Н.Даян

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль болон холбогдох бусад хууль, тогтоомжийн хүрээнд Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс нь хэлмэгдэгчдийн дурсгалыг мөнхжүүлэх, түүхэн гашуун сургамж, хэлмэгдүүлэлтийн хор уршгийг иргэдэд таниулах, дахин давтахгүй байх талаар соён гэгээрүүлэх олон талт үйл ажиллагаа зохион байгуулж байна. Үүний нэг нь “Хамаг монголчууд бүү мартагтун” баримтат контентийг “Хөгжил” энтертайментад захиалан бэлтгүүлснээр хоёр дахь цувралын нээлт боллоо.

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын Нарийн бичгийн дарга Г.Төгөлдөр “Монголд өрнөсөн их хэлмэгдүүлэлт нь 1921 онд Саж ламын хэргээр эхлэн 1937 онд оргил үедээ хүрч, 1939 онд бага зэрэг саарсан ч янз бүрийн хэлбэрээр үргэлжилж 1990 оны Ардчилсан хувьсгалтай золгосон. Хилс хэрэгт 18775 лам, мяндагтанг хэлмэгдүүлж, 75 орчим хувьд нь цаазын ял оноосон бол үлдсэн хэсэгт нь хорих ял оноож байжээ. Хэлмэгдүүлэлтийн хар шуурганд өртсөн лам мяндагтан нартай хамт соёлын үнэт өвүүдээ алдаж, оюун санааны их хохирлыг амссан. Цаг хугацаа улиран одохын хэрээр хэлмэгдүүлэлтийн аймшигт түүхийн үнэний учир шалтгаан тодорч бас зарим нь бүдгэрэн уусдаг. Улс төрийн хэлмэгдүүлэлтийн хар түүхийг мартаж үл болно” гэсэн юм.

Мөн тун удахгүй “Нэг хүнийг тахин шүтэхийн хор уршиг" /МАХН-Ы Төв хорооны 1956 оны IV Бүгд хурлын тэмдэглэлээс/ ном уншигчдад хүрэх гэж байна. Түүнчлэн Монгол Улсын Төрийн шагналт, түүхийн шинжлэх ухааны доктор О.Батсайхан, МУИС-ийн профессор, түүхийн ухааны доктор З.Лонжид, Түүхийн ухааны доктор С.Баатар нарын хамтран эмхтгэсэн “Хэлмэгдэл ба цагаатгал” номыг сонсдог ном болгон сонсогч олонд хүргэхэд бэлэн болжээ.

Эх сурвалж www.polit.mn