XVII-жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн ерөнхий төлөв байдал, өнгө төрхийг уламжлалт судар номонд : Усан туулай жил  ард түмэн өлсөх цангах зовлонгүй өег цатгалан, элдэв төрлийн халдварт өвчингүй,  бие сэтгэл нь амгалан жаргалтай сайхан жил болно. Төр засгийн эрх баригч хаад ноёд төрийн хэргийг хууль цаазын дагуу ёсчлон тэтгэж  чадваас түмэн олон ард иргэд аз жаргалтай, баяр цэнгэл, наадмаар бялхаж, дуу хуур, хөгжим эгшиг аялгуу цуурайтсан дэлгэр сайхан жил гарна хэмээн айлдсан ажээ.
Морилон ирж буй XVII жарны усан туулай жилийн хаврын урь  орох өдөр нь 2022 оны хоёрдугаар сарын 04 өдөр тохиосон бөгөөд энэ өдөр нь билигийн тооллын  өвлийн адаг харагчин үхэр сарын шинийн 14- ний харагчин могой өдөр бөгөөд бямба гараг, найман цагаан мэнгэтэй, уул суудалтай өдөр таарч байна. Иймээс энэ өдрөөр XVII жарны  усан туулай жилийн өнгийг уламжлалт зурхайн аргаар тодорхойлвоос:  Энэ жил нийт нутгаар хур тундас ихтэй, өвс ногооны гарц арвин,  өндөр настан , эхэс дээдэст ээлтэй. Идэр залуучуудад  дунд зэрэг, нялхас хүүхэд багачуудад хатуу ширүүн жил болох магадлалтай нь зурхайд бууж байна.


   Монгол улсын төр засгийн соёрхон батласан уламжлалт Төгс буянт шинэ зурхайн ёсыг баримтлан мөрдөж байгаа  энэ цаг үед бид “Монгол үндэсний цаг тооны бичиг”-т тулгуурлан жил бүрийн Монгол зурхайн цаг тооны бичгийг хэвлэн гаргаж байна. Үүнд Монголын алдарт эрдэмтэн Дамцагдоржийн (1781-1885) төвд хэл дээр  зохиосон “Ертөнцийн сав шимийн байдлын гарал үүслийг товч төдий үзүүлсэн оюуны харангуйг арилгах тодорхой зул” хэмээх  судрыг хавсралт болгон хэвлэсэн нь орчин үеийн одон орны шинжлэх ухаанаар нарийвчилан судалж үзвэл онцгой чухал ач холбогдолтой эх сурвалж бичиг юм.  Тухайлбал уг номын 239-240-р хуудсанд ...Цаг улирлыг өгүүлэх нь хэсэгт:  Замбуу тив,  үүнд галавын эх суурь нь жил байдаг.  Жилийн суурь нь сар, сарын суурь нь хоног мөн бөгөөд жилд бас гэр хоногийн жил, өдөр хоногийн жил, сар хоногийн жил лугаа гурав байна...Амьсгаа сорох, гаргах зургаан нугалбарыг нэг чинлүүр гэнэ. 60 чинлүүрийг нэг мөч, 59 мөч дагалт сэлт нь нэг сарын хугацаа, 60 мөч нь өдөр хоног  1-ийн хугацаа, түүний дээр 52 чинлүүр дагалт сэлт нэмсэн хугацаа нь гэр хоног  1-ийн хугацаа болой. Сар хоногоор өдөр хоногийг орлуулж чадахгүйн эрхээр (учраас) өдөр хоног 59-д , сар хоног 60 оддогоор хоёрдугаар сард нэг хоног тутах бөгөөд тэр нь ердийн эрхэнд  үйлдсэн болой.  Сарын хөл аривдах, хомсдохын эрхээр магадгүй болой. Бас сар хоногоор гэр хоногийг орлож  чадахгүйн эрхээр илүү сар гардаг болой... гэжээ. Гэтэл одоо ч одон зүйн шинжлэх ухаанд өдөр тасрах, давхарлах, илүү сар гаргах арга байдаг. Монгол цаг тооны бичгийг зохиохдоо хоногийг дэлхийн эргэх хөдөлгөөний хугацаа 29, 53 хоногоор, жилийг нарны жилийн сартай харьцуулан нарны 76 жил нь  сарны 940 сартай ойролцоогоор тэнцүү буюу 365, 2422*76=27758.7 ба 29,5306*940=27758,4 болохыг харгалзан 353, 354, 355, 383, 384, 385 хоногтойгоор авч мөн бархас бад гарагийн нарыг тойрох хугацаа  12 (11.862) жил, Санчир 30 (29.458) жил болохыг харгалзсан ажээ. Сарны доторх хоногуудыг ялган тоолоход  тэнгэрийн