С.УЯНГА

Нийтийн тээвэрт нас, эрүүл мэндийн байдлаар нь ялгаварладаг хүний эрхийн зөрчлийг анзаарч хардаг уу. Автобусны цахим төлбөрийн төхөөрөмжид карт уншуулахад “хөнгөлөлттэй зорчигч”, “ахмад настан”, “хүндэт донор”, “хүүхэд”, “оюутан”  гэж олон түмний өмнө “тусгай” дуут дохиогоор цоллуулахад ямар мэдрэмж төрдөг бол. Тэр бүү хэл иргэнээ “хөгжлийн бэрхшээлтэй” хэмээн томьёолж нийтийн өмнө ялгаварлаж байсан хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл саяхныг хүртэл байв. Харин сүүлд иргэд гомдол санал гарган байж зарим нэршлийг нэгтгэн “хөнгөлөлттэй зорчигч” болгож өөрчилсөн. Гэхдээ “ахмад настан” гэх нэршил хэвээрээ. Нэг ёсондоо энэ хүн бол эрүүл мэндийн шалтгаантай, ажил хөдөлмөр эрхэлдэггүй, төлбөрийн чадваргүй учраас нийтийн тээврээр үнэгүй зорчиж байна гэдгийг нь онцолж, олны нүдэн дээр зарлаж буй хэрэг. Гэтэл олон улсын конвенц, манай улсад мөрдөж буй бүхий л хууль журамд хэнийг ч ямар нэг байдлаар нь ялгаварлан гадуурхаж болохгүй гэсэн заалтууд. Ялангуяа, хүний эрүүл мэндийн нөхцөл байдлыг ямар ч үед нарийн чанд нууцлах ёстой байтал “хөнгөлөлттэй зорчигч” гэх нэршил нь эрүүл мэндийн нууцыг задруулж байгаа нэг хэлбэр юм. Чингэлтэй дүүргийн иргэн А.С “Би хөгжлийн бэрхшээлтэй. Гэтэл автобусны карт уншуулахаар “хөнгөлөлттэй зорчигч” гэж зарладаг нь таагүй мэдрэмж төрүүлдэг. Бусад хүмүүсээс үнэ цэнгүй, хэтэрхий доогуур мэт санагддаг. Хүүхэдтэйгээ хамт явахад бүр ичмээр. Би яахав гэхэд хүүхэд маань хөгжлийн бэрхшээлтэй ээжтэй гэдэгтээ гутардаг ч байж мэднэ. Зарим үед ингэж нэр төрөө гутаан барин явж байснаас мөнгөө төлөөд явдаг юм бил үү гэж боддог” гэсэн юм. Бас нэгэн иргэн “Хэн ч өөрийгөө янз бүрээр олон нийтэд зарлахыг хүсэхгүй шүү дээ. Би 40 гаруй настайдаа оюутан болсон. Сургуулиас оюутны карт аваад зорчиход “оюутан” гэж зарлахад нь үнэхээр ичсэн. Хүмүүс хачин хараад, шивнэлдэж яриад байсан. Тэгээд шууд картаа хаясан” гэв. 


Уг нь хүн бүр хуулийн өмнө адил тэгш бөгөөд ямарваа нэгэн алагчлалгүйгээр тэгш хамгаалуулах эрхтэйг дэлхийн бүх л улс орон дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрдөг. Тэр дунд хөгжлийн бэрхшээлийн улмаас бүх хэлбэрээр ялгаварлахыг хатуу хориглож, үүний эсрэг боломжит бүхий л алхмуудыг хийж байгааг НҮБ-ын конвецид дурдсан. Монгол Улс хэнийг ч ялгаварлахгүй гэсэн Үндсэн хуулийн амин сүнс, цаашлаад Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хуулиар алагчлалгүй нийгэм бүтээнэ гэдгээ баталгаажуулсан. Хүний эрүүл мэндийн мэдээллийг ч мөн адил Үндсэн хууль, олон улсын гэрээгээр хувийн нууц хэмээн хамгаалдаг. Задруулбал, хууль ёсны ашиг сонирхол, нэр төр, алдар хүндэд хохирол учруулсан гэж үзэх үндэслэлтэй. Тиймээс нийтийн тээвэрт төлбөрийн карт уншуулах үед зорчигчдын төрөл, эрүүл мэндийн байдлыг зарлах нь хүний эрхийн зөрчил гэж үзэх үндэслэлтэй. Энэ талаар бид ХЭҮК-оос тодруулахад иргэний гомдлын дагуу Нийтийн тээврийн газарт зөвлөмж өгсөн гэв. Зөвлөмжид “Хөнгөлөлттэй зорчигч гэж хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хэлж байгааг нийтээрээ мэдэх бөгөөд ийнхүү ялгаж дуудах нь иргэдийг нас, эрүүл мэндээр нь гадуурхаж байна” гэдгийг дурдаад холбогдох хууль, олон улсын гэрээ конвенциудыг хавсаргажээ.  


Гэтэл Нийтийн тээврийн газраас “өөрчлөх боломжгүй” гэх хариу ирүүлжээ. Учир нь иргэдийг заавал “хөнгөлөлттэй”, “ахмад настан” хэмээн ангилж, нийтэд ил тодоор зарлахгүй л бол орлого буурч байна гэх бичиг хүргүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, ерөнхий нэршилтэйгээр гурван сар болгоход ахмад настан 24 мянга, хөгжлийн бэрхшээлтэй иргэн дөрвөн мянга, донор 45 болж өссөн. Шугамын орлого сард 284-695 сая төгрөгөөр буурах сөрөг үр дагавартай байна. Тиймээс тусгай нэршлээр нь ялгаж, олон нийтийн хяналт тогтоохоос аргагүй гэжээ. Энэ тайлбарыг “сонссон” ХЭҮК “Орлого буурах гээд байгаа бол хүний эрхийг зөрчихөөс аргагүй юм байна” гээд өнгөрсөн байгаа юм. Үндсэндээ иргэдийн эрхийг хамгаалах чиг үүрэгтэй хамгийн том байгууллагын үнэн царай, нөгөө талд зоос бодохоос биш иргэнийхээ зовлонг ойлгодоггүй төрийн байгууллагууд энэ мэтээр асуудалд хэрхэн хүйтэн хөндий, сэтгэлгүй ханддагийн тод жишээг эндээс харж болно. Уг нь Монгол Улсын ХЭҮК-ын гишүүний шаардлага, зөвлөмжийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй гэсэн тов тодорхой хууль бий. Өөрөөр хэлбэл, комисс хэмээх иргэний эрхийг хамгаалуулах бүрэн эрхтэй данхар бүтэцтэй байгууллагад автобусны карт унших төхөөрөмжинд тохиргоо хийлгэх нь хурууны үзүүрээр л зохицуулчих ажил. Сэтгэл байвал шүү дээ. 


Ингэж ард түмнээ автобусанд алагчилж, ичээдэг орон манайхаас өөр үгүй. Заавал эрүүл мэндийн нууцыг нь задруулан барин орлого олох биш карт унших төхөөрөмжинд ерөнхий, нууцлалтай тохиргоо хийх зэргээр бусад улс орнуудаас аваад ашиглах технологийн хэдэн мянган шийдэл, гарц гаргалгаа бий. Эсвэл нас, эрүүл мэндээр нь алагчилсан хүний эрхийн мэдрэмжгүй нэршлүүдээ нэгтгэн цөөлж, өөр оновчтой байдлаар томъёолж ч болох юм. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 15. ЛХАГВА ГАРАГ. № 53 (7038)