Б.Дамдин-Очир

 

Хэд хоног “дундын бүс”-т аж төрсөн халимаг эр олон нийтийг шуугиулаад авлаа. Түүнийг Боромангнаев Батыр Батырович буюу Бормагнайн Баатар гэдэг. Тэрбээр манай Хөшигийн хөндийд тав хонов. Учир нь паспортынх нь хугацаа 2023 оны хоёрдугаар сарын 22-нд дуусчээ. Тиймээс хилээр нэвтрүүлсэнгүй. Б.Баатар нь Хөшгийн хөндийд байх хугацаандаа Монголын төрд хандаж, улс төрийн орогнол хүссэн өргөдөл бичсэн. 


Уг нь Б.Баатар өргөдөлдөө “...Миний бие 1965 оны нэгдүгээр сарын 3-нд төрсөн. ОХУ-ын иргэн Боромангнаев Батыр Батырович, халимаг монгол хүн. 1987 онд Ломоносовын нэрэмжит Москвагийн Их сургуулийн түүхийн ангийг төгссөн. 1988 онд Халимаг улсад анх удаа бүрэн дунд сургуульд Монгол, Халимагийн түүхийг зааж эхэлсэн. 2012 онд Элиста хотод “Монгол” клубыг үүсгэн байгуулсан. Тэр жилдээ Монгол Улстай Халимаг улсын хамтарсан үйл ажиллагааны гэрээний төслийг боловсруулж, Халимаг БНУ-ын тэргүүн А.Орловт гардуулж өгсөн. Мөн хамтын ажиллагааны чиглэлүүдийг тодорхойлж өгч байсан. Сүүлийн 20 жилийн туршид Хүннү, Сяньби болон бусад эртний нүүдэлчдийн түүхийг Халимагт таниулах үйл ажиллагаа явуулж ирсэн. 2017 онд Монгол Улсад ирж, түүхчидтэй уулзаж, Монголын түүхэн эх газраар аялсан. Сыма Цяний зохиол дотроос бидний өвөг дээдэс монголчуудын төр засгийн түүх Модуны үеэс 1000 жилийн өмнө эхэлснийг олж тогтоосон. Монголын төрт уламжлал 2230 жил биш 3230 жилийн түүхтэй билээ. Оросын орос биш угсаатнуудын эрхийн төлөө тэмцэж, улмаар миний амь нас, эрүүл мэнд, эрх чөлөөнд аюул учирч байсан тул надад Монгол Улсад улс төрийн оргонол олгохыг хүсэж байна” гэж бичжээ. Мөн түүний талаар хэвлэлүүд, эх сурвалжууд “...Бормагнайн Баатар дэлхийн монголчуудын дунд ардчилал, хүний эрх, үндэсний цөөнхийн төлөө тэмцэл, үйлсээрээ нэрд гарсан нэгэн” хэмээн бичиж байна. Ямартай ч ийм нэг Оросоос зугтаж, Монгол руу нэвтрэх гэсэн халимаг эрдэмтэн хүн хилийн цаана хэд хоноод буцлаа. Уг нь түүнийг оруулаад ирэхэд монголчуудын маань хувьд дургүйцэх шалтгаан алга. Харин ч алга таших нь олон байж мэднэ.


Эндээс тэр хүн хэн бэ гэдэг нь бараг л харагдана. Гэвч тусыг эс олов. Монголын төрийн төлөөлөгч нар “..Монголд энэ хүнийг нэвтрүүлэх хууль эрх зүйн боломж байхгүй” хэмээв. Тэгээд өчигдөр өөр улс руу дамжуулан нисгэв. 
Харин халимаг Б.Баатар нэлээд гомдолтой явах шиг боллоо. Тэрбээр уржигдар цахим хуудастаа “... “Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудлын нислэгийн танхимд байна. Хилийн алба Улаанбаатар руу намайг нэвтрүүлэхгүй байна. Миний Орос паспортын хугацаа нислэгийн өмнөх өдөр дууссан. Монголын Хилийн шалган нэвтрүүлэх албаны ажилчид намайг барьж, татаж чангааж, улмаар хүрмийг маань урах шахсан. Намайг “...Гомдол гаргавал шууд Орос руу явуулна” гэж сүрдүүлсэн. Казахстан руу албадан гаргахыг хүссэн. Энэ бол Оросын сөрөг хүчнийг хөөж байгаа үйлдэл гэж би харж байна” гээд араас нь нэлээд ноцтой зүйлүүдийг бичжээ.


Энэ яахав, аргагүй. Өмнөх өдөр нь “Өдрийн сонин”-д “...Монгол Улсыг ардчиллын баянбүрд, эрх чөлөөний арал гэж дотроо итгэдэг билээ. Тийм ч учраас эцсийн найдлага тавьж Монгол руу тэмүүлсэн ч замдаа надаас шалтгаалахгүй гэнэтийн нөхцөл байдал үүсч, паспортын зөрчил гарсанд харамсаж байна” гэж ярьсан байгаа юм. Уг нь бид чинь “...Монгол туургатан”, “..Монгол цустан”, “...Дэлхийгээр тарсан монголчууд минь”, өөр юу юу ч билээ дээ, “...Эндээ гуравхан сая болохоос цуглуулбал 10 сая монгол байна” гээд л цээжээ дэлддэг сэн. 


Ер нь бол манайхан нэг их сүржигнээд, эрхзүй яриад байхгүйгээр “хаалга”-аа нээчих байсан юм. Нэгэнт л паспортынх нь хугацаа дууссан бол хүчингүй гэсэн үг. Хүчингүй паспорттай юм чинь аль ч улсын иргэн гэж хэлэх боломжгүй. 
Тиймээс Үндсэн хуулийнхаа Арваннаймдугаар зүйлийн 4-т заасан “...Үзэл бодол, улс төрийн хийгээд шударга ёсны бусад үйл ажиллагааныхаа улмаас хавчигдан мөшгөгдсөн гадаадын иргэн, харьяалалгүй хүн үндэслэл бүхий хүсэлт гаргавал Монгол Улсад орогнох эрх олгож болно” гэдгийг барьж болох байв. Бүр арга ядахад Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаярт чиглэл өгөхөд л хангалттай. Тэр дарга тодорхой хугацаа заасан түр оршин суух үнэмлэхээр нэвтрүүлчих эрхтэй. Гэтэл дарга нар “..Боломжгүй” гэсэн хариуг өглөө. Тэгвэл бид энэ хууль эрх зүй нь болдоггүй юм бол хүн ёсны “дүрэм журам” барих ёстой байлаа.Хойд хөрш Орос улс ч ингээд гүйгээд ирсэн хүнд иргэншил, паспортаа харамгүй л өгч байгаа харагддаг.  Тэгж гэмээнэ Монгол руу “гүйсэн” түүний бодсоныг нь баталж, бас гадаад ертөнцөд  “...Ардчиллын баянбүрд, эрх чөлөөний арал” гэдгээ дахин зарлах ч байсан юм бил үү, хэн мэдлээ.
 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 2. ПҮРЭВ ГАРАГ. № 45 (7030)