С.УЯНГА

 

Малчид өвлийг зутруухан давлаа. Нийт нутгийн 80 гаруй хувь нь цастай. 21 аймгийн талаас илүү нь өвөлжилт хүндэрч, зарим нутагт мал бэлчээрлэх боломжгүй болсон хүндхэн нөхцөл байдалтай хаврын тэргүүн  сартай золголоо. Өвлийн дунд үед гэхэд Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтай, Ховд, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Хэнтий, Төв, говийн гурван аймагт өвөлжилт хүндрээд байсан. Зөвхөн Хэнтий аймагт л гэхэд  Увс, Завхан, Говь-Алтай зэрэг 10 аймгийн 545 айл отроор өвөлжихөөр очжээ. Ийнхүү урин цаг хаяанд ирсэн ч тайвшрах болоогүй. Малчдын хамгийн чухал үе бол мал төллөх хоёр сарын хугацаа. Гуравдугаар сар гарсан ч хаваржилт хүндэрвэл өвлөөс илүү аюултай. 


Тэгвэл цаг уурын байгууллагын мэдээлснээр хоёрдугаар сарын дунд үед нийт нутгийн 60 гаруй хувь нь цастай. Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн өндөрлөг уулсаар 21 см-ээс их, Увс, Ховд, Завхан, Төв аймагт 21-23 см зузаан цас тогтжээ.  Гуу жалга, хунгарласан газартаа 15-30 см давсан байна. Мөн аймгуудын зудын байдалд үнэлгээ хийхэд 10 аймгийн 23 суманд цагаан зуд, 13 аймгийн 41 сум цагаанаар зудархуу байна гэсэн дүгнэлт гарчээ. Өөрөөр хэлбэл, 10 гаруй аймгийн 60 гаруй суманд хаваржилт хүндэрч мэдэхээр байна. Тухайлбал, Баян-Өлгийн Сагсай, Увсын Тэс, Давст, Түргэн, Өндөрхангай, Ховдын Алтай, Үенч, Булган, Говь-Алтайн Жаргалан, Завханы Тэс, Баянхонгорын Жаргалант, Эрдэнэцогт, Өвөрхангайн Хайрхандулаан, Төвийн Эрдэнэ, Өндөрширээт, Зуунмод, Баянчандмань, Сүхбаатарын Асгат, Халзан, Наран, Хэнтийн Өмнөдэлгэр, Хэрлэнд нягтарч хатуурсан зузаан цастайн улмаас цагаан зуд болох нөхцөл бүрдсэн гэсэн дүгнэлт гарч. 


Харин Баян-Өлгийн Булган, Увсын Малчин, Улаангом, Сагил, Баруунтуруун, Говь-Алтайн Хөхморьт, Завханы Баянхайрхан, Улиастай, Тосонцэнгэл, Цэцэн-Уул, Сантмаргац, Сонгино, Баянтэс, Яруу, Түдэвтэй, Баянхонгорын Галуут, Архангайн Хангай, Цахир, Өвөрхангайн Хархорин, Есөнзүйл, Хужирт, Хөвсгөлийн Алаг-Эрдэнэ, Цагаан-Үүр, Цэцэрлэг, Ренчинлхүмбэ, Сэлэнгийн Хүдэр, Хушаат, Түшиг, Ерөө, Сүхбаатар, Төвийн Алтанбулаг, Угтаалцайдам, Баян, Улаанбаатарын Багануур, Хэнтийн Жаргалтхаан, Баян-Овоо, Өмнөдэлгэр, Цэнхэрмандал, Сүхбаатарын Дарьганга, Дорнодын Хэрлэн, Булган Халхголд зузаан цастайн улмаас цагаанаар зудархуу байна.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 28. МЯГМАР ГАРАГ. № 43 (7028)