эрхсүүдийн хөдөлгөөнийг ашиглахаас өөр тохиолдол байхгүй тул ургах шингэх хугацаа болон арвидал, хомсдол нь мэдэгдэхүйц ялгаатай байдаг эрхэс нь сар юм. Нарны ургах шингэх цагийн зөрүү нь хоногт 1-3 минутаас хэтрэхгүй ба үзэгдэх байдлын ялгааг энгийн нүдээр бүү хэл орчин цагийн дуран авайгаар ялгахад ч нэн төвөгтэй юм. Иймд Монгол тоололд сарны доторх өдрүүдийг тогтоохдоо юуны урд сарны 2 гол байрлалыг үндэс болгон авчээ. Энэ нь нар , сар, дэлхий гурав нэг хавтгайд (эклиптикт перпендикулар) дээр орших тэр байрлал буюу сарын төгсгөл битүүн (сар огт харагдахгүй), сарын дунд буюу 15 (сар тэргэл байх) болно. Дээр өгүүлсэнээс сарны сар бүхэл бус 29,53 хоног тул тэргэл, битүүн хоёрыг гол болгон тухайн сарыг хувааж түүндээ зохицуулан өдрийг таслах буюу давхарлан тохиолдуулдаг байна. Ингэхдээ сарны тэнгэрийн мандалдах хөдөлгөөнийг харгалзан тооцоолж гүйцэтгэдэг юм. Сарны тэнгэрийн мандалыг тодорхой хуваасан үл хөдлөх одны гэртэй харьцуулан тухайн тохиолдолд сар аль гэрт багтаж байгаагаар нь хоногийг тодорхойлдог ба зарим тохиолдолд сар нэг одны гэрт хоногийн туршид багтаж байрлах нь буй бөгөөд энэ үед өдөр давхарлах, сар одны гэрийг туулж өнгөрч амжих тохиолдолд өдрийн хасах үйлдлийг хийдэг байна. Энэхүү арга нь орчин үеийн аргатай хэрхэн нийцэж буй эсэхийн гол шалгуур нь нар сарны хэртэх үзэгдлүүд юм. 1747-2046 онуудад нар, сарны бүтэн ба хагас хиртэлт нийтдээ 1433 удаа тохиосон буюу тохиох бөгөөд эдгээр нь бүгд Монгол тооллын 30,15нд таарч байгааг судалгаа харуулж байна. Үүнээс өөр аргачилал бүхий дорны орнуудад энэ үзэгдэлийг голлон авдаггүйгээс манайхтай эдгээр өдрүүд нь нэг хоногоор зөрөх нь бий. Илүү сарыг хэдийд гаргах тухай дээр өгүүлсэнээр нарны 76 жил нь 940 сартай тэнцдэг болохыг харгалзан энэ хугацаанд 48 ердийн жил , 28 илүү сартай жилийг тоолдог. Энэхүү арга нь сар- нарны тоолол бүхий  бүх орны хувьд нийтлэг бөгөөд харин хэдийд илүү сараа тооцон гаргах вэ гэдэг нь ёс, ёсоороо өөр өөр байдаг. Монгол, Төвдийн одон зурхайн ёс нь дан ганц сар хэмээх эрхэсийн хөдөлгөөнд  дулдуйдан илүү сарыг гаргадаг бол Нангиадийн шар зурхайд тодорхой саруудыг илүү болгодог журам ёстой буюу шар зурхайн тоолол нь энэ агуулгаараа зарлигаар тогтоосон тоолол болно.


Үүнээс гадна гурван мянган ертөнцийн орон хэмээн судлаж байсан нь одоогийн одон орон зүйн шинжлэх ухааны  галактика ертөнцийг судлах ухаантай нийцэж байгаа нь нэн сонирхолтой. Нүүдэлчин Монголчуудын энэ онцлог нь эрт дээр үеэс эхлэн амьдрал ахуй нь  байгаль болон сав шимийн ертөнц нь хоорондоо салшгүй нягт шүтэн барилдлага харилцан холбоотой хэмээн үзэж байгаль дэлхийгээ үе дамжин хайрлан хамгаалж ирсэн түүхтэй. Иймээс уламжлалт монгол зурхайн ном судруудыг хайрлан хамгаалах, судлан шинжлэх нь орчин үеийн одон орон судлалд ихээхэн сонирхолтой судалгааны асар их ач холбогдолтой болох нь тодорхой юм. Буянт өвөг дээдсийн үлдээсэн энэ сайхан орчилон ертөнцийн гайхамшигийн нууцийг оюун төгөлдөр хойч үеийнхэн маань уламжлан авч учирийг тайлах цаг нэгэн буй хэмээн гүнээ итгэмой. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 15. ЛХАГВА ГАРАГ. № 37, 38 (7022, 7023)