Баярмэндийн ДОЛЖИНЖАВ

Өнөөдөр Дэлхийн ойн өдөр тохиож байна. Манай улсын хувьд энэ өдөр маш чухалд тооцогдоно. Учир нь долоон жилийн дараа гэхэд Монгол Улс нэг тэрбум мод тарьж, ургуулсан байх амлалтыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтын индэр дээрээс дэлхий нийтэд өгсөн. Тиймээс үүнийг зөрчиж боломгүй. Хэрэв 2023 он гэхэд бид тэрбум мод тарих зорилтдоо хүрч чадахгүй бол Монгол Улсын талаарх олон улсын төсөөлөл, итгэл үнэмшил буурах нь хэнд ч тодорхой. Ер нь мод тарьж ургуулна гэдэг дан ганц төрөөс хамаардаг зүйл биш. Иргэн, аж ахуй нэгж байгууллага, төр гэсэн гурвалсан холбоо хэдий чинээ нягт байна, төдий чинээгээр ногоон байгууламжийн хэмжээ нэмэгддэг гэдгийг олон улсын судалгаа харуулж байна. Эргэн тойрон модоор хүрээлэгдсэн, цэвэр агаартай улсад амьдрах эсэх нь иргэн бидний хичээл зүтгэлээс хамаарна гэдгийг “Монгол орны ойн салбарын бодлого, шинжлэх ухаан, технологи” сэдэвт үндэсний зургаадугаар хуралд оролцогчид дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрсөн юм.
Эхлээд ногоон байгууламж, ой мод бидэнд яг ямар ач холбогдолтой вэ гэдгийг тодорхой мэдэх нь чухал. Хэдхэн тоо баримтаар үүнийг баталж болно.  Энэтхэг, Бразил, Египет гэсэн орнуудад өдөрт бүртгэгдэх COVID-19-ийн тохиолдол болоод нас баралт их байсныг уншигч та санаж байгаа болов уу. Тодруулбал, халдварын оргил үеэр Энэтхэгт 400 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж байлаа. Харин Норвеги, Люксембург, Финлянд, Австри улсад нас баралт, бүртгэгдсэн тоо нь бага байв. Үүнд ямар учир шалтгаан байна вэ гэдгийг олохоор эрдэмтэд судалж эхэлжээ. Гэтэл Энэтхэг, Бразил улс ой мод буюу ногоон байгууламж багатай, Норвеги,  Австри улс ногоон байгууламжийг маш сайн хөгжүүлсэн гэсэн дүн гарчээ. Ой модны хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг энэ жишээнээс бид тод харж болохоор байна. Агаарын бохирдлоос шалтгаалан жилд долоон сая хүн цаг бусаар нас бардаг гэсэн тоон мэдээлэл бий. Тэгвэл эрүүл амьдрахын үндэс болсон эрүүл агаар хэр их мод тарьж ургуулснаас хамаардаг. Ийм учраас ерөнхийлөгчийн санаачлагаар “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг эхлүүлэн, идэвхитэй оролцож хамтран ажиллахыг иргэддээ уриалж байгаа билээ.

 

Б.Оюунсанаа: ХАМТДАА ХИЙЖ ЧАДНА ГЭСЭН ХАНДЛАГА ЧУХАЛ

Өнөөдрийн байдлаар Монголын нийт газар нутгийн найман хувийг ой эзэлж байна. Монгол орны ой онцлог ихтэй. Сибирийн их тайгын хамгийн урд зах буюу экологийн хувьд эмзэг хэв шинжид хамаардаг. Төв Азийн тэгш өндөрлөгтэй залгаа торгон заагт оршдог учраас гаднын нөлөө болох хөнөөлт шавж, түймэр, уур амьсгалын өөрчлөлтөд амархан өртдөг. Ийм эмзэг хэр нь өвөл, зундаа 30-40 хэмд хэлбэлздэг, хэцүү нөхцөлийг тэсвэрлэн ургадаг онцлогтой. Тиймээс Ойн агентлагаас гурван жилийн хугацаанд буюу 2022-2025 онд 300 мянган га ойн сан бүхий талбайд ойн хөнөөлт шавжийн хэт олшролыг хязгаарлаж, тэрбум мод аврахаар төлөвлөж буй.
Энэ талаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын дарга Б.Оюунсанаа “Ойн салбарт улсын төсвөөс их хэмжээний мөнгө гаргах боломжгүй учраас хөрөнгө оруулалтыг олон хэлбэрээр татаж байна. Байгалийн баялгийг ашиглаж байгаагийн хувьд уул уурхайн компаниуд цөлжилт, газрын доройтлын эсрэг дэлхий нийтийн санаачлагад нэгдэж байна. Мөн эх орноо ногооруулах үйлсэд иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшил, ард иргэдийг оролцохыг уриалж байгаа. Ер нь Монгол орон сайн сайхан байх, байгаль орчныг сэргээх нь хэн нэг хүний хийх ёстой ажил эсвэл үүнд оролцохын тулд заавал мөнгө төгрөг өгөх ёстой гэсэн хандлага байж болохгүй. Хамтдаа хийж чадна гэсэн хандлага чухал байна. Мод тарих нь хэн нэгний ажил гээд харчих юм бол бүтэхээ больдог. Тарьсан модыг хэн харж баясаж, цэвэршүүлж байгаа агаараар нь хэн амьсгалж үр өгөөжийг нь хүртэх билээ гэдгээ бодох хэрэгтэй” гэв.
Ойн газраас НҮБ-ын ХХААБ, ГОУХАН, Европын холбоотой ойн түншлэлийн хүрээнд хамтран ажиллах, БНСУ-тай хамтарсан “Ногоон хэрэм” төслийг үргэлжлүүлэх, аймгуудад мод үржүүлгийн газар сургалтын төв, дэд бүтцийн суурийг бий болгох, шууд хөрөнгө оруулалтаас гадна тоног төхөөрөмжийн дэмжлэг, хүний нөөцийг бэлтгэх зэргээр олон хамтрагч талуудтай төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.


