"Монголын шилдэг нийтлэл" эрдэм шинжилгээ, судалгааны төв ТББ-аас эрхлэн гаргадаг "Монголын шилдэг нийтлэл" цуврал 99 ботийн 74 дэх дугаар “Эргэлт.мн” мэдээллийн сайтын Ерөнхий эрхлэгч, “Балдорж” шагналт сэтгүүлч Э.Хүрэлбаатарын сэтгүүл зүйн бүтээлээр хэвлэгдэн гарлаа. Монголын шилдэг нийтлэлийн түүвэрт сэтгүүлч Э.Хүрэлбаатарын бичсэн "Хүүгээ тэвэрсэн ээж үхэлтэй тэмцэж урссаар ОХУ-ын хил давжээ" "Зүүн гурван аймгийн хуульгүй ардууд зээрийн сүргээ хүйс тэмтрээд дуусаж байна" "Хөвчийн харыг хаа таарсан газраа өчиггүй бууд" "Замын-Үүдээр зэрлэг адуу мэт чихэлдэн дайрах монголчуудын нэг өдөр" “Би Монгол Улсаа дэлхийн хамгийн том орон гэж боддог буюу Хануйн бага сургуулийн сурагчид”, “Бөгтөр бөхөнгийн мөхөл ирэв үү” зэрэг 36 сурвалжилсан тэмдэглэл, 28 хөрөг, тэмдэглэл бас 25 аян замын тэмдэглэл багтжээ.

Энхбаатарын Хүрэлбаатар нь ажлын гараагаа 2007 онд “Нийгмийн толь” сонины Нийгэм, эрэн сурвалжлах мэдээллийн албанд сурвалжлагчаар эхлүүлж, 2009-2019 онд “Өдрийн сонин”-ы Эрэн сурвалжлах болон Тоймчдын албанд сэтгүүлч, тоймчоор ажиллаж байсан. 2019 оноос “Үндэсний шуудан” сонины Ерөнхий эрхлэгч, 2020 онд “Эргэлт.мн” мэдээллийн сайтыг үүсгэн байгуулж, Ерөнхий эрхлэгчээр ажиллаж байгаа билээ. Тэрбээр Монголын сэтгүүл зүйн шилдгийн шилдэг бүтээлд олгодог БАЛДОРЖ шагналын шилдэг аравт өнгөрсөн жилүүдэд дөрвөн удаа шалгарч, 2015 онд БАЛДОРЖ “Гран при” дээд шагналыг хүртэж байсан чадварлаг сэтгүүлч юм.

"Монголын шилдэг нийтлэл" цувралд багтсан Э.Хүрэлбаатар талаар ийн бичжээ.

ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Х.ЦЭВЛЭЭ: БИЛЭГ ТАНХАЙ АВЬЯАСТАЙ СЭТГҮҮЛЧИЙН ӨЛМИЙД ЯРДАГ ХОРВООГИЙН ЯМАРЧ ГАШУУН ХЭРЭГ ЯВДАЛ ӨВДӨГ  СӨХӨРДӨГ

Хөдөлмөрийн баатар, нэрт сэтгүүлч Х.Цэвлээ:

 

-Э.Хүрэлбаатар бол амьдралын нэн чухал баримтыг гярхай олж хардаг, харсныгаа жинхэнэ эх оронч монгол уран бүтээлчийн өнцгөөс мэдэрч, тэрхүү баримтандаа бүрэн уусан шингэж, зүрх сэтгэлээрээ бичдэг сэтгүүлч. Гуч хүрээгүй насандаа Ц.Балдоржийн нэрэмжит шагнал хүртэж байсан хүн гээд бодохоор яалт ч үгүй билэг танхай авьяастай нэгэн гэдэг нь нэмэлт тайлбахгүй нотлогдоно.

        Э.Хүрэлбаатарын сурвалжилгуудаас эшлэл болгосон бичлэгээс харахад бэлэг танхай авьяас чадвартай, Монголоо гэсэн халуун эх оронч сэтгэл, хүмүүжилтэй энэ залуу сэтгүүлчийн  өлмий дор ямарч ярдаг, зөрүүд хорвоогийн гашуун үнэн хэрэг явдал  өвдөг сөхрөн хоёр гараа өргөн тахимаа өгч байгааг харлаа. Э.Хүрэлбаатарын уран  бүтээл манай шинэ үеийн сэтгүүлчдийн ухаалаг мөн чанар, ариун хүсэл тэмүүллийг тодорхойлж байна. Монголын сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн 99 боть цувралын нэгэн дугаарын орон зай түүнд оногдож байгаа нь зүй ёсны зөв сонголт мөн байна. 

