Ц.МЯГМАРБАЯР

 

 “Рио Тинто Монгол” компани Монгол Улсад анхны Уул уурхай геотехникийн туршилт, судалгааны иж бүрэн лабораторийг ШУТИС-ийн дэргэд байгуулж энэ сарын 17-нд ашиглалтад оруулж хүлээлгэн өглөө. Лаборатори хүлээн авах ёслолд дэд захирал Петер Батлер, “Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирал Дэйрдэ Лингенфэлдэр, ШУТИС-ийн захирал, доктор профессор Т.Намнан болон  “Оюу толгой”, “Рио Тинто Монгол” компанийн инженер, техникийн ажилтнууд багш, оюутны төлөөлөл оролцлоо. Манай улсад геотехникийн инженер мэргэжилтэн дутагдалтай байсаар ирсэн. Тэгвэл ШУТИС-д 2019 онд Геотекникийн инженерүүд бэлтгэх шинэ анги нээж байсан бол өнөөдөр эдгээр оюутнууд дэлхийд үнэлэгдэх лабораторид туршилт, судалгаа хийх боломж бүрдэж байна.  Уг лабораторид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн чулуулгийн шинжилгээний төхөөрөмжүүд суурилагдсан бөгөөд багш, оюутан, судлаачдын судалгааны ажлыг үйлдвэрлэлд ойртуулах Монгол орны байгалийн тогтоц, чулуулгийн бүтцийн онцлогыг илүү нарийвчлан судалж үйлдвэрлэлд ашиглах бодит бололцоог бүрдүүлж  байгаагаараа давуу талтай юм. 


Нээлтийн үеэр ШУТИС-ийн Геологи, Уул уурхайн сургуулийн III дамжааны оюутан Т.Хулан “Оюутнууд бид өмнө нь онолоо үзээд туршилт хийх боломжгүй тул дүгнэлтээ хоорондоо яриад өнгөрдөг байсан. Одоо мэргэжлийн лаборатортой болсноор уурхайн бодит дээжийг гараараа барьж  туршилтаа хийж, үр дүнгээ өөрсдөө гаргаж авах боломж бүрдэж байгаа нь  маш том давуу талтай боллоо. Хөрөнгө оруулагч компани болон  лабораторийн бүтээн байгуулалтад оролцсон бүх хүмүүст баярласнаа илэрхийлье” гэсэн юм. 

 


 Мөн Уул уурхайн компаниуд гадны  лабораториудад өндөр зардалтайгаар геотехникийн шин­жилгээ хийлгэдэг. Тэгвэл тус лаборатори ашиглалтад орсноор 2-3 дахин бага зардал гаргаж дотооддоо бүрэн шинжлүүлэх боломж бүрдлээ гэж  ШУТИС-ийн захирал, доктор профессор Т.Намнан нээлтэд үг хэлэхдээ онцолсон юм. Өөрөөр хэлбэл, туршилт судалгаа хийхийн зэрэгцээ бизнесийн чиг баримжаатай үйл ажиллагаа зохион байгуулах боломжтой болж байгаа нь манай улсад өндөр ач холбогдолтой гэсэн юм. Мөн ойрын хугацаанд “Олон улсын чанарын ISO9001,ISO17025” стандартуудын дагуу магадлан итгэмжлэл авч Оюу толгойн ил болон гүний уурхайн дээжүүдэд нэмэлт судалгаа, шинжилгээ хийх нөхцөл бүрдэнэ гэлээ. 

 


“Рио Тинто Монгол” компанийн дэд захирал Петер Батлер “Лабораторийн нээлтэд оролцож байгаадаа туйлын баяртай байна. Энэ лабораторийн бүтээн байгуулалт нь ШУТИС, “Рио Тинто Монгол”, “Оюу толгой” компаниудын гурван талт хамтын ажиллагааны өргөн хүрээний гэрээний нэг хэсэг нь юм. Геотехникийн мэргэжлийн боловсон хүчнийг дотооддоо бэлтгэх уул уурхайн судалгааны төвийг байгуулах 2.4 сая ам.долларын санхүүжилт бүхий хамтарсан төсөл. Нийт санхүүжилтийн тал хувь болох  366 мянган ам.долларыг “Оюу толгой” тал хувийг нь манай компани гаргаж байгаа юм. Тус лаборатори  бий болсноор “Оюу толгой”-н цаашдын үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулах төдийгүй Монгол Улсад уул уурхайн салбар ирээдүйд шинэ түвшинд  хөгжихөд том түлхэц болсон хөрөнгө оруулалт болж байна” гэсэн юм. 


Харин хадагтай Дэйрдэ Лингенфэлдэр “Монгол Улсын уул уурхайн салбарын ирээдүйн шилдэг боловсон хүчнийг бэлтгэхэд энэ лаборатори чухал үүрэг гүйцэтгэнэ. Манай компани ШУТИС-тай хамтран ажиллах цөөнгүй  ажил төлөвсний нэг нь энэ юм. Тус лабораторид сард 17 төрлийн 500 ширхэг чулуулгийн дээж, 300 ширхэг хөрсний дээж, 150 ширхэг геотехникийн дээж шинжилж туршилт хийх хүчин чадалтай” гэж ярьсан юм.  

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 20. ДАВАА ГАРАГ. № 41 (7026)