Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

 

Япон улсын Засгийн газраас зарласан “Jenesys”  (Japan East Gsia Network of Exchange for student ant Youths) хөтөлбөрийн хүрээнд Их Наран улсаар манай 50 залуус аялсан юм. Өмнөх дугаартаа Япон улсын хогны соёл, хогон дээр “боссон” хот Удаябагийн талаар бичсэн. Харин энэ удаа Айзоме буюу индиго будалт, болон япон айлд зочилсон, Жайка олон улсын байгууллагын талаар талаар сонирхуулъя. 

 

Японы алдарт Айкоме будалт


Бид Токио хотын алдарт “Toкио товер”-ийн урд байрлах Prince hotel-д буудалсан юм. Өглөө бүр бидэнд зориулан тусгайлан бэлтгэсэн буфет хоолноос сонгон зооглоно. Манай аялагчдын хувьд ихэнх нь өглөө цайгаа уудаггүй зуршилтай байсан бол аялал дуусахад өглөөний цайгаа уудаг дадалд суралцаад буцсан юм. “Jenesys 2022” хөтөлбөрийн дөрөв дэх өдөр. Өглөөний цайгаа 06:00 цагт ууж  07:30 цагт “Чичибү” мужийг зорилоо. Токиогоос автобусаар хоёр цаг гаруй яваад мужийн захиргааны байранд очив. Зам нь түгжрэлгүй учир бид хөтөлбөрийн цагаасаа нэг ч минут хоцрохгүй. Бүх зүйл цагийн хуваарийн дагуу явж байлаа. Гэхдээ очих газраа заавал 20-30 минутын өмнө очиж байв. Үүнийг хараад япон хүний цаг баримталдаг зарчимч, хөдөлмөрч зан нь үндэснийх нь брэнд гэлтэй. Ингээд бид тус мужийн брэнд болох Айзоме буюу японы уламжлалт даавуу будах урлагтай танилцлаа. Айзоме гэдэг нь байгалийн гүн цэнхэр өнгийг нэрлэдэг аж. Тэгвэл япончууд энэ өнгийг "Тадэяа" гэх ургамлын навчнаас гарган авч даавуу будах урлагийг бий болгожээ. Энэхүү будалтыг монголчууд индиго будалт ч гэж нэрлэдэг. Бидний очсон айл өөрсдийн тариан талбайдаа тус ургамлыг тарьж ургуулан, навчийг нь түүж, боловсруулан, сүкүио буюу цэнхэр өнгийн шингэнийг гарган авдаг байна.  Энэ нь уламжлалт даавуу будах урлагийн гол материал болдог. Энэхүү урлаг нь Японы Эдо хааны үед буюу одоогоос 200 жилийн өмнө дэлгэрсэн гэж үздэг. Тухайн үед Япон улсын ихэнх иргэд айзоме хийсэн даавуун материалыг эдэлж хэрэглэж байсан тул гадны иргэд Японыг хөх өнгөөр илэрхийлдэг байжээ.  
Айзоме хийхэд нийт 48 өнгө гарах боломжтой. Эдгээрийн дундаас цайвар цэнхэр өнгө хамгийн алдартай гэдгийг гэрийн эзэн Сатожи хэлж байлаа. Энэ тухай Сатожи “Япончууд айзоме будалтын хамгийн тод хөх өнгийг ялалтын өнгө гэж бэлгэддэг. Тиймээс 2020 оны Токиогийн олимпийн наадмаар тус өнгийг бэлгэдэл болгон залж байсан. Будалтыг савх, резин зэрэг материалыг ашиглан төрөл бүрийн дүрс гарган будах боломжтой. Мөн эрт үед мэргэ төөрөгт ашигладаг байсан. Тухайлбал, тус дизайнераар даавууг өнгө оруулахад даавуун дээр тэнгэрт жигүүртэн амьтны дүрс гарвал сайн гэж үздэг байсан” гэлээ.  Айземо хийсэн даавууны өнгө тод байх тусмаа чанартай, үнэтэйд тооцогддог байна. Тиймээс гүн хөх өнгө гартал даавууг давтан буддаг байна. 

 