 

СГЗ Т.БААСАНСҮРЭН: ЭРЭН СУРВАЛЖЛАХ СЭТГҮҮЛ ЗҮЙН ЭРЭЛХЭГ ДАЙЧИН БАЙЛДАГЧИЙН БҮТЭЭЛҮҮДИЙН ТУХАЙ ЦУХАСХАН ӨГҮҮЛЭХ НЬ

Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, зохиолч Т.Баасансүрэн:

- Э.Хүрэлбаатар сүүлийн 15 жилийн турш тасралтгүй бичиж байгаа авьяаслаг сэтгүүлчийн нэг юм. Авьяаслаг гэдэг үгийг би энд зориуд онцлон цохож тэмдэглэж буй. Учир нь, тэр 2012-2017 онд манай өдөр тутмын нэр хүндтэй том сонин “Өдрийн сонин”-ы оны шилдэг бичлэгийн шагналыг тасралтгүй 7 удаа хүртсэн байгаа юм. Сэтгүүлч хэний ч хувьд тухайн ажиллаж буй байгууллагынхаа оны шилдэг бичлэгийн шагналыг гардаж авна гэдэг бол хамгийн том үнэлгээ. Сайн бичиж байна гэсэн үг. Үзэг нэгтнүүд дотроосоо ялгарч буйн шинж тэмдэг. Э.Хүрэлбаатар ингэж ялгарч сондгойрч чаджээ, эрэн сурвалжлах сэдэвт цуврал сурвалжилгаараа!

      “Монголын шилдэг нийтлэл” цуврал 99 ботид бүтээлээ оруулах шалгуур тун өндөр. Үндэслэгчид болоод Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн сэтгүүлчдийн нийтлэлүүд нэр заагдан ордог юм. Бас МСНЭ-ийн Жамсраны Цэвээний нэрэмжит шагналт сэтгүүлчид, МЗЭ-ийн Сономбалжирын Буяннэмэх ба Дашдоржийн Нацагдоржийн шагнал хүртсэн, тэрчлэн Цэрэндоржийн Балдоржийн шагналт сэтгүүлчид багтаж байгаа юм. Уг шалгуур үзүүлэлтээр хэмжээд үзэхээр Энхбаатарын Хүрэлбаатар “Монголын шилдэг нийтлэл” цуврал 99 ботид бүтээлээ оруулах эрхтэй болчихсон байгаа юм.  Э.Хүрэлбаатар хаана “халуун цэг” байна, тэнд хүрч ажиллаж чадах үлгэр дууриаллыг үзүүлсээр өдийг хүргэжээ. Цагдаатай, Онцгойгийнхонтой, Мэргэжлийн хяналтынхантай уралдаж очдог байна. Хоцордоггүй, болж өгвөл түрүүлж хүрчих гээд байдаг гэнэ. Чухам үүнд л түүний нийтлэлийн бүтээлүүдийн өндөр үнэ цэн, амт шимт оршдог байна.

Монголд орчин үеийн сэтгүүл зүй үүсч хөгжөөд даруй 110 жилийн нүүрийг үзэж байна. Өнгөрсөн түүхээс нь харахад бичлэгийн бүх төрөл, зүйлээр алдрын оргилд гарсан нь хараахан үгүй. Тэгэх боломж ч бараг үгүй юм. Харин аль нэг жанрыг нь барьж аваад түүн дээрээ дөрөөлөн зүтгэж, түүнийг өөрийн болгож авбал бичлэгийн их мастер болж хувирдаг бололтой. Үүний тод жишээг Гэндэнжамцын Дэлэг, Лодонгийн Түдэвийн аян замын тэмдэглэлүүд, Ш.Цэрэнпилийн хөргүүд, Б.Ганчимэгийн ярилцлага, Ж.Мягмарсүрэнгийн ан амьтны тухай цуврал баталдаг юм. Энхбаатарын Хүрэлбаатарын ирээдүй гэрэлтэй бөгөөд гэгээлэг бас өнгөлөг харагдаж байна. Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн эрэлхэг дайчин байлдагч дүүдээ уран бүтээлийн улам өндөр амжилтыг хүсэн ерөөе.

П.БАТХУЯГ: ХҮМҮҮНИЙ ДУУЛЬ, ХҮМҮҮСИЙГ Л ДУУЛ

ГАРЦААГҮЙ ПҮРЭВХҮҮГИЙН БАТХУЯГ:

 

-  Түүнд нэг онцлог бий. Асуудлыг олон талаас нь задлан бичдэг. Манай уламжлалт сэтгүүлзүйн үйл явдлын логик дарааллыг нарийн баримталдаг бичвэрүүдээс ондоо. Сонирхол татахуйцаар нэрлэсэн дэд гарчиг бүхий хэсгүүдийг холбон найруулдаг. Эхийн нэгдмэл утга агуулсан тэдгээр цогцолбор нь  бичвэрийнхээ үндсэн агуулгатай шугаман бус гэмээр бүтцээр нэгдэж, зохиомжийн хувьд “бөгжин” хэлбэр бүтээдэг. Иж бүрдмэл зохиомжийг чухалчилдаг гэсэн үг. Баримтыг ч мөн адил бичвэрийнхээ дотоод биед тэгш хуваарилж, олон эх сурвалжаас авсан сурвалжилга, ярилцлагуудаар асуудлыг нэмэн нягталж, нийтлэлийнхээ бүтэц, байгууламжийг бүрдүүлдэг, орон зайнаас бус тухайн хэрэг явдал өрнөсөн газар дээр очиж, үнэнийг олж тодруулахыг эрмэлздэг нь чухамдаа Э.Хүрэлбаатарын бичлэгийн онцлог гэж үзэж болно.

