Ц.МЯГМАРБАЯР 

 

Уул уурхайн 150 жилийн туршлагатай  “Рио Тинто” групп нь тус салбарт хуримтлуулсан мэдлэг туршлага, технологио Оюу толгойгоор дамжуулан Монголд нутагшуулж байна. Мөн ирээдүйн чадварлаг инженер, техникийн мэргэжилтнүүдийг төрүүлэх, Монгол Улсыг уул уурхайн шинэ мэдлэгийн төв болгохыг зорьж  ШУТИС-тай хамтарч боловсролын салбарт бодит хувь нэмрийг оруулсаар байна. Бүх салбарын хөгжил технологи программ хангамжид суурилж хөгжих нь тодорхой болсон энэ цагт  хоёрдугаар сарын дундуур  “Рио Тинто” групп  ШУТИС-д Геотехникийн судалгааны шинэ лабораторийг  нээж ашиглалтад оруулж хүлээлгэн өгсөн. Харин саяхан “Оюу толгой”-той  хамтран уул уурхайн геотехникийн сургалт,судалгаанд зориулсан компьютерийн иж бүрэн лаборатори байгуулж ШУТИС-д мөн хүлээлгэн өглөө.


Лаборатори хүлээн авах ёслолд “Рио Тинто Монгол” компанийн гүйцэтгэх захирал Х.Амаржаргал,   “Оюу толгой” компанийн  Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалт хариуцсан Ерөнхий менежер Мелисса Шаненганге, БСШУ-ын дэд сайд Г.Ганбаяр, ШУТИС-ийн захирал,доктор профессор Т.Намнан болон  “Оюу толгой”, “Рио Тинто Монгол” компанийн инженер, техникийн ажилтнууд эрдэмтэн багш, оюутны төлөөлөл оролцлоо.  Нээлтийн эхэнд  ШУТИС-ийн Геологи, Уул уурхайн сургуулийн III дамжааны оюутан н.Мөнхдалай морин хуурын ая эгшиглүүлж шинэ лабораторийн жаврыг үргээсэн юм. Түүнчлэн оюутнуудыг төлөөлж  н.Дөлгөөн үг хэлсэн юм. Тэр хэлэхдээ “Оюутан байх хугацаандаа дэлхийн том уурхайнуудад  нэвтэрсэн хамгийн  сүүлийн үеийн 17 төрлийн программ хангамжид суурилсан компьютерийн иж бүрэн лабораторид хичээллэж, төгсөх боломжтой  болж байгаадаа бид баяртай байна. Оюутнууд бие дааж геотехникийн судалгааны лабораторид хийсэн чулуулгийн бүтцийн болон бусад судалгааны үр дүнгээ олон улсын  программ хангамжид  боловсруулж уурхайн хаана гео­техникийн асуудал тулгамдаж байна түүнд тохирсон хариу арга хэмжээг авч хэрэгжүүлэх том боломж бидний өмнө нээгдэж байгаад баяртай байна. Энэ боломжийг олгосон бүх талуудад талархсанаа илэрхийлье” гэв.  


  Энэ үеэр  “Рио Тинто Монгол” компанийн гүйцэтгэх захирал Х.Амаржаргал баяр хүргэж хэлсэн үгэндээ “ 2021 оноос хойш “Рио Тинто Монгол ” компани “Оюу толгой”  ШУТИС-тай хамтран дэлхийн түвшинд өрсөлдөхүйц геотехникийн ажилтнуудыг бэлтгэх сургалтын хөтөлбөрийг шинээр байгуулж ажиллаж эхэлсэн. Энэ хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр судалгааны болон, компьютерийн иж бүрэн лабораторийг байгуулж хүлээлгэн өгч байна. Ингэснээр сургалт, судалгааны ажилд илүү их амжилт, дэвшлийг гаргана гэж найдаж байгаа юм. Учир нь эдгээр лабораторид ашиглагдах программ хангамжууд зөвхөн уул уурхайн салбарт төдийгүй  барилга, дэд бүтэц, инженерчлэлийн салбарын мэргэжилтнүүдийн талархлыг хүлээсэн гол арга хэрэгсэл багаж нь болоод байгааг тэмдэглэж хэлье. Тиймээс дэлхийд өрсөлдөх дараагийн мэргэжилтнүүд эндээс төрнө гэдэгт итгэлтэй байгаа. Түүнчлэн энэ жил /2023 онд/ “Рио Тинто” групп үүсэн байгуулагдсаны 150 жилийн ой тохиож байгаа. Тус групп 35 улсад  үйл ажиллагаа явуулдаг. Монгол Улсад Оюутолгой төслөөр дамжуулан  туршлагаа нэвтрүүлж байна. Удахгүй энэ сарын 13-нд “Оюу толгой”-н гүнийн уурхайн нээлт болно” гэсэн юм. 


