Бaярмэндийн ДОЛЖИНЖАВ

 

Харвардын их сургуулийн хосуудын асуудлаар төрөлжсөн сэтгэл судлаач гэр бүлд тулгарсан асуудал гэхээсээ илүү нэг нэгэндээ хэлж байгаа үгс харилцаанд хамгийн ихээр нөлөөлдөг болохыг тогтоожээ. Түүний судалснаар ямар найман өгүүлбэр хосуудын харилцаа хөрөхөд нөлөөлдөг болохыг cnbc.com сайтаас орчуулан хүргэж байна.

 

1.Чи надад үнэ цэнтэй хүн биш

Найз залуу эсвэл найз бүсгүйгээ өөрөөсөө дорд үзэх нь тэдний өөртөө итгэх итгэлийг нурааж, улмаар харилцааг эцэслэхэд хүргэдэг байна. Тиймээс “би л хажууд чинь байгаа болохоор чи сайхан амьдарч байна” гэсэн хандлагыг хэзээ ч бүү гаргаарай. Сайхан амьдрал хоёр хүний хичээл зүтгэлийн үр дүнд бий болдог.

 

2.Бүх зүйл зүгээр

Хэн нэгэнд нь ямар нэгэн асуудал тулгарсан үед ярилцахыг хүсэхэд “Бүх зүйл зүгээр” гэж хэлэх нь аливаа зөрчлийг улам хурцатгаж, итгэх итгэлийг бууруулдаг. Тиймээс “Надад хэцүү байгаа ч одоохондоо ярилцахад бэлэн биш байна” хэмээн хэлж тайвширсныхаа дараа ярилцаж байгаарай.

 

3.Их уйтгартай юмаа

Ямар ч өө сэвгүй, төгс хос гэж байхгүй. Тиймээс хэн нэгэн нь муухай үйлдэл гаргасан ч “Чи их уйтгартай, өрөвдөлтэй юмаа” гэсэн сөрөг үгсийг хэзээ ч хэлж болохгүй. Харин “Чиний наад ааш чинь надад таалагдахгүй байна” хэмээн хэлж хэрхэн засах талаар тайван ярилцаарай.

 

4.Би чамайг үзэн яддаг

Тухайн цаг мөчид л үүссэн сэтгэл хөдлөлөөс болж хэлсэн үг таны харилцааг бүхэлд нь сүйрүүлэх аюултай.  Тиймээс хэлэх үгээ нухацтай бодох нь хамгаас чухал.

 

5.Чи муу аав

 Өөрийгөө сайн хүн болгон магтуулахын тулд бид хамтрагчийнхаа сул талыг дөвийлгөх алдаа гаргадаг. Жишээлбэл, хүүхэд нь хэт сахилгагүй байвал “Хэтэрхий их эрхлүүлснээс боллоо. Чи муу аав/ээж” гэсэн үгсийг хэлж нэгнээ гомдоодог. Харин үүний оронд хүүхдийнхээ зан чанарыг хэрхэн засах талаар ярилцаарай.

 

 6.Бараг л галзуурчихжээ

Томоохон асуудал үүсээд маргалдах үед ухаан санаа самуурч, юу хийх, хэлэхээ мартаж орхидог. Яг ийм үед хэн нэг нь “Чи галзуурчихсан юмуу” гэж хэлэх нь нөхцөл байдлыг улам муутгадаг. Тиймээс зарим үед чимээгүй орхиж сураарай.

 

7.Хэтэрхий их анхаарал шаардах юм

Нөхөр эсвэл эхнэр тань хайр, халамж хүсээд байгаа мэт санагдсан үед төвөгшөөхийн оронд “Миний анхаарал халамж чамд хэрэгтэйг ойлгож байна. Гэхдээ яг одоо надад ганцаараа байх шаардлага үүслээ” гэж хэлж сурцгаая.

 

8.Хоёулаа салъя

Асуудал тулгарах бүрт “Би явлаа”, “Хоёулаа салъя” хэлэх нь харилцааны бат бөх байдлыг сулруулдаг. Тиймээс “Бидэнд бодох хугацаа хэрэгтэй”, “Харилцаанд асуудал үүссэн мэт санагдаад байна” гэж хэлж сэтгэлээ нээх нь чухал юм.

Дээр дурдсан найман өгүүлбэрийг хайртай хүндээ хэлэхээс зайлсхийж чадвал таны харилцаа бат бөх, анхных шигээ халуун хэвээр байх болно гэж сэтгэл судлаач зөвлөж байна.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 17. БААСАН ГАРАГ. № 40 (7025)