Хангайн нурууд нь ой модоор хүрээлэгдэж, ханагар дэлгэр хөндийд нь хадлан тариа халиурсан хадган цэнхэр Хараа, Ерөө голууд оволзон цэлэлзэнхэн урсдаг Сэлэнгэ нутаг сайхаан. Бугант тосгоны байгалийн сайхныг магтана гэвэл өвөлдөө цас их унаж, зундаа бороо хур ихтэй жинхэнэ бөөн хүчилтөрөгчөөр амьсгалж, зон олон нь инээдээр цалгиж, хусны анхилуун үнэр үнэртсэн сайхан нутаг билээ л. Хангай нутгийн их хөвчийн үнэр, салхины сэрчигнээн, хүлгийн үүрсээн, бугын урамдах дуу сонсогдсон Бугант сайхан нутаг бол жаргалын өлгий, буцаж хоргодох амьдралын диваажин буюу. Хөрсөн дор нь эрдэнэс нуугдсан, хөвч ойд нь ан амьтад шивээлсэн, уулсын цэнхэр хайрламаар тосгон, улс хотлыг “тэжээсэн” Бугант сууринд 1926 оны 3 дугаар сарын 11-ний тухайн үеийн Засгийн газрын тогтоолоор Хан Хэнтийн салбар уулсын баруун суга – Шарлингаас эх авсан "Хонгорын ам" хэмээх газар мод хөрөөдөх тасгийн анхны суурийг тавьсан байдаг. “Ходоод” гэдэг газар ойн тавдугаар анги гэж байгуулагдаад герман үндэстэн Гексберг гэгч анх ажиллажээ.
Үйлдвэрийн яндангийн дууг анх хөрөө рамын механикч “Хөх” Дэмбэрэл дуугаргаснаар 1966 он хүртэл өдөрт гурван удаа тогтсон цагуудад дуугарч байжээ. Модон заводод зүссэн банзаа 20-40 үхэр тэргэнд ачиж Шарын голын гүүрээр гарч Улаанбаатарт хүргэдэг байж. Тухайн үеийн Аж үйлдвэрийн комбинат, хожим Засгийн газрын ордны барилгын бүх модыг бэлтгэн нийлүүлдэг, иймээс ч Ерөө модон завод нь улсын банкнаас ажилчдынхаа цалинг авдаг хоёрхон үйлдвэрийн нэг байсан бөгөөд Алтанбулаг банкнаас авдаг байжээ. Эх орны дайны хүнд жилүүдэд ч ЗХУ-аас техник тоног төхөөрөмжөөр тусалж 1940 онд С-80 гинжит трактор ирснээр булхайн шар үхрүүдийн нуруун дээр байсан мод цагаалгын хүнд хүчир ажил механикжиж эхэлжээ.
...Ойжуулалтын ажлыг нийтийн хүртээл болгох зорилгоор 1995 онд “Нарсыг үрээр тарьж ойжуулах нь” сэдвээр улсын хэмжээний үзүүлэх сургалт зохион байгуулж мод бэлтгэдэг олон байгууллагуудын хүртээл болголоо. Өнгөрөн одсон цаг үеийн салхинд хийсч, тоосонд дарагдалгүй өөрийн гэсэн өнгө төрх, өөрсдөдөө үүрүүлсэн ачаа, ажил үүргээ зөв тэнцүүлж зорилго чиглэл, зорьсон үйлсээ цогцлоож ирсэн Бугантчууд АЛСЫН ХАРАА-гаа зөв тодорхойлж, үйл ажиллагааны үндсэн чиглэлээ өөрчлөлгүй, шинэ техник технологи нэвтрүүлж цаг үетэйгээ зохицон ажиллаж иржээ. Мод бэлтгэж, тээвэрлэж зүсмэл материал, зүймэл шал, савх, гэр ахуйн өргөн хэрэглээний тавилгууд, ХАА-н бүтээгдэхүүн үйлдвэрлэж эфирийн тос, давирхай, хусны нүүрс, хивс нэхмэл, хүнсний цех ажиллуулж барилга, МАА-н салбарыг хөгжүүлснээр нэг хороо, тосгон төдийгүй улс аймгийн хэмжээний хөгжил дэвшил, хөрөнгө, төсвийн хүрээнд хувь нэмрээ оруулсаар иржээ. 
Монголын аж үйлдвэрийн түүчээ – “Ерөө мод хөрөөдөх газар” нь модон завод, мод бэлтгэлийн аж ахуй, Бугантын ойн модны үйлдвэр, Бугант групп болтлоо өргөжин тэлсээр байна.

