Б.ОД

Авлигын эсрэг шүгэл ажиллагаа маргаашаас эхлэх талаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд өнөөдөр мэдээлэл өглөө.

Дэд сайд Б.Солонгоо "Иргэд авлигын талаар мэдээлэл өгвөл өөрөө хариуцлага хүлээх үү гэдэг асуудал байдаг. Үүнтэй холбогдуулан гуравдугаар сарын 15-нд эхлэх УИХ-ын чуулганаар шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг батлуулахад ажлын хэсэг бүх талаар дэмжлэг үзүүлж, олон нийттэй хэлэлцүүлэг хийхээр төлөвлөж байна. Иргэдээс авлигын эсрэг шүгэл үлээгчийн мэдээллийг 1111 төв, E-Mongolia болон шүгэл ажиллагаа нэртэй сошиал хуудаснууд, шуудангийн салбар, ажлын хэсгийн гишүүдийн нэр дээр хаягласан баримт бичгүүдийг хүлээн авах боломжтой. Эхний ээлжид 1111 төв дээр долоо хоногийн баасан гараг бүрт шүгэл ажиллагааны талаар мэдээлэхийг хүссэн иргэдтэй 09:00-12:00 цагийн хооронд уулзалт зохион байгуулна. Мэдээлэл авах эхний арга хэмжээ маргааш буюу гуравдугаар сарын 10-нд болно.Шүгэл ажиллагааны хүрээнд иргэдийг ажлын хэсгийнхэнтэй хамтарч ажиллахыг уриалж байна.Иргэд, хувийн хэвшлийнхэн, иргэний нийгэм, сэтгүүлчидтэй хамтарч ажиллана. Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэхэд чиглэсэн тодорхой мэдээлэл ирсэн бол бид нээлттэй байх болно.Ингээд шүгэл ажиллагаа эхэлж буйг мэдэгдэж байна" гэв.

Эх сурвалж:www.polit.mn