хөдөлмөрийн сайд Оливие Дассопт “Хэрэв яаралтай өөрчлөлт хийхгүй бол тэтгэврийн сангийн алдагдал 2027 он гэхэд жилийн 13 тэрбум ам.долларыг давна. Хэрэв бид шинэчлэлийг зогсоовол алдагдал дагаад зогсоно гэж үү” хэмээн “CNN”-д ярьжээ.

Тэтгэврийн тогтолцооны өөрчлөлтийн талаар Францын Засгийн газар анх нэгдүгээр сард нийтэд зарласан. Энэ үеэрээ хэрэв өөрчлөлт хийж чадвал алдагдал 2030 онд хэвийн түвшинд хүрч, илүү гарсан олон тэрбум  ам.долларыг эрт тэтгэвэрт гарах шаардлагатай, хортой нөхцөлд ажилладаг хүмүүст зарцуулна гэж мэдэгдэж байв. Үүнийг  Төсвийн сайд Габриел Аттал бататгаж “Шинэчлэлийг одоо хийхгүй бол ирээдүйд хүнлэг бус арга хэмжээ авах зайлшгүй шаардлага гарна” гэж “France Inter” радиод өнгөрөгч баасан гарагт өгсөн ярилцлагадаа дурджээ.

Уг нь аж үйлдвэржсэн орнуудаас Франц тэтгэврийг насыг багаар тогтоосон улсын нэгт тооцогддог. Ихэнх оронтой харьцуулахад эдийн засгийн төсвийн 14 хувиас илүүг тэтгэвэрт зарцуулдаг гэж Эдийн засгийн хөгжил, хамтын ажиллагааны байгууллага мэдээлсэн байна.

Харин “Sciences Po” их сургуулийн улс төр судлаач Паскал Перринау “Тэтгэврийн шинэчлэл хийхгүй байх нь Францад тустай. Учир нь энэ шинэчлэлийг олон нийт үргэлж эсэргүүцсээр ирсэн. Хуулийн төсөл алхам алхмаар шат ахисаар батлагдсан ч иргэд үүнийг хүлээж авахгүй. Засгийн газрын гол алдаа нь хуулийн төслөө иргэддээ сайн сурталчилж чадаагүй юм” гэж ярьсан байна.

Түүний ярьж байгаа шиг тэтгэврийн шинэчлэл Франц улсад шинэ сэдэв биш. Анх 1995 онд төрийн албан хаагчдын тэтгэврийн тогтолцоог шинэчлэх Засгийн газрын төлөвлөгөө хэдэн долоо хоног үргэлжилсэн эсэргүүцлийн жагсаалыг өдөөж байсан юм. Үүний дараа 2010 онд одоогийн 62 насыг хоёроор нэмэгдүүлэхийг эсэргүүцэж сая сая Франц иргэн гудамжийг дүүртэл жагсаж байлаа. 2014 онд ч мөн олны хүчтэй эсэргүүцэлтэй нүүр тулсан. Франц дэлхийн II дайны дараа төрийн санхүүжилтээр тэтгэвэр олгож, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх эрхийг баталгаажуулсан тогтолцоотой болсон билээ.

Үндэсний Ассамблей тэтгэврийн шинэчлэлийг батлахад 287 санал хэрэгтэй. Үүнд есөн санал дутсан юм.Санал хураалттай холбоотойгоор тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн хоёр жижиг бүлэг парламент дотор байгуулагджээ. Коммунист намын парламентын бүлэг дахь дарга Матилде Панот “Ерөнхий сайд тэтгэврийн шинэчлэлтэйгээ хамт огцрох ёстой” гэв.

Иргэд болоонд сөрөг хүчнийхэн Францын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хүлээж байна. Тус цэц хуульд бүхэлд хориг тавиах эрхтэй дээд байгууллага  юм. Үндсэн хуулийн цэц хуулийг нэг сарын хугацаанд хэлэлцэж эцсийн шийдвэрээ гаргадаг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 24. БААСАН ГАРАГ. № 60 (7045)