 

Нэг. Алтны тухай товчхон буюу Хайгуулчдын Бугант суурин

Хүн төрөлхтөн 7000 шахам жилийн өмнөөс алт буюу “Aurum – үүрийн туяа” гэсэн латин үгнээс гаралтай, хувийн жин ихтэй, гялалзсан шар өнгөтэй, байгаль дээр цэврээрээ тоос үйрмэг, нимгэн хуудас төрхтэйгээр оршигч, уян хатан, давтагдах сунгагдах өвөрмөц чанартай, дулаан цахилгааныг маш сайн дамжуулдаг төмөрлөгийг амьдрал ахуйдаа ашиглаж гоо тансгийг нь магтан дуулж бас гуниг дагуулахад нь эвлэрч л явжээ.
Хүмүүн төрөлхтөн алтны шороон ба үндсэн ордоос 160 мянган тонн алт олборлосон бөгөөд гол нөөц нь да­­лай тэнгисийн нэг шоо метр усанд таван мг алт агуулагдсанаар тэнд тэрбум тонн алт байна гэж үздэг бөгөөд дэлхийн гадаргуугаас доош нэг кило­метрын зузаан бүсэд 5 тэрбум тонн алт агуу­лагдана гэсэн тооцоог эрдэмтэд хийжээ. 
Австралиас 1872 онд олдсон “Холтерманы хавтан” гэгдэх олдвор нь 1,5 метр урт, 286 кг жинтэй байжээ. Монгол орны тухайд 1995 онд Заамарын Хайлаастын ордоос 808 гр, мөн Шарын голын шороон ордоос 351 гр жинтэй алт олдсон байдаг. Монголчууд бид амуу тариа, аяны замаа ч алттай жишин зүйрлэж “Сундуйн Жүд” хэмээх 10 боть номыг 452 кг алт, мөнгөөр бичсэн түүхэн замналтай ард түмэн билээ.
...“Бугантайн анги” гэх энэ л хамтлагтаа эрвийж дэрвийхээрээ чармайж, “алт” хэмээх эрдэнэсийг хайж ажилласан 16 жилд баг болон нэгдэж бүл болон амьдарцгаасан тэд 50 сая шоо метр элс угаагаад 14 тонн алт авч улсын эрдэнэсийн санд тушаасан гэдэг. 1976 оны 8-р сард зөвхөн нэг хоногт 16 кг алт олборлосон тухай, Нарийн голын орчмоос 390 гр цул шижир олдсон тухай мэдээ тэмдэглэгдсэн байна. Он цаг улирч олон жил өнгөрөхөд аливаа бүхэн солигдож, хуучин шинийн өөрчлөлт болдог жамаар аажим аажимхан эхнийх нь элэгдэн, арынх нь эзэлж солигдсоор зорилго нь ижил ч, зүс нь өөр бүлийнхэн залган амьдрал үргэлжилсээр ... одоо хувиараа алт олборлогчид нөхөрлөл болон ажиллацгааж байна. Алт, мод хоёроо харамгүй хайрлах хангайд, ажил амьдрал өрнөсөн суурин газрын төрхтэй Бугант сайхан нутагт “Газрын Гагарин” хэмээн хүндлэгдсэн Ханджавын Содномдаржаа жолоочийн Бугантаас Их алтны анги хүрэхэд Ерөө голыг 13 удаа наашаа цаашаа гатлан, Зүүнхараа явахад 18 удаа гол гардаг гээд бодоход машин жолоодохын урлаг, эзэмшихийн гайхамшгийг бодитоор үзүүлж явсан түүний амжилтаар бахархахаас өөр аргагүй ээ. Бороо цас, шавар намгийг эр зориг, тэсвэр тэвчээр, залуу насныхаа эрч хүчээр даван туулж үр хүүхэд хойч үеийнхэндээ хүндэтгэлтэйгээр дурсагдсан “Бурхан Жолооч”-ийн анхны шан татсан замыг хожим гол зам болгон зассан байдаг. Ямар ч замаар эвийг нь олоод явчихдаг чадварлаг жолооч түүний үр хүүхдүүд нэгэн жарны тэртээд “Шороон ордын хайгуулын анхны Анги” бууриа шавласан тэр л газарт суурьшин амьдарч Ангийн туурийг сэргээж, ахмад үеийнхний дурсамж болон үлдсэн байр байшинг сэргээж орчин үед нийцүүлэн тохижуулж, харж хамгаалж, бүтээн босгож байна. “Бугант нандин” компани нь ойн мэргэжлийн байгууллага болж ойн нөхөн сэргээлт, ойжуулалтыг 340 га талбайд, биологийн нөхөн сэргээлтээр 114 мянган ширхэг нарс, чацаргана, тарьц суулгацыг 50 га талбайд тарьж, техникийн нөхөн сэргээлтийг 72 га талбайд хийж орон нутагтаа хүлээлгэж өгчээ. Ажлын байрыг нэмэгдүүлж, “Мужаан цех”-дээ мод болон хаягдал модоо зөв зохистой ашиглан сийлбэртэй