Б.ОД

Өвөрхангай аймгийн Баян-Өндөр, Бүрд сумын малчин иргэд, нутгийн удирдлагууд Д.Эрдэнэбилэгийн хувьцаа эзэмшдэг уул уурхайн компанид хууль зөрчин олгосон лицензийн талаар өнөөдөр “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ.

Иргэдийн мэдээлснээр Д.Эрдэнэбилэгийн хувьцаа эзэмшдэг “Аурам металс” ХХК-д 2015 онд алт, зэсний ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгохдоо хууль зөрчин усны сан бүхий газар, улсын отрын бүс тусгай хэрэгцээний газартай давхцуулж, иргэдийн саналыг  сонсолгүйгээр олгожээ.

Энэ талаар Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын өндөр настан Б.Баясгалан “Энэ нутагтаа хэдэн үеэрээ амьдарч байгаа хүмүүсийн нэг нь би.Олон голын эх гэж үздэг. Тэр дундаа Сэлэнгэ мөрний эх гэж эртнээс ярьсан. Цаашлаад Хараа, Ерөө голтой нийлдэг. Энэ голын эхэн дээр алт, зэсний ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгож байгаа юм.Тиймээс сөрөг нөлөө ихтэй хэмээн үзэж бид эсэргүүцэж байна. Улаанбаатараас хөдөө рүү чиглэсэн “Хөдөөгийн сэргэлт”-ийг зарласан хэрнээ лицензээс болж ус байхгүй бол амьдрахад хэцүү болно. Манай улс мал дээр тогтох уу, уул уурхай дээр тогтох уу гэдгээ шийдээгүй юм болов уу гэж харж байна. Зарим нь мал аж ахуй, зарим нь уул уурхай дээр тогтоно гэж зөрчилдөж байна” гэв.

Мөн Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын малчин П.Галсандорж “Задгай устай энэ газар дөрвөн улирлын турш нутагладаг хүмүүс яах вэ. Лиценз олгосон газрын ойролцоо тахилгатай хоёр ч уултай газар байгаа” гэсэн юм.

Ийн малчин иргэд Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар, Авлигатай тэмцэх газар, Монгол банкинд гомдол гаргаж, Д.Эрдэнэбилэг нар болон төрийн холбогдох албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар өгч байгаагаа мэдэгдлээ. Мөн Өвөрхангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, УИХ-ын дарга, ерөнхий сайдад дээрх лицензийг цуцлуулах шаардлага хүргүүлж байгаа аж.

 Эх сурвалж:www.polit.mn