Баярмэндийн ДОЛЖИНЖАВ

 

“Дэлхий бүхэлдээ утаагаар амьсгалж байна”, “Энэ нийгэмд хүүхэд бид утаанаас айж амьдарч байна”, “Аймшигт утаагаар дүүрсэн ертөнцөд ганцхан мод  л биднийг аварч чадна”, “Хүний буруутай үйл ажиллагаанаас болж ан амьтанд юу ч үлдсэнгүй”. Энэ бол шинэ үеийнхэн буюу Z үеийнхэн агаарын бохирдлын хор уршгийг хэрхэн мэдэрч байгаагаа илэрхийлсэн зургийн тайлбар үгс. Хаана, ямар барилга байгаа нь үл мэдэгдэм болтол суунагладаг Улаанбаатарын өтгөн хар утаа шинэ үеийнхнийг гэрээсээ гарахаас айдаг болтол нь “түгжсэн” талаар тэд учирлан ярьж байна. 
Томчууд “Утаанаас болж эрүүл мэндээрээ хохирч байна. Энэ улсад амьдрах арга алга. Засгийн газар огцор” гэдэг бол хүүхдүүд “Утаанаас болж бид хөгжиж чадахгүй байна. Модоо тарьж, алхаж, хогоо ангилан ялгаж агаарын бохирдлыг бууруулцгаая” хэмээн уриалж байна. Дээрх хоёр өгүүлбэрээс техник технологийн ид хөгжлийн өмнөх ба дараагийн үеийхний сэтгэлгээний эрс өөрчлөлтийг ажиглаж болно. Зарим хүмүүсийн “залхуу, туйлбаргүй, ёс зүйгүй” хэмээн шүүмжилдэг Z үеийнхэн дан ганц улсынхаа төлөө биш эх дэлхийн сайн сайхан, ирдээдүйн төлөө санаа зовниж дуу хоолойгоо илэрхийлдэг болтлоо хөгжиж дэвшсэнийг та анзаарсан уу. Шинэ үеийнхэн ажилгүйдэл, ядуурал бус уур амьсгалын өөрчлөлт, эх дэлхий, бидний гараг гэсэн өргөн хүрээний сэдвийг ярьдаг. Үүнийхээ төлөө ч үйлдэг хийдэг болсныг уншигч та хэдийнэ мэдэрсэн болов уу. Ийнхүү бүс нутгийн агаарын бохирдлыг бууруулахад хүүхдүүдийн дуу хоолойг сонсох “Green generation-Ногоон үе” хүүхдийн чуулга уулзалтаас хийсэн сурвалжлагаа хүргэе.
Ази, Номхон далайн агаарын бохирдлын эсрэг өндөр дээд хэмжээний уулзалтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс хамтран  гуравдугаар сарын 2, 3-нд Улаанбаатар хотод зохион байгуулахаар болсон билээ. Энэ уулзалтад хүүхдийн дуу хоолойг хүргэх, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хүүхдүүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор“Green generation-Ногоон үе” хүүхдийн чуулганыг баасан гарагт зохион байгуулав. Энэ үеэр сурагчдын төлөөлөл агаарын бохирдлын хор уршиг хийгээд хэрхэн сэргийлэх талаар өөрсдийн байр суурийг илэрхийллээ.

 

М.Бэхбат: Агаарын бохирдлыг бууруулахын төлөө хүүхдүүд олон зүйл хийж чадна

 

11-р ангийн сурагч М.Бэхбат  Улаанбаатараас 130 километрийн зайтай Багануур дүүргийн “Боловсрол” цогцолбор сургуульд суралцдаг. Түүний амьдарч буй дүүрэг хотын төвөөс алслагдсан, хүн ам цөөтэй боловч агаарын бохирдол нь Улаанбаатараас төдийлөн бага биш гэсэн судалгааг танилцуулав. Нүүрсний уурхай, гэр хороолол хоёрын дунд дүүргийн төв нь байрладаг, 8000 гаруй хүн амтай ч 5000 гаруй тээврийн хэрэгсэлтэй зэргээс үүдэн нь утаа их байдаг юм байна.

