Пүрэвдашийн АМГАЛАНБАЯР

 

Дүрэмт хувцсаа тэвхийтэл өмсөж, өөртөө итгэлтэй алхах эмэгтэй бол манай нийтлэлийн баатар цагдаагийн дэслэгч Ж.Пүрэвдаваа байлаа. Тэрбээр Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгчөөр ажиллаж байна. Монголын цагдаагийн байгууллагын нэгэн чимэг нь болж ажил үүргээ гүйцэтгэж яваа эрч хүч, хүсэл тэмүүллээр дүүрэн түүнийг “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Монгол Улсын төлөө” буландаа онцоллоо.

 

ААВЫНХАА ТҮҮЧЭЭ БОЛСОН МӨРДЭСТ ЭМЭГТЭЙ

Ж.Пүрэвдаваа айлын том хүүхэд. Түүний хүүхэд насны хүсэл мөрөөдөл нь цагдаа болох. Цагдаагийн дүрэмт хувцас өмссөн алба хаагчдыг хараад өөрийн эрхгүй энэ мэргэжилд татагдсан гэж байсан юм. Түүний мөрөөдлийн жигүүрийг дэлгэж ирээдүйд хөтөлсөн хүн бол түүний аав. Аав Ж.Жигжидсүрэн нь насаараа цагдаагийн байгууллагад хүчин зүтгэж, өдгөө гавьяаныхаа амралтад гарчээ.  Ж.Пүрэвдаваа 10 жилээ төгсөөд цагдаагийн академид орох хүсэлтэй байсан ч тэнцээгүй байна. Ийнхүү Их засаг олон улсын сургуулийг 2010 онд  эрхзүйч мэргэжлээр төгсчээ. Энэ үед амьдралынхаа ханьтай танилцаж, гал голомтоо бадраан гурван хүүхдийн аав ээж болсон байна. Ээж болсноороо маш уян болж ертөнцийг өөр нүдээр хардаг  болсон гэдгийг хэлж байсан юм. 
Хэдий тэрбээр эрхзүйч мэргэжил эзэмшсэн түүний дотор цагдаа болох хүүхэд насных нь хүсэл мөрөөдөл оршсоор. Хүүхдүүдээ хараад гэртээ суухдаа цагдаагийн мэргэжлийг эзэмших ямар боломж байна, тэр бүхнийг эрэлхийлсээр иржээ. Тэрбээр дээд боловсролтой учраас Архивын ерөнхий газрын сургалтад хамрагдсан тохиолдолд цагдаа болох боломжтойг мэдсэн байна. Тэр үед бага хүүхэд нь гурван нас хүрсэн учраас архивын сургалтад сууж Багануур дүүргийн цэцэрлэгт архивчаар ажиллажээ.

 

31  НАС БОЛ ТҮҮНИЙ ӨӨРИЙГӨӨ ОЛСОН ЦАГ ХУГАЦАА

 2019 онд Дотоод хэргийн их сургуулийн цагдаагийн курсэд сурч, хүүхэд насныхаа мөрөөдлийг 31 настайдаа биелүүлжээ. Ийнхүү зорилгодоо хүрэхийн төлөө  хичээж тэмүүлсэн цаг хугацаа бүрийнхээ үнэ цэнийг хүртэж өнөөдрийн цагдаагийн дэслэгч  Ж.Пүрэвдаваа гэх өөрийнхөө нэгэн ертөнцийг бүтээж чадсан байна. Ажлын гараагаа дэд ахлагч цолтойгоор Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын бичээчээр эхэлжээ. Энэ тухайгаа “Цагдаагийн ерөнхий газрын Дотоод аюулгүй байдлын  хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Манлайбаатарын удирдлага дор ажлын гаргаагаа эхэлж, их зүйлийг сурч мэдсэн цаг хугацаа байсан. Мөрдэстэй дүрэмт хувцас өмсөхөд өөрөөрөө бахархах, огших, аавынхаа мэргэжлийг өвлөж байгаа гэсэн бахархал төрсөн. Дэд ахлагч  цолтой цагдаагийн байгууллагад орсон учраас энэ мөрдэсдээ хайртай. Учир нь миний хүүхэд насны минь мөрөөдлийг биелүүлсэн  үнэ цэнтэй зүйл” гэсэн  юм. Ж.Пүрэвдаваа өнгөрсөн оны  долдугаар сард офицер дамжаанд сураад офицерын бүрэлдэхүүнд орж хэсгийн байцаагчаар зургаан сар ажилласан байна. Шинэ ажил, мэргэжил энэ мөч бүхэн сайханд хөтөлж, олон боломжийг нээсэн амьдралын минь өөрийгөө олсон үе байсан гэдгийг хэлж байсан юм. 


