Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА

 

Хэдий эрх мэдэл, эд баялаг байв ч эрүүл биегүй бол зорьсон зорилго, хүсэл мөрөөдөлдөө хүрэхэд хэцүү. Тиймээс л “Эрүүл мэнд эрхэм баян” гэдэг. 
Харин бидний эрхэм баянд чанаргүй эм заналхийлж буй тухай “Зууны мэдээ” сонин “Асуудал Шийдэл-Эрүүл мэнд” буландаа  цувралаар хүргэж байгаа билээ. Бид өмнөх дугаартаа манай улс ихэвчлэн ямар улсаас эмээ  импортоор авдаг тухай болоод үүнд тавьдаг хяналт шалгалтын тухай хөндсөн. Харин энэ удаагийн дугаартаа эмийн гаж нөлөө хүний биед хэрхэн нөлөөлдөг болоод эмийн дээжийг лабораторид хэрхэн шалгадаг тухай сурвалжиллаа. 

 

“ПАРАЦЕТаМОЛЫГ ДЭЛХИЙ НИЙТЭЭР ХОРЬСОН”

Энэ жилийн хувьд өмнөх жилүүдтэй харьцуулахад ханиад дэгдэлт их байгаа тухай мэргэжилтнүүд анхааруулж байгаа юм. Ялангуяа бага насны хүүхдүүдэд их хүнд тусч, амархан хатгалгаа болж байна. Тиймээс ЭХЭМҮТ болон харьяа дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийн хүүхдийн тасаг ачааллаа дийлэхэд хүнд байгаа аж. Харин өрхийн эмч нар арай  хөнгөвтөр өвдсөн хүүхдэд гэрээр хийх эмчилгээ буюу антибиотик бичиж өгдөг. Гэвч хүүхэд хэт их антибиотик ууснаар дархлаа нь суларч, аажимдаа эмийн үйлчлэл авахгүй болдог тухай бид өмнөх дугаартаа мэргэжлийн эмчээс тодруулсан. СХД-ийн IX хорооны өрхийн эмч Б.Ариунжаргал “Ханиад хүрсэн хүүхдэд хүнд хөнгөнөөсөө шалтгаалаад бичиж өгөх жор харилцан адилгүй байдаг. Үнэхээр хүнд туссан бол антибиотик бичихээс өөр аргагүй. Мөн манай эцэг эхчүүд ч эхлээд хүүхдээ дур мэдээд өөрсдөө буруу эмчилчихдэг. Ингээд бүр хүндэрсэн үед нь эмчид хандах нь түгээмэл. Зарим эцэг эх хүүхдээ халуурахад парацетамол өгөөд байдаг. Эмийн сангуудад ч байнга зарах юм. Гэтэл энэ эмийг дэлхий нийтээрээ хориод байгаа шүү дээ. Үүний оронд Нурофен ч юм уу сөрөг нөлөө багатай эм, халуун бууруулах лаа хэрэглэж болно” гэсэн юм. Мөн өнгөрсөн оны сүүлээр ханиадны эсрэг хүүхдэд уулгаж буй сиропны төрлийн эмүүдийг ДЭМБ-аас хориод байгаа ч манай улсад ямар ч хориггүйгээр зарагдсаар байгаа нь Монгол Улс эмийн чанартаа хэрхэн анхаардгийн тод жишээ юм. 

 

ЭМИЙН ЧАНАРЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ТАНДАЛТ СУДАЛГААГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ 

 

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дарга Д.Нарантуяа “2022 оны аравдугаар сарын байдлаар манай улсын хэмжээнд нийт 4310 бүртгэлтэй байна. Түүний 21 хувь нь үндэсний, 79 хувь нь импортынх. Импортын 3407 бүртгэлтэй эмээс европ эм 3338  буюу 98  хувь, уламжлалт эм 69 буюу хоёр хувийг эзэлж байна Мөн Монгол Улсын хувьд 2013 онд ADB төслөөр тоног төхөөрөмж авч суурилуулсан. Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораториос 124 багаж тоног төхөөрөмж хүлээн авснаас 14 тоног төхөөрөмж эвдрэлтэй. Гурван нэрийн тоног төхөөрөмжийг ажилд оруулж, 113  нэр төрлийн тоног төхөөрөмжөөр шинжилгээ хийж байна” гэсэн юм. Мөн эмийн чанарын нарийвчилсан шинжилгээ, хяналт зохицуулалтыг хийхэд хууль эрх зүйн орчин дутагдалтайгаас гадна нэгдсэн байдлаар цахим тогтолцоо бүрдээгүй, чанарын хяналтыг хийх лавлагаа лабораторийн үүргээ гүйцэтгэхэд тоног төхөөрөмж, хүний нөөцийн дутагдалтай, зах зээлийн дараах эмийн чанар, аюулгүй байдлын тандалт хийх төсөв санхүү бүрдээгүй байгаа юм. Цаашид   эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтыг цогцоор хийх эрх зүйн орчныг бүрдүүлэх, эмийн чанар, аюулгүй байдлын зах зээлийн тандалт судалгааг эрчимжүүлэх, эм шинжлэх ба тоног төхөөрөмжийн лабораторийг олон улсын түвшинд хүргэх, эмийн зохицуулалтын байгууллагын ажилтнуудыг чадавхжуулах, сургах, зайлшгүй шаардлагатай байгааг мэргэжилтнүүд онцолж байсан юм. 