Япон айлд зочилсон нь

“Чичибү” мужид биднийг аваачсан нь учиртай. Энд бид Япон айлд зочилж тэдний гэр бүлийнх нь гишүүн болж нэг өдрийг өнгөрөөх байлаа. 
Манай багийн дөрвөн гишүүн 100 жилийн түүхтэй гэр буудал ажиллуулдаг Хажимэ Тачикавагийнд зочиллоо. Гэрт нь орвол ханаар нь дүүрэн анимэ зураг, цаасаар хийсэн бүтээлүүд өлгөөтэй байлаа. Яг л дээр үеийнхээрээ. “Байшиндаа засвар хийхгүй дээ” гэж бодохоор. Гэхдээ тэд байшингаа яг л 100 жилийн өмнөх шиг нь одоог хүртэл хадгалжээ. Харин энэ цаасаар хийсэн зүйлсийг ингэж их нандигнасан нь миний сонирхлыг ихэд татав. Энэ тухай гэрийн эзнээс асуувал “Оригами буюу японы уламжлалт цаас нугалах урлаг” гэлээ. Улам лавшруулбал, Оригами гэдэг үгний утга нь ори буюу нугалах, гами буюу цаас гэсэн хоёр үгийг нийлүүлснээр цаас нугалах гэсэн үгийг үүсгэдэг аж. Японы Эдогийн үе буюу 1603-1867 оны үед бие даасан соёл болтлоо хөгжсөн гэж үздэг энэ урлагаа хүүхэд, настан гэлтгүй бүгд л чөлөөт цагаараа хийж суудаг. Харин бидэнд тус манай зочилсон айлын эмээ Хажима Инабу зааж өгсөн юм. Энэ тухай Хажима Инабу “Манайх уламжлагдаж ирсэн оригами урлагийг 200 жил  хийж байна. Аав минь 100 нас хүртлээ үүнийг хийсэн. Харин би багаасаа оригами хийж байна. Ер нь оригами хийх нь эрүүл мэндэд, тэр тусмаа ой тогтоолтод сайнаар нөлөөлдөг. Хурууны үзүүрийг байнга хөдөлгөснөөр зөнөх өвчнөөс урьдчилан сэргийлдэг юм. Оригами нь нэг үгээр бол математикийн ухаан. Учир нь ямар нэг утга учиртай зүйл хийхийн тулд нугалаас бүрийг тунгаах шаардлагатай болдог” гэсэн юм.  Япон айлд очиж японы үндэсний соёлуудтай танилцахаас гадна Монгол Улсынхаа талаар тэдэнд сонирхуулаад амжсан юм. Тодруулбал, бид зочилсон айлдаа гэр, голдэн говийн шоколад, шатар бэлэглэсэн юм. Гэрийн эзэн Хажимэ  Тачикава “Монголын тухай Google-с хайхаар олигтой мэдээлэл гарч ирдэггүй. Морь, тал нутаг л гарч ирдэг. Хэрэв чиний хэлсэн шиг нохойн чарга, говь, ан амьтан, өндөр барилга, далай зэргийн талаар мэдээлэл байдаг бол бид Монгол руу аялахыг хүснэ. Гэвч энэ талын мэдээлэл маш ховор байдаг. Бид сүмочдоор л монголыг мэддэг” гэв.  Ингээд бид нэг өдрийг тэдэнтэй хамт өнгөрөөн Токиогийн зүг хүлгийн жолоо залсан юм. 

 

Япончууд сүүлийн 40 жилд Монголд хамгийн их буцалтгүй тусламж олгожээ

Бидний очсон бас нэгэн сонирхолтой газар бол Эайка олон улсын байгууллага байлаа. Энд бидэнтэй чөлөөт уулзалт хийж  хоёр улсын харилцааны талаар санал солилцсон юм. Сүүлийн жилүүдэд Япон улс Монголд их хэмжээний зээл тусламжийг олгожээ. Нэг үгээр өрнөдийн хандивлагч орнуудаас манай улсад хамгийн их тусалсан нь Япон. Анх 1977 онд Монгол Улс, Япон улсын хооронд эдийн засгийн талаар хамтран ажиллах хэлэлцээр хийж ноос ноолуурын “Говь” үйлдвэрийг буцалтгүй тусламжаар барьж өгч байжээ. Үүнээс хойш Нарны зам, Нарны гүүр, Хөшгийн хөндийн шинэ нисэх буудал, IV цахилгаан станцын техникийн шинэчлэлт, Япон-Монгол боловсролын эмнэлгийн төсөл, өвсний үндэс төсөл хэрэгжжээ. Мөн Жайка олон улсын байгууллага нь өнөөдрийг хүртэл монголд 48 технологийн төслийг хэрэгжүүлсэн байна. Зөвхөн Японоос манайд туслаад өнгөрөөгүй гэдгийг энэ үеэр хэлэх нь зүйтэй. Манай улс 2011 онд Зүүн японы их газар хөдлөлтийн үеэр тусламжийн гараа сунгаж байсан. Энэ тухай Жайка-гийн зүүн, төв азийн хэлтэс Монголын боловсрол, эрүүлмэнд, хувийн хэвшил хариуцсан ажилтан Мияажима Аканэ “ 2011 оны их газар хөдлөлтөд Монгол Улсын аврах баг дөрөвхөн хоногийн дараа анхны гадаадын тусламжийн баг болон Японд ирж байсан. Гамшигт өртсөн газруудад мөнгөн болон эд материалын тусламж үзүүлсэн. Энэ явдлыг бид үргэлж дурсан санадаг” гэсэн юм. Харин одоо Жайка-гаас монголд гарааны бизнес эрхэлж буй дэмжлэг үзүүлэх төсөл хэрэгжиж байгаа аж. 


Үргэлжлэл бий.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 20. ДАВАА ГАРАГ. № 56 (7041)