С.УЯНГА

 

Улс орнууд шинэ үеийн залуу лидерээ тодруулж, дэлхий нийт тэднээр давалгаалсан өдрүүд үргэлжилж байна. Юу гэвэл, Дэлхийн эдийн засгийн форум  2023 оны “Дэлхийн залуу удирдагчид”-ыг нэрлэсэн нь олны анхаарлын төвд оров. Дэлхий дахинд тулгамдаж буй ээдрээтэй асуудлуудыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулж, нөлөөлөл, өөрчлөлтийг бий болгосон хамгийн залуу лидерүүдэд олгодог “Young Global Leader”-ээр Монгол Улсаас МАН-ын Нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлийн гишүүн, УУХҮ-ийн дэд сайд асан Отгоншарын Батнайрамдалыг нэрлэжээ. Манлайлагч залууст хүлээлт үүсгээд аль хэдийнэ 20 жил болж буй энэхүү форум нь ирээдүйтэй дэлхийн шинэ үеийн удирдагчдын идэвхтэй, олон талт, найрсаг хамтын нийгэмлэгийг бий болгохыг зорьдог. Өдгөө 120 гаруй үндэстний 1400-гаад гишүүнээр эгнээгээ тэлсэн дээрх нийгэмлэгт шинийг санаачлагч, бизнес эрхлэгч, улстөрч гээд салбар бүрийн нөлөө бүхий залуус багтдаг. Тэр ч утгаараа залуу манлайлагчдын эгнээнд багтахад өндөр шалгууртай аж. Үндсэн шалгуурууд болон тухайн хүний салбартаа хийж бүтээсэн амжилтуудаас гадна сайн дурын, олон нийтийн ажилд хэрхэн оролцож буйг чухалчлан үзэж, үнэлж дүгнэдэг байна. Ийнхүү “Дэлхийн залуу удирдагч”-аар сонгогдсон залуус гурван жилийн хугацаанд форумаас зохион байгуулж буй ажилд идэвхтэй оролцон, бодитой хувь нэмэр оруулах ёстой. Ингэснээр VGL хөтөлбөрийн төгсөгч, гишүүн болох юм. Энэхүү хөтөлбөрт өмнө нь Жастин Трюдо, Эммануэль Макрон, Ангела Меркель зэрэг дэлхийн удирдагчид болон Билл Гейтс, Жефф Безос, Марк Зукерберг, Ларри Пэйж, Сергей Брин зэрэг бизнесийнхэн багтаж, “Young Global Leader”-ийн төгсөгч, гишүүн болж байсан юм билээ.