 

ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧДЭЭС ЧАНАР НЭХЬЕ

 

Бидний амь нас, эрүүл мэндэд чанарын шаардлага хангахгүй эмийн хэрэглээ заналхийлж байна. Үндэсний аудитын газраас шалгалт хийхэд дотоодод үйлдвэрлэсэн эмийн 18.6 хувь, импортын эмийн 6.1 хувь нь чанаргүй гэдэг дүгнэлт гарчээ. Энэ нь эмийн сангуудаар худалдаалагдаж буй 10 эм тутмын хоёр нь чанарын шаардлага хангадаггүй гэсэн үг. Түүгээр зогсохгүй Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй үнээр олгож буй эмийн 10 хувь нь чанаргүй байх эрсдэлтэй гэж Аудитын байгууллага дүгнэсэн тухай бид өмнөх нийтлэлдээ онцолсон. Манай улсын хувьд эмийн зах зээлд эргэлдэж буй эмийнхээ зөвхөн 20 хувийг дотооддоо үйлдвэрлэж байгаа юм. Тиймээс гадны орноос чанарын баталгаагүй эм авснаас үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж, тэднээс чанар нэхэх нь зүйтэй ч байж болох. Энэ тухай “Эм” холбоо ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Алтанцэцэг “Бид цар тахлын үед дотооддоо 14 сая амны хаалт, 1.2 сая комбинзон, ариутгалын бодисыг үйлдвэрлэсэн байна. Иргэд дотоодын эмийн үйлдвэрийн бүтээгдэхүүнд итгэдэг байх хэрэгтэй. Гадуур эмийн чанар муу, итгэл төрүүлэхгүй байна гэж их ярьдаг. Харин бид өөрсдийн үйлдвэрлэсэн эмийн чанарт 100 хувь баталгаа өгч чадна” гэв. 

 

 

ЭКСПЕРТИЙН ҮГ

 

Үндэсний Аудитын газрын ахлах аудитор Б.Батдэлгэр: ДОЛООН ҮЙЛДВЭР “ЭМ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЗОХИСТОЙ ДАДАЛ”-ЫГ ХАНГАЖ БАЙНА

-Монголд өнөөдөр 44 эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй үйлдвэр байгаагийн дөнгөж долоо нь “Эм үйлдвэрлэлийн зохистой дадал”-ыг хангаж байна. Тэгэхээр дотоодод үйлдвэрлэж байгаа эмийн чанар, баталгаа эндээс харагдана. Импортоор орж ирж байгаа эмийн чанарт ч хяналт тавих ажил хэлбэр төдий байна. Ялангуяа эмийн түүхий эдийг иж бүрэн хянаж чадахгүй байгаа юм. Хаанаас гаралтай, ямар нөхцөлд хадгалж, бэлтгэсэн түүхий эдээр эм үйлдвэрлэж байна вэ гэдэг мэдээлэл байхгүй. Аудитын явцад лабораторийн хяналт хийхэд шаардлагатай урвалж бодисгүй, тоног төхөөрөмжүүд нь эвдэрчихсэн зэрэг шалтгаанаар эмийн чанарыг баталгаажуулж чадахгүй байсан.

 

СХД-ийн VIII хорооны эмч Н.Сарантуяа: АНТИБИОТИК НЬ  ХҮНИЙ БИЕД АШИГТАЙ НЯНГУУДЫГ УСТГАДАГ

-Антибиотикийг эмчийн зааваргүйгээр хэрэглэх нь эмчилгээг үр дүнгүй болгодог. Хэт их хэрэглэснээр аливаа өвчний эдгэрэлт удааширч, улмаар амь насанд ч аюултай. Мөн бага тунгаар удаан хугацаагаар эсвэл эмчилгээний үргэлжлэх хуга­­цааны турш бүрэн хэрэглэхгүй дутуу орхисноос антибиотикийн дасал үүсдэг. Хэрэв ямар нэг антибиотикт дасалтай болсон бол тэр антибиотик төдийгүй түүнтэй адил бүлгийн бусад эм ч үйлчлэхгүй болох аюултай. Антибиотик нь  зөвхөн өвчин үүсгэх нянг устгаад зогсохгүй, хүний биед ашигтай бусад нянгуудыг устгаж мөөгөнцөр, вирус зэрэг бичил биетэнг үржих боломжийг бүрдүүлдэг.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 1. ЛХАГВА ГАРАГ. № 44 (7029)