гэрээс авахуулаад ширээ сандал хүртэл 40 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Ахмадуудын амьдарч байсан “коммуны цагаан” нэртэй түүх өгүүлэх, үнэ цэнэтэй байшинг өнгө үзэмжийг тордон үр хойчид дурсамж болгон үлдээхийг зорьж “Хайгуулчин” тоглоомын цогцолбор болгон сэргээв. Тус цогцолборт хашаа, сүүдрэвч, модон тоглоом, хуванцар гулсуур тоглоом, дасгал хөдөлгөөний төхөөрөмж, сагс болон хөлбөмбөгийн талбай, явган хүний зам талбай... гээд хүүхэд залуусын цагаа зөв боловсон өнгөрөөх таатай орчин бүрдсэн билээ. Бугант тосгон хүртлэх зургаан км автозамыг сайжруулан зассаны зэрэгцээ мөн суурингийнхаа дотор айл өрхүүдийн автозамыг ч өргөсгөв. Ийнхүү эцгийнхээ голомтыг сахиж үйл хэргийг нь үргэлжлүүлэн идээшиж дассан нутагтаа ээжийнхээ хамт “Эвлэвэл бүтдэгийн” жишгээр ажиллаж, амьдарцгааж яваа “Газрын Гагарин” Х.Содномдаржаагийн үр хүүхдүүд болон бусад оршин суугчид багахан боловч бие даан товхийтэл тохижсон Ангийн төв, хайгуулчдын амьдардаг эгнэсэн цагаан гэрүүд, агуулах контор, улаан булан, граж зэрэг нүдний өмнө жирэлзэн харагдах суурингаа дурсаж, бугын урамдах, хөхөө донгодох, чоно улих “симфони” чихнээ сонсогдох шиг болох баян хангайгаа дээдлэн хүний гараар бүтсэн бурхны нэгэн бэлгэдэл шүтээн – ХАЙГУУЛЧИН суваргыг бүтээн бий болгосон байна. Санаа нийлсэн хамт олны сэтгэлийн өглөг, зүтгэлээр алтны шороон ордын анхны монгол хайгуулчдын алдрыг мөнхжүүлсэн энэхүү боржин чулуун Сац суваргыг босгоход 108 хүн хандив өргөсөн бөгөөд ахмад хайгуулчин Ш.Пунцагбалжир, Х.Содномдаржаа, Т.Пүрэвжав, Б.Найдан нарын үр хүүхдүүд, үе залгамжлагчдад томоор талархнам. Тиймээ! Геологичдын энэхэн тосгонд ажил ундарч, амьдрал цэцэглэж, айл өрхүүд нэмэгдсээр бас тэдний хойч үе, үр хүүхдүүд өсөн дэгжиж өнөөдөр сайн сайхан явцгааж байна. Усан домогт улиас, уран гоёмсог жодоо, хээнцэр ганган гацуур, хар модон ой, мойл үрэл багсалзсан, монос бургасан шугуй найгасан – Буурал, Хорь, Арав, Булагт, Хожуулт, Чулуут, Нам даваа, Морин даваа – нутгийн өндөр хайрхад дүнхийсэн Бугант сайхан нутагт бууж мордон зочлоорой, байгалийн үзэмжийг мэдэрнэ үү.
Жич: 1998 онд ЭТББ-ын Тэргүүн байхдаа сэтгүүлч миний бие “Эмэгтэйчүүдийн манлайлал” сургалтаар, хожим 2008 онд МХХүрээлэнгийн СЗДКурсыг урилгаар төгсгөсний дараа, улиран одсон 2022 онд ажил хэргийн шугамаар хоёронтоо зочилж нүдний өмнө өргөжин тэлж, өнгөжин хөгжсөн Бугант нутгийн үе үеийн удирдлагууд – Жийгүүр гуай, Оюунцэцэг эгч, Сахьяабазар МУГ эмч, засаг дарга Д. Эрдэнэбулган болон ахмадын хороон дарга Рэгзэд, өндөр настан Даваахүүгийн Эрдэнэхүү гуай, эмэгтэйчүүдийн төлөөлөл Энхсайхан, Долгор, ард олондоо нэр хүндтэй Пүүжээ, түүний гэргий Нараа, худалдагч Энхбаяр, Хувьзаяа хэмээх соньхон нэртэй, гэнэхэн зантай шинэхэн найз, Ганьдарьяа эмчтэй, Цэцэгмаа сувилагчтай эрүүл мэндийн төвийн хамт олонд Шинэ сэргэлтийн бодлогын-шинэ 2023 оны баярын мэндийг өргөн дэвшүүлнэм.
Жич: Сонин хэвлэлтэд шилжих торгон мөчид Сар шинийн босгон дээр Д.Эрдэнэбулган Засаг даргатай Бугант тосгоны Захирагчийн ажлын албаныхан ажил үйлсээрээ аймагтаа манлайлсан нь бас нэгэн тод түүхийн гэрэлт хуудас болон үлдлээ.


Экологийн сэтгүүлч Л.Оюунчимэг

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 3. БААСАН ГАРАГ. № 46 (7031)