 


Энэ талаар М.Бэхбат “Манай дүүргийн хүн амын 60 гаруй хувь нь гэр хороололд амьдардаг. Нүүрсний уурхайгаас гадна хоёр айл тутмын нэг нь машинтай. Эдгээрээс ялгарах утаа нь амьсгалах орчноос эхлээд сурч хөгжихөд сөргөөр нөлөөлдөг. Тиймээс энэ бохирдлыг бууруулахын тулд залгасан бол салга, асаасан бол унтраа гэсэн дүрмийг гэр, сургууль, ажил гэсэн бүх газар баримтлахыг уриалж байна. Хогийг ангилж, дахин ашиглаж болно гэсэн онолыг бага ангид зааснаас бус практик дээр хийж үзээгүй. Тиймээс цэцэрлэг, сургууль гэсэн аливаа зүйлийг амархан ойлгодог үеэс нь сүүний саваар ятга хийх, жигнэмэгний төмөр саваар бөмбөр хийх гэсэн хичээлийн хэрэглэгдэхүүнээ өөрсдөө бэлтгэхэд сургах нь чухал. Хичээлийн дэвтэр дуусахаар ихэнх нь шууд хаячихдаг.Огт бичээгүй хэсгээ нэгтгээд тэмдэглэлийн дэвтэр болгон ашиглах боломжтой. Эцэг эхийгээ уриалаад нийтийн тээвэр, скүүтэр, унадаг дугуйгаар явж, чадвал алхаж хэвшье.Хогоо гурван төрлөөр нь ангилж, айл бүр нэг мод таръя. Хаа ч  явсан усны саваа авч явж нэг удаагийн аяга хэрэглэхээс зайлсхийе.Гэрийнхээ дулаан алдалтыг багасгавал хоёр дахин бага нүүрс түлнэ. Ангиа сайн дулаалаад агаараа сэлгэвэл хичээлдээ төвлөрч чадна. Бид найз нөхөд, гэр бүл, Засгийн газар гэсэн бүх хүмүүст нөлөөлж чадна. Агаарын бохирдлыг бууруулахын тулд дээрх дадлыг хэвшүүлье гэж эхлээд таван найздаа нөлөөлье. Миний таван найз тус бүр таван найздаа нөлөөлөөд нэг хүн 100 гаруй хүнд нөлөөлөх боломжтой. Хүүхэд бүр зөв дадлыг төлөвшүүлж агаарын бохирдлын эсрэг хувь нэмрээ оруулахыг уриалж байна” гэсэн юм.


Тэрбээр салат, өргөст хэмхний шил цуглуулах аяныг сургууль дээрээ зохион байгуулж, цугларсан шилнүүдээ хэмжээ хэмжээгээр нь ангилан үйлдвэрт нь тушаажээ. Үүний үр дүнд сургуулийнхаа оролцооны байгууллагын өрөөг тохижуулсан байна. Мөн сурагчдын ялгасан хогийг үйлчлэгч нар яг тэр чигээр нь  зөөх боломжийг сургууль нь бүрдүүлээд,  ангилсан хогоо дахивар авдаг цэгт тушааж төсөв бүрдүүлэх боломжтойг сургуулийнхаа удирдлагуудад уриалав. Бүх хогийг дахин ашиглах боломжтой гэж М.Бэхбат үздэг. Тиймээс хогоо шатаах бус дахин боловсруулах хандлагыг төлөвшүүлж, бөөгнөрсөн ил хоггүй цэвэр орчныг бүрдүүлэхийн төлөө хамтдаа хичээхийг уриалав.

 

М.Гарьд: Утаа эрүүл мэндийг хохироохоос гадна хөгжихөд саад болж байна

 

Агаарын бохирдлын хүүхдүүдэд үзүүлэх нөлөөг судлахаар цахим судалгаа хийж, 21 аймаг есөн дүүргийн 8100 гаруй хүүхдийг хамруулжээ. Ингэхдээ сурагчид асуултаа өөрсдөө боловсруулж, судалгааны дүнгээ өөрсдөө нэгтгэж зөвлөмж хүргүүлэв.