Үнэхээр түүний амьдралын замналаас цагдаа гэх мэргэжлийг ялгаж салгахын аргагүй үнэ цэнтэй зүйл ажээ. Түүнтэй ярилцаж суухад эрч хүч, хүсэл тэмүүлэл оргилох нь үнэхээр энэ мэргэжлийн эзэн юм гэж бодогдож байлаа. Нийтлэлийн баатар маань цагдаагийн курсээ төгсөөд дэд ахлагч цолоо зүүгээд зогсоход аав ээж минь хараад их баярлаж байсан гэлээ. Дараа нь офицерын дамжаагаа төгсөөд “Эрхэм бэлтгэл ахмадад илтгэе. Дэд ахлагч Пүрэвдаваа офицерын дамжаагаа амжилттай төгслөө” хэмээн аавдаа ёсолсон нь түүний амьдралын мартагдашгүй дурсамжийн нэг. Энэ тухайгаа “Офицерын дамжаагаа төгсөхөд аав ээж минь их баярласан. Аавдаа ёслоход хоолой зангирч уйлах гэж байгааг нь хараад өөрөөрөө бахархсан. Дараа нь дэслэгч цолоо авчихаад хамгийн түрүүнд ажил дээрээ очиж дарга нартаа илтгэх байсан ч аавдаа үнсүүлээд гарсан. Аав минь дүрэмт хувцсаа өмсөөд хүлээж байсан. Тэр үед “Би чадсан” гэж өөртөө хэлж байлаа. Хүн зорилгынхоо төлөө тууштай хичээж чадвал хэзээ нэгэн цагт  амжилтад хүрдгийг ойлгосон. Хэдий удаан хүлээсэн ч гэсэн мөрөөдлөө биелүүлж, цагдаагийн бие бүрэлдэхүүний нэг  эс нь болж яваадаа баяртай байдаг” гэлээ. 

 

“ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭГ ТОГТМОЛ ЯВУУЛДАГ”

Нийтлэлийн баатрын маань  амьдралын нэгэн шинэ хуудас бичигдэж өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасагт мөрдөгчөөр ажиллаж эхэлжээ. Хүүхдүүд нь Багануурт өвөө эмээ дээрээ байсан учраас тэнд ажиллах хүсэлтээ гаргасан байна. Гэр бүлийн асуудал тогтвортой болохоор ажил үүргээ гүйцэтгэхэд илүү дөхөм болсон гэдгийг ч хэлж байлаа. Тэрбээр мөрдөгчийн ажил үнэхээр сонирхолтой. Мөрдөгч эрүүгийн, хэрэг бүртгэлийн гэмт  хэргийн шинжтэй дуудлага мэдээлэл хүлээн авснаас хойш бүх мөрдөн шалгах ажиллагааг прокурорын хяналтад хийх ёстой гэсэн юм. 
Багануур дүүргийн хувьд нийслэлээс алслагдмал гурван дүүргийн нэг.  Хүн амын нягтаршил бага учраас гэмт хэргийн гаралт харьцангуй бага байдаг аж. Тус дүүрэг таван хороотой. Цагдаагийн хэлтэс нь 120 гаруй ажилтан, алба хаагчтай аж. Тэрбээр энэ тухай “Манай дүүргийн Цагдаагийн хэлтэс гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол явуулдаг. Дүүргийн хэмжээнд зөрчлийн шинжтэй дуудлага давамгайлдаг. Гэмт хэргийн шинжтэй дуудлага харьцангуй бага. Цагдаагийн ерөнхий газраас явуулж буй цахим орчин дахь  гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга  хэмжээ, аян хүмүүст хүрч байгаа.  Тиймээс хүмүүс харьцангуй ухамсартай  болсон” гэж байв. 