Доктор О.Чимэдсүрэн ч мод тарьж ургуулахад төр, хувийн хэвшил, иргэний хамтын ажиллагаа маш чухал гэдгийг онцолсон юм. Тэрбээр “Амьдарч байгаа орчныг ногоон болгох нь хамгийн чухал. Мод тарихаас гадна замын дагуух ногоон байгууламж нь дуу чимээг багасгадаг гэсэн эрүүл мэндэд өндөр ач тустай. Олон улсын жишгийг харвал Засгийн газар, иргэн хоёрын хамтын ажиллагааны хүрээнд ногоон байгууламжийг үр дүнтэй бий болгож, эерэг үр дүнг хүртэж байна” гэв.

 

НҮҮРСТӨРӨГЧИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ШИМИЙГ ХҮРТЭХ БОЛОМЖ ДҮҮРЭН БАЙНА

Нүүрстөрөгчийн зах зээл гэж хүлэмжийн хийн ялгаралтын бууралтын кредитүүд болон хүлэмжийн хийн ялгаралтын эрхүүд худалдаалагддаг зах зээл байдаг. Зах зээлийн эрэлтийг олон улсын, үндэсний, бүсийн болон орон нутгийн бодлого, хууль, дүрэм, журмаар бий болгодог.  Хүлэмжийн хийн ялгаралтын бууралт болон шингээлтийг хэмжих, тайлагнах, нотлох талаар маш нарийн техник, стандарт зохицуулалт дээр суурилдаг.  


Манай улс ч ойн салбараа хөгжүүлэх ажлынхаа хүрээнд нүүрстөрөгчийн зах зээл рүү шилжихээр хичээж, хувийн хэвшлийн байгууллагууд манлайлан ажиллаж байна. Тухайлбал, “Уур амьсгалын өөрчлөлт, нүүрстөрөгчийн зах зээлийн хөгжлийн төв” ТББ-ын судлаач Б.Чулуунхүү сүүлийн хоёр жил нүүрстөрөгчийн зах зээлд төвлөрөн ажиллажээ. Тэрбээр хаана ойжуулалт хийх, ямар газар, ямар төрлийн мод тарих, хүлэмжийн хийн ялгарлаа яаж тооцох талаар нүүрстөрөгчийн зах зээлийн стандартыг боловсруулахаар ажиллаж байна.
Энэ талаараа Б.Чулуунхүү “Дэлхийн улс орнууд 2023 он гэхэд ойн хомсдолыг зогсоохоор зорьж, 19 тэрбум ам.долларыг зарцуулахаар төлөвлөөд байна. Зарим судалгааны байгууллага энэ санхүүжилтийг хангалтгүй гэж үзэж буй. Учир нь ойг хамгаалах нь зөвхөн мод тарихаар хязгаарлагдахгүй. Тиймээс ойн биологийн олон янз байдал болоод эко системийг нь тэнцвэртэй байдлаар хамгаалах, тогтвортойгоор ургуулахад 300-400 ам.доллар хэрэгтэй гэсэн тооцооллыг гаргажээ. Үүнээс харахад энэ салбарт санхүүгийн хоосон орон зай үүссэн байна. Энэ нэмэлт санхүүжилтийг нүүрстөрөгчийн зах зээл нөхөх боломжтой. Хувийн хэвшлүүд хөрөнгө оруулалт хийж, нүүрстөрөгчийн кредитээ тооцуулан нүүрстөрөгчийн зах зээлээс үр шим хүртэх боломж дүүрэн байна. Суурь бүтцээ оновчтой тодорхойлвол энэ салбар хөгжих боломжтой” гэсэн юм.


Тус зах зээлийг бий болгосноор нүүрстөрөгчийн кредит бий болгож, олон улсад худалдах юм. Кредит гэдэг нь нэг тонн нүүрстөрөгчийн бууралтын эзэмшлийн эрхийг нэрлэдэг. Нүүрстөрөгчийн зах зээлийг Монголд хөгжүүлснээр дотоодын компани болон бусад улс орнуудад нүүрстөрөгчийн кредит борлуулж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хөрөнгө оруулалт босгох боломжтой. Олон улсад ногоон хөгжлийг дэмжигч компаниуд нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах амлалт Засгийн газартаа өгдөг. Ийм байгууллагууд өөр улс оронд хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрөөс бий болсон нүүрстөрөгчийн кредитийг худалдан авч, амлалтаа хангадаг юм байна. Нэг кредитийн үнэлгээ багадаа таван доллар, ихдээ 70-80 ам.долларт хүрдэг аж.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 21. МЯГМАР ГАРАГ. № 57 (7042)