С.САРУУЛ
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс "Нүүрсний" гэх хэргийн шалгалтын явцын талаар  мэдээлэл хийлээ.Тус хэлстийн албаны дарга, ахлах комиссар Б.Батбилэг "Хахууль авсан, мөнгө угаасан, үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй нийт 42 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Гаалийн бүрдүүлэлтгүй нүүрс тээвэрлэсэн, үүний хариуд хахууль авсан, олон улсын ачаа тээврийн С зөвшөөрөл олгохдоо бусдаас хахууль авсан зэрэг нийт 42 яллагдагчид холбогдох гурван хэргийг шалгаж дуусаад шүүхэд шилжүүллээ. Нэгжлэгийг 166 объектод, хүний бие эд зүйлд 437 удаа, 1032 хүнээс гэрчийн мэдүүлэг авсан. Өнгөрсөн хугацаанд мөрдөн шалгах ажиллагаагаар нийт 85 албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан. Үүнд УИХ-ын гишүүн 6, ЗТХ-ийн сайд асан 1, аймаг сумын засаг дарга 4, УИХ-ын гишүүний зөвлөх, гаалийн улсын байцаагч 12, газрын даамал 2, боомтын захиргааны мэргэжилтэн хоёр, ЭТТ ХК-ийн эрх бүхий албан тушаалтан 7 тус тус яллагдагчаар татагдсан.Одоогоор нийт найман хүн цагдан хоригдож байгаа. Үүнээс гадна Улсын хилээр гарахыг хязгаарласан 41, хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг 26 яллагдагчид авсан" гэлээ.

Хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Буянтүмэн "Сүүлийн арав гаруй жилийн хугацааны хэргийг шалгаж байгаа учраас цаг хугацаа их шаардаж байна. Гэхдээ мөрдөгч нар хичээн ажиллаж байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинэ нөхцөлүүд тогтоогдсон. Одоогийн байдлаар 11 мянга гаруй тээврийн хэрэгслийн хилээр нэвтэрсэн мэдээллийг устгасан байна, үүнд мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна" гэв.

Эх сурвалж: www.polit.mn