Ийнхүү дэлхийн залуу лидерүүдийн эгнээнд Монголоос шалгарсан  О.Батнайрамдалыг “Зууны мэдээ” сонин “Хэн нь хэн бэ” буландаа онцолж байна. Тэрбээр баруун хязгаарт төрж өссөн. Есдүгээр ангидаа тэтгэлэг авч Улаанбаатарт, дараа нь Европт суралцсан. АНУ-д эдийн засаг санхүүгийн чиглэлээр бакалавр, Харвардын бизнесийн сургуульд магистрийн зэрэг хамгаалжээ. Нью-Йорк, Хойд америк, Австралид уул уурхайн банкирын чиглэлээр сурч, ажилласан. Харин эх орондоо уригдахдаа Монгол Улсын дараагийн 30 жилийн хөгжлийг тодорхойлсон “Алсын хараа-2050”-ын гол авторуудын нэг гэж хэлж болно. Жилийн 250 мянган ам.долларын цалингаа орхиод ямар нэг ажлын саналгүй Монголд ирж байсан О.Батнайрамдал Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт УУХҮ-ийн дэд сайдын албыг хашиж байгаад сүүлд МАН-ын төв аппарат руу татагдаад байгаа юм. Нүүрс, шатахуунаас эхлээд уналтад орсон уул уурхайн салбарт очоод урьд өмнө харагдаагүй тогтолцооны реформ хийнэ гэж зүтгэсэн нь бий. Түүндээ ч хүрч уул уурхайн бүтээгдэхүүний биржийн хуулийг он дамнан барьж гүйж батлуулсан. Ингэж улс төрийн дэмжлэг авахгүй найман жил дуншсан биржийн хуулийг энэ Засгийн газар оруулж ирж, Монгол түүхэндээ анх удаа хүрэн нүүрсээ Хөрөнгийн бирж дээр цан цохих хаалгыг нээж, ил тод, нээлттэй болгох эхлэлийг тавив. Нийгэмд “бөмбөг” тэслээд байгаа нүүрсний хулгайн асуудлыг цэгцлэхэд түүний багийнхны хийсэн шийдлийг арай эрт нэвтрүүлсэн бол гэж алдагдсан боломжоо бодож толгой сэгсрэх хүмүүс бий. Ямартаа ч эхлүүлсэн нь том дэвшил, супер шийдэл, тэгээд үр дүнд хүрсэн нь О.Батнайрамдал сайдын багынхны тод гавьяа билээ. Мөн хайгуулын тусгай зөвшөөрлийн цахим шийдэл, нүүрсний платформ, Үндэсний баялгийн сан гээд уул уурхайн салбарт олон арван жил ужгирч бугшсан идээ бээр болгоныг шахаж эхэлсэн амаргүй шинэчлэлийг гардан хийсэн түүнийг намын Нарийн бичгийн мест рүү татаж, мэдлэг чадварыг нь ашиглахгүй байна гэх яриа хөөрөө ч  гарч байв. Нээрээ л Монгол Улс хөгжлийнхөө мөчлөг дээр байгаа яг энэ цаг үед О.Батнайрамдал шиг бэлтгэгдсэн боловсон хүчнээ ашиглах, асуудалтай салбарынхаа ачааг үүрүүлэхэд гэмгүй. Тэр тусмаа бодлогын гол яамдаас эхлээд Улаанбаатар хотыг удирдуулахад ч болохгүй гэх газаргүй. Хот гэдэг 1.5 сая иргэний эрх ашгийн төлөө ажиллах талбар. Энэ мэт “том” асуудалтай салбарынхаа торгуулийн суман дээр ажиллуулж, “толгой”-г нь ашиглах ч ёстой.  Үнэхээр л дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөж, залуу манлайлагчаар шалгараад байгаа юм бол тэр мэдлэг, чадвараа эх орондоо гаргаад, чадахгүй бол хариуцлагыг нь үүрүүлэх хэрэгтэй.

Төгсгөлд нь зүүхэд тэрбээр дэд сайдаар ажиллаж байхдаа манай сонинд ярилцлага өгөх үеэрээ “Олон жил намын дэргэд ажиллаж, намаар хүмүүжээгүй ч гаднаас нь шүүмжлэгч байхыг хүсээгүй.Дотор нь ороод өөрчлөлтийнх нь нэг хэсэг больё, хамтдаа өөрчлөх ёстой юм байна гэж бодсон. Өөрчлөлтийг хүсэж байгаа бол түүнийхээ нэг хэсэг болох хэрэгтэй. Надтай ижил бодолтой залуус олон бий. Магадгүй цөөнгүй нь хөндлөнгөөс харж байгаа байх. Тэгвэл бүгдээрээ өөрчлөлтийн нэг хэсэг болж үлдээсэй гэж хүсч байна.

Өөрийнхөө хэлсэн ярьснаас буцахгүй. Магадгүй зөв зүйл ярьж шүүмжилснийхээ төлөө тэр нь миний карьерыг дуусгах байсан ч хамаагүй өөрчлөлтийн төлөө явна. Ухрахгүй” гэж байв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 22. ЛХАГВА ГАРАГ. № 58 (7043)