Ч.Гантулга 

Нийслэлийн ерөнхий боловсролын нэгдүгээр сургууль 100 жилийн ойгоо тэмдэглэлээ. Монголын ирээдүй болсон хүүхдэд багачуудыг сурган хүмүүжүүлэх үйлсэд зүтгэж буй тус сургуулийн ойн баярын арга хэмжээ баярын хурлаар эхэлж, багш сурагчдын хамтарсан хүндэтгэлийн тоглолтоор үргэлжилсэн юм. Энэхүү үйл ажиллагааны  сэтгэл догдлуулсан мөчийн нэг нь гурван багш гавьяат болох үе байв. Тодруулбал, боловсролын салбарт 40 гаруй жил ажиллаж буй бага ангийн багш Л.Оюунчимэг болон монгол хэлний багш Н.Цэвээн, бага ангийн менежерээр ажиллаж байсан Ц.Цэвээнхүү нар ийнхүү хөдөлмөрийнхөө үр шимийг төрд үнэлүүлээ. Энэ үеэр бага боловсролын сургалтын менежер  Д.Даваасүрэн “Манай сургууль  өнөөдөр гурван гавьяатаа тосож авснаар ийнхүү нийт 20 гавьяаттай боллоо. Анх сургууль маань 40 хүүхэд, дөрвөн багштайгаар үйл ажиллагаагаа эхэлж байсан бол одоогоор 9017 хүүхдэд суурь боловсрол олгосон байна. Манай сургуулийн гол онцлог нь бага ангийн сургалт болон математикийн сургалтдаа түлхүү анхаардаг. Тиймээс сурагчид маань жил бүр уралдаан, тэмцээн, олимпиадад тогтмол амжилт гаргасаар ирсэн” гэв.