      Хүмүүний амьдралаас онцлохыг нь олж, олзуурхмаар дурсамжуудыг дэлгэж бичдэг. Тиймээс л энэ ном бүхэлдээ хүмүүний дууль мэт амьдралын түүх, тийм л ховор эрхэм хүмүүсийн тухай дуулах чин хүслээр дүүрэн байна. Магадгүй орчин цагийн сэтгүүлзүйн “гибрид” шинж, ур чадварын ялгаа, бүтэц зохиомж, үзэл санаа, хэл найруулга, сэдвийн онцлог зэрэг онолын олон асуудал гэхээсээ илүү хүний оршихуйн мөн чанарыг нээн харуулах нь сэтгүүлчийн туйлын зорилго болсон байж мэднэ. Тэгээд л хүмүүний дууль мэт амьдрал, хүмүүсийг дуулахаар тэр зорьж явна. Хүний сэтгэлийн ертөнцийг нээх шиг хүндтэй гавьяа үгүй.

П.ХАШЧУЛУУН: Э.ХҮРЭЛБААТАР: НҮД ДАЛЬДРАХГҮЙ ХАРЖ, ГАР ЧИЧРЭХГҮЙ БИЧСЭН СЭТГҮҮЛЧ

“Өдрийн сонин”-ы тоймч П.ХАШЧУЛУУН:

-Э.Хүрэлбаатар бол сүүлийн 10 гаруй жилд Монголын газар нутаг багадтал хэрэн хэсүүчилж, сурвалжилга, нийтлэл, ярилцлагууд бэлтгэсэн сэтгүүлч юм. Хаа байсан баруун хязгаар Ховдын Булганд цагдаа оролцсон буудалцаан дунд бөгтийн гүйж, зүүн хязгаар Эрээнцавд талын түймэрт өөрийгөө үйчих шахан тэмдэглэл бичиж, Урд хил Замын-Үүдэд алга болсон Сэржмядаг охиныг эрэн хайлцаж, сэтгэл шимшрэм сурвалжилгууд бэлтгэж, хойд хязгаар Хөвсгөлд Монголыг донсолгосон аймшигт хэргийн голд алхаж, Минжийн хангайн битүү тайгад “хүн гөрөөс” болтлоо байгаль хамгаалагчтай нь хамт хонон өнжиж, аврагчидтай Сэлэнгэ мөрөнд живэх шахан эх, хүү хоёрын хойноос явж, авлигачидтай “Өдрийн сонин”-ы хуудсаар зодолдож... за ер нь зав чөлөөгүй ажилласан, явсан, бичсэн, түүнийхээ үр дүнг үзсэн сэтгүүлч.

        Монголын сэтгүүл зүйд гялалзсан амжилт гаргаж, нийгэмд тодорхой байр суурь эзлэхэд 10 жил хангалттай хугацаа гэдгийг Э.Хүрэлбаатар өнөөдөр харуулаад байна. Түүний сайн чанар бол хүлээсэн үүрэг хариуцлагынхаа ард ямарч байсан гардаг. Тэр өнөөдөр асар их мэдээллийн дататай сэтгүүлч. “Ерөөсөө ийм л учиртай юм байна, ах аа” гэж ирээд эхлэх нь мөн ч явдалтай шүү дээ. Хүн сонсмоор, нүд ам нь орой дээрээ гармаар ч юм ярина, гэхдээ хүнд ярьдаггүй, магадгүй өөрт нь халтай байхаар мэдээлэл нь олон юм даа. Энэ бүгдийн эцэст баримт. Баримтаа баталгаажуулахын төлөө өдөр, шөнөгүй ажиллаж байгаа редакцын эзэн бол тэр. “Монголын нийгэмд яг юу болоод байгааг энэ хэмжээнд багцаалж байгаа сэтгүүлч Монголын сэтгүүл зүйн Пулицер болох Балдоржийн шагналыг авалгүй яахав дээ” гэж бодогдох үе бий.

          Өнөөдөр Э.Хүрэлбаатар маань сэтгүүл зүйн бүтээлүүдээсээ эмхэтгэн уншигчдадаа хүргэж эхэлж байгаа юм байна. Ингэх цаг нь болсон. Энэ бол эхнийх нь л ном. Цааш нь эмхэтгэж ном, бүтээл болгох хэдэн зуун материал түүнд бий. Ер нь бол сэтгүүл зүй дэх судалгааны чухал бүтээлүүд шүү.   

Ийм тодорхойлттой, үнэлгээтэй чадварлаг сэтгүүлчийн бүтээл "Монголын шилдэг нийтлэл" цувралд зүй ёсоор багтаж, уншигчдын гарт хүрэхэд бэлэн болжээ. 

Эх сурвалж:www.polit.mn