Т.САЙХАН

Зам тээврийн хөгжлийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын захирал Х.Пүрэвжаргал" Авто замын даац хэтэрснээс үүдэж замд эвдрэл үүсэж осол, аваар гарах өндөр эрсдэлтэй байна. Улсын хэмжээнд баригдаж байгаа нийт авто замууд хамгийн ихдээ 44 тонныг даахаар хийгдсэн байдаг. Тусгай зориулалтын зам дээр харин том оврын ачаа тээврийн машинаар тээвэр хийх боломжтой. Бусад зам дээр даац хэтрүүлж тээвэр хийсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авч ажиллаж байгаа. Тухайлбал, Зам тээврийн хөгжлийн төвөөс авто замын даац хэтэрсэн асуудлаар ажлын хэсэг гарч ажилласан. Улмаар Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын нутагт орших Баянтээгийн уурхайгаас Орхон аймгийн чиглэлд эрчим хүчний нүүрсийг даац хэтрүүлэн тээвэрлэсэн зөрчлийг илрүүлсэн. Хяналт шалгалтын хүрээнд илэрсэн зөрчилд Улсын ахлах байцаагчийн албан шаардлагыг хүргүүлсэн байгаа. Түүнчлэн улсын чанартай хатуу хучилттай авто замаар ачаа даац хэтрүүлсэн тээврийн хэрэгслийн үйл ажиллагааг шууд зогсоох арга хэмжээ авсан. Манай улсад мөрдөгдөж буй журамд нэг тэнхлэг дээрх жин 11тонн, нийт жин 44 тонн байх ёстой гэж заасан байдаг. Иймд том оврын машинууд стандартад заасан хэмжээнд нийцүүлж тээвэрлэлт хийх шаардлагатай" гэлээ.

Түүнчлэн улсын хэмжээнд энэ жил 1274 км хатуужилтай авто зам, 229 метр төмөр битон гүүр ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Даац хэтэрсэнтэй холбоотойгоор зам засварын ажилд энэ жил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 35 тэрбум төгрөгийг зарцуулахаар төлөвлөсөн. Энэ нь зөвхөн их засварын ажил бөгөөд бусад өдөр тутмын урсгал засвар хийгдээд явж байгаа талаар Зам тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.

Эх сурвалж:www.polit.mn