Б.ОД

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас “Юнивишн” ХХК-ийг 1.1 тэрбум төгрөгөөр торгожээ.

"Хяналт шалгалтаар Улаанбаатар хотын бүсэд “телевизийн олон суваг дамжуулах” үйлчилгээнд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоогдсон “Юнивишн” ХХК нь өөрийн давамгай байдлаа хууль бусаар ашиглаж хуулиар хориглосон ноёлох үйл ажиллагаа явуулсан зөрчил тогтоогдсон тул "Зөрчлийн тухай хууль"-д заасны дагуу өмнөх жилийн борлуулалтын орлогын дөрвөн хувьтай тэнцэх буюу нэг тэрбум 163 сая 740 мянга 176 төгрөгийн торгууль ногдууллаа гэж тус газраас мэдээлэв.

"Юнивишн" ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны зургаадугаар сарын 30-ны өдөр баталсан №В22/043 дугаартай үндсэн багцуудын шинэчилсэн нөхцөлд Улаанбаатар хотын бүх орон сууцанд өрхийн үйлчилгээний “S plus” багцыг 39900 төгрөгөөр, гэр хороололд яг ижил үйлчилгээтэй “S plus” багцыг 43900 төгрөгөөр хэрэглэгчдэд дамжуулахаар шийдвэрлэсэн байна.

Өрхийн үйлчилгээний төлбөрийг орон сууц болон гэр хороолол гэж ангилан ялгавартай үнэ тогтоосон нь давамгай байдалтай аж ахуй эрхлэгч өөрийн давамгай байдлаа хууль бусаар ашиглаж хуулиар хориглосон ноёлох үйл ажиллагаа явуулсан үйлдэл юм" хэмээн ШӨХТГ-аас мэдээллээ. 

Эх сурвалж:www.polit.mn