Т.САЙХАН

Улаанбаатар хотын барилга байгууламжийн газар хөдлөлтийг тэсвэрлэх чадавхын үнэлгээ, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга  мэдээлэл өглөө.

Тэрбээр "Улаанбаатар хотын хэмжээнд 29,000 барилга байгууламж байдаг. Үүнээс 19,000 барилга байгууламж 2002 оноос өмнө, 10,000 нь 2002 оноос хойш баригдсан бүртгэлтэй. Улаанбаатар хот газар хөдлөлтийн идэвхитэй бүс. Сүүлийн үед хотыг тойрсон газар хөдлөлийн хагарлууд дээр эрсдэл үүсэх нөхцөл байдалтай гэсэн дүгнэлтийг Геофизик судалгааны хүрээлэнгээс мэдээлээд байгаа. Хот байгуулалтын хөгжлийн газраас 2010 оноос хойш Улаанбаатар хотын барилгуудын газар хөдлөлтөд тэсвэрлэх чадварын үнэлгээг хийсэн. ҮАБЗ-ийн зөвлөмж, журмын дагуу хийгдсэн. 2010 оноос 2023 оныг хүртэл нийт 944 барилгад газар хөдлөлтөд тэсвэрлэх чадварын үнэлгээг хийсэн байдаг. 2002 оноос өмнө баригдсан нийтийн зориулалттай орон сууц, олон нийтийн барилгуудад уг үнэлгээг хийхээр улсын төсөвт тодорхой хөрөнгө хуваарилсан ажил.

2002 оноос өмнө баригдсан нийт 1,844 орон сууцны болон олон нийтийн барилгууд байна. Үүнээс 1,320 нь орон сууцных.

Олон нийтийн 524 барилгад газар хөдлөлтөд тэсвэрлэх чадварын үнэлгээг хийсэн. Эдгээрээс 354 барилга газар хөдлөлтөд тэсвэргүй, 98 барилгыг хүчитгэх шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан. 2002 оноос өмнө баригдсан барилгуудын ихэнх нь тоосгон барилгууд.Тоосгон барилгуудын хувьд 1950, 1960 онд баригдсан учир эдэлгээ, хугацааны чанараар газар хөдлөлтөд тэсвэргүй гэж үнэлэгдэж байгаа.

Газар хөдлөлтөд тэсвэргүй гэсэн дүгнэлт гарсан барилгууд дээр мэргэжлийн хяналтын ахлах байцаагчийн ашиглахыг хориглосон шийдвэр гарч байна. Энэ шийдвэрийн дараа Нийслэлийн Засаг даргын захирамжаар тухайн барилгыг буулган дахин төлөвлөн барих төслүүд хэрэгжиж байна. Тухайлбал, Хан-Уул дүүрэгт нэхмэлийн шарууд орчмын орон сууцнуудыг шинэчлэн барьсан" гэлээ.

 Эх сурвалж:www.polit.mn