Энэ талаар Монголын хүүхдийн зөвлөлийн тэргүүн М.Гарьд “Агаарын бохирдол гэхээр гараад утаагаар амьсгалах гэж бид ойлгодог. Гэтэл үүнд дотоод орчны агаарын бохирдол бас ордог.Тиймээс анги доторх агаарын чанар ямар байдгийг судалгаагаар гаргаж ирлээ. Ингэхэд 33 хувь нь ангид агаарын чанар хангалтгүй, сургуулийн гадаа утаатай байдаг гэж хариулсан. Мөн хичээлээ тараад гараад ирэхээр агаарын бохирдлоос гадна хүүхдүүдээ авахаар ирсэн эцэг эхчүүдийн машины утаа, автобусны утаа их байдаг. Үүнээс үүдэн өөрөө болон гэр бүлийнхэн нь өвөлдөө байнга ханиад хүрдэг гэж 40 орчим хувь нь хариулсан. Мөн хувцаснаас муухай үнэр үнэртэж, өвөлдөө гэрээсээ гармааргүй санагддаг гэж хариулсан. Тэгэхээр агаарын бохирдол бидний эрүүл мэндийг хохироогоод зогсохгүй гэрээс гарч хөгжих, нийгэмшихэд сөргөөр нөлөөлж байна гэж дүгнэж болохоор байна. Манай улс түлшний стандарттай болж, мод тарих санаачлагыг дэмжиж,  автомашины зогсоолыг сургуулиас хол байлгаж, сургуулийн ойролцоох томоохон замуудыг хааж, анги бүрт агаар цэвэршүүлэгч байршуулснаар агаарын бохирдлоос сэргийлж чадна. Үүнд Засгийн газарт анхаарч ажиллаасай” гэв.


Харин “Шинэ эхлэл” ЕБС-ийн 12-р ангийн сурагч Х.Халиунгоо “Судалгаанд оролцсон хүүхдүүдийн 73 хувь нь амьсгалж байгаа агаартаа сэтгэл хангалуун бус гэж хариулсан. Үүний ихэнх нь хотын хүүхдүүд байна. Манай сургууль “Модны-2”-т байдаг. Сургууль руугаа явахад өтгөн утаатай, бохирдол маш их байдаг. Судалгаанд хамрагсдын 59 хувь нь надтай ижил зүйлийг мэдэрсэн гэж хариулсан. Яндан, уурын зуухны утаа, ногоон байгууламж хангалтгүйгээс агаарын бохирдол их байна гэж  хүүхдүүд хариулсан. Энэ бохирдлоос сэргийлэхийн тулд маск зүүж, агаарт гарч, дархлаагаа сайн дэмжье, мод тарьж, хогоо ангилж хэвшье гэсэн саналыг сурагчид гаргасан” гэсэн юм.


Агаарын бохирдлын талаарх энэ цахим судалгаанаас гадна 500 гаруй хүүхэд өөрсдийнх нь амьдралд хамгийн ойр агаарын чанарын стандартуудыг судалж, хэрэгжилтийг агаарын чанарын хэмжилттэй харьцуулан үнэлж дүгнэжээ. Эдгээр судалгаа, туршилтын үр дүнд үндэслэн хүүхдүүд агаарын бохирдлын тэдний амьдралд нөлөөлж буй нөлөө болон агаарын бохирдлын эсрэг оруулах хувь нэмэр, тэдгээрт нь шаардлагатай дэмжлэгийн талаар шийдвэр гаргагчидтай зөвлөлдөж, агаар орчны бохирдлоос хамтдаа сэргийлэх уриалгыг гаргаж байгаа юм. Тэд эх дэлхийнхээ насыг уртасгахын төлөө хамтдаа хичээхийг уриалсан юм. Агаарын бохирдлын эсрэг хүүхдийн дуу хоолойг сонсох кампанит ажлуудыг Дэлхийн Зөн Монгол ОУБ, Гүүд Нэйборс ТББ, Монголын Улаан Загалмай Нийгэмлэг, Монголын Хүүхдийн Зөвлөл ТББ, Монголын Скаутын холбоо зэрэг хүүхдийн төлөө байгууллагууд хамтран зохион байгуулж байна.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 20. ДАВАА ГАРАГ. № 41 (7026)