Мөн Боловсролын дэд сайд Г.Ганбаяр баяр хүргэж үг хэлэхдээ “Манай улсад өндөр хүчин чадалтай иж бүрэн компьютерийн лаборатори хүлээлгэн өгч байгаа хөрөнгө оруулагч нарт Монгол Улсын Засгийн газрын өмнөөс баярласнаа илэрхийлье. “Монгол Улсад  инженерчлэлийн чиглэлийн 30-40 мянган боловсон хүчний хэрэгцээ шаардлагатай байгаа. Энэ талаар ч “Алсын хараа-2050” бодлогын баримт бичигт тодорхой туссан. Тиймээс боловсролын байгууллагад орчин үеийн дэвшилтэд техник программ хангамжид суурилсан лаборатори ус агаар шиг хэрэгтэй байна. Энэ хэрэгцээ шаардлагыг мэдэрч “Рио Тинто”, “Оюу толгой” компани  ШУТИС-д дэлхийн хамгийн дэвшилтэд уурхайд нэвтрүүлж буй программуудыг ашиглах боломж олгож иж бүрэн компьютерийн танхим хүлээлгэн өгч  буй нь Монгол Улсын бодлогод нийцэж байгаа үйл явдал болж байна” гэлээ. 


Геотехникийн оюутан, профессоруудад ашиглагдах  энэ  компьютерийн лаборатори эдгээр компаниудын "Гурван талт хамтын ажиллагааны гэрээ"-ий хүрээнд  хэрэгжиж буй 2.4 сая ам.долларын санхүүжилттэй хамтарсан төслийн  нэг хэсэг нь юм.  Уул уурхайн амин сүнс болсон геотехникийн салбарт хөрөнгө оруулж, тус лабораторийг нээснээр уг мэргэжлээр сурч байгаа оюутнууд мэргэжлийн программ хангамж ашиглах бүрэн чадавхитай төгсөнө. Түүнчлэн багшлах боловсон хүчний сургалт, судалгааны ажлыг чанаржуулах, ажлын талбар дах судалгааны ажлыг гүйцэтгэх боломжтой болох юм. 
Тус лаборатори нь дэлхийн хамгийн дэвшилтэт уурхайнуудад нэвтэрсэн Rocscience-ийн программ хангамж, судалгаа шинжилгээний хэрэгслүүдийг ашиглан симулъяц хийх, дадлагажих  боломжийг оюутан, багш профессор нарт олгох юм. Тухайлбал, геологийн өгөгдөл дүрслэх “Dips” налуулгийн тогтвортой байдлыг тооцоолох, “Slide”, гадаргуун геометр тэнцвэр тооцох “Swedge” зэрэг 17 төрлийн лицензтэй программд мэргэших аж. Үүний зэрэгцээ талууд 2025 он хүртэл гүний уурхайн үйл ажиллагаанд шаардагдах мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх, үйлдвэрлэлийн явцад гарч болох асуудлыг хамтран шийдвэрлэхээр ажиллаж байгаа юм байна.  

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 2. ПҮРЭВ ГАРАГ. № 45 (7030)