 

“ЦАГДААГИЙН МЭРГЭЖИЛ ТЭВЧЭЭР, ХАТУУЖЛЫГ СУУЛГАСАН” 

Хүний хүмүүжлийн үндсэн суурь гэр бүлээс шууд хамааралтай. Ахуйн архидалт  их болсон. Дуудлагаар очиход хөхүүл эмэгтэй архины асуудалд холбогдсон байхыг хараад эмзэглэмээр санагддаг. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хуулиар хориглоогүй ч зохистой хэрэглэж өөрийгөө хянах хэрэгтэй. Архины хэрэглээгээ хянаагүй тохиолдолд үл ойлголцох, гэмт хэрэг үйлдэгдэх хөшүүрэг болдог. Хэсгийн байцаагчаар ажиллаж байхдаа гэмт хэргийн шинжтэй дуудлагаар очоод аливаа эрсдэлээс бусдыг хамгаалж гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоохдоо мэргэжлээрээ бахархдаг байлаа. Баривчилгааны дараа  “Архи уугаад гэр бүлээ зовоож, гарах том эрсдэлээс  холдуулсанд баярлалаа”  гэж  ухаардаг хүмүүс ч бий. Мөн мөрдөгчөөр ажиллах явцад хэргийг нь шийдээд надад баярлалаа гэж хэлэхийг сонсоод мэргэжлийн үнэ цэнийг мэдэрдэг.  Гэхдээ “баярлалаа” гэж хэлэх хүмүүс ховор л доо. Хүн  аврал эрсэн үедээ цагдаагийн байгууллагад ханддаг. Манай мэргэжил  нийгмийн хар бараан зүйл дээр ажилладаг хэдий ч нөгөө талаас гэгээлэг зүйлсийг авчирдагт үнэ цэн нь оршдог” гэлээ. 


Цагдаагийн ажил ар гэртээ зарцуулах цаг зав багатай  заримдаа шантрах үе гардаг. Гэвч  энэ  салбарын онцлог ийм,  миний дурлаж сонгосон ажил учраас би хэзээ ч ухарч байгаагүй гэдгийг хэлж байлаа.  Тэрбээр “Аливаа зүйл хүний хандлагаас шалтгаалдаг. Тухайн зүйл хэцүү гэж санагдвал хэцүү байна. Болно,  бүтнэ гээд тууштай зүтгэвэл  үр шимийг нь хүртэж чадна гэж  боддог.   Зарим хүн “Яагаад цагдаагийн мэргэжлийг сонгосон юм бэ” гэж асуудаг.  Цагдаа болох миний туйлын зорилго учраас  надад хүмүүсийн энэ асуулт хүнд тусдаггүй. Тушаалын дагуу эрэгтэй албан хаагчтайгаа мөр зэрэгцэн ажилладаг эмэгтэй албан хаагчдаараа бахархдаг. Цагдаагийн мэргэжил тэвчээр, хатуужил, юмыг олон талаас харах зан чанарыг суулгасан. Оройн тоо, парадад алхахдаа  мэргэжлээрээ бахархах сэтгэл төрдөг” хэмээн ажил мэргэжлийнхээ онцлогийн тухай ярьсан юм. 
Өглөө  дүрэмт хувцсаа өмсөөд толинд харахаар өөр хүн болчихсон мэт мэдрэмж төрдөг гэсэн юм. Үнэхээр тэрбээр өөрийнхөө нэгэн шинэ ертөнцийг бүтээж чадсан тууштай эмэгтэй. Эрч хүч, хүсэл тэмүүллээр дүүрэн ийм нэгэн эмэгтэй Монголын цагдаагийн байгууллагын нэгэн эд эс болон ажиллаж буйгаар бахархмаар. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 9. ПҮРЭВ ГАРАГ. № 49 (7034)