П.АМГАЛАН

Сар шинийн баярыг угтаж, Монголын Бурхан шашинтны төв- Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам,  Хамба номун хан, гавж Д.Чойжамц "Үзэсгэлэн болгогч" хэмээх усан туулай жилийн сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ.


Тэрбээр “Та бүхнийхээ амар амгаланг айлтгая. XVII жарны “Үзсгэлэн болгогч” хэмээх туулай жил гарч байна. Туулай жилийг монголчууд хөнгөн, уян, зөөлөн гэж билэгшээж үздэг.  Туулай жилд зуд турхан болж байсан түүх ховор. Шинэ жил гарна гэдэг нэг ёсондоо бидний цаг хугацааны үргэлжлэл юм.  Жаран бүгд ёгт нэртэй бөгөөд ёгт нэрээр  утга санааг илэрхийлсэн байдаг. “Үзэсгэлэн болгогч” хэмээх ёгт нэрийн утгыг Цагаан лянхуа сударт "Энэ жил төрсөн хүүхэд их  үзэсгэлэнтэй, ухаан төгөлдөр, буян хийгээд сайн үйлсэд хичээгч нэгэн болно. Залуу гэр бүлд төрөлт арвижихын шалтгаан байна гэж зурагдсан” хэмээв. 


Мөн урган гарч буй усан туулай жилд цаг агаар сайхан, бороо хуртай байна гэж зурхайд тэмдэглэсэн байна. Хавар хийгээд дөрвөн улирлын эхээр хур ихтэй, хүйтэн болох учраас хүйтэн талын өвчин буюу бадгана өвчнөөс сэргийлэх нигууртай аж. Мөн өндөр суудалтан буюу төрийн албан  тушаалтай хүмүүст сайн нөлөөтэй боловч нөгөөтэйгөөр сэтгэл санаа нь түгшүүртэй хэмээжээ.  Дунд суудалтан буюу төрийн албан хаагч, түшмэдэд дунд.  Нялхас буюу ард түмэнд халтай байна. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 17. БААСАН ГАРАГ